2013 онд зургаан хүүхдийн амь насаар нааджээ
Халуун сэдэв нэвтрүүлэг “Унаач хүүхдийн амь нас” сэдвийг хөндлөө.
Үндэсний соёл уламжлалаа хадгалан хамгаалж хойч үедээ өвлүүлэх нь бидний зайлшгүй үүрэг мөн. Гэхдээ энэ завсар хүүхдийн амь насыг золиосолсоор байх уу? Гэдэг асуудал зүй ёсоор тавигдаж байгаа. Энэ асуудал сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд яригдаж хүүхдийн төлөө үндэсний газар, хүүхдийн төлөө байгууллагууд асуудлыг хөндөж гаргасны хүчинд тодорхой хэмжээгээр хуулиудад өөрчлөлт оруулж норм дүрэм,стандарттай болсон.
Өөрөөр хэлбэл хүүхдэд хамгаалалтын хувцас, малгай өмсүүлдэг болсон. Мөн амь насны даатгал хийгддэг болсон байгаа. Гэвч өвлийн хүйтнээр морь унуулдаг нь өнөөдрийг хүртэл байсаар байна. Засгийн газрын албан ёсны сайтад 2 сарын 23-ны өдөр Дүнжингарав 2014 уралдаан болно гэсэн мэдээллийг байрлуулсан бол хүүхдийн төлөөх үндэсний газраас энэ зүйлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ.
ХТҮГ: Улсын хэмжээнд 635 уралдаан болсон. Энэ бол сум орон нутаг багийн түвшинд бүх уралдааны нэгдсэн тоо. Уралдаанд давхардсан тоогоор 57 мянга гаран уралдаанч хүүхэд уралдсан юм. Нэг хүүхэд дунджаар 3-5 насны морь унасан гэж үзэхэд 15-20 мянга орчим уралдаанч хүүхэд байна гэсэн үг. Уралдаанд 2013 онд нийт 958 хүүхэд унасанаас 16 хүүхэд хөнгөн гэмтэж, 34 хүүхэд хүнд гэмтэж, зургаан хүүхэд эндсэн тоо баримт байна.
(2-р хэсэг)
ХТҮГ-аас хаврын нэртэй боловч хахир өвлийн уралдааныг болих саналыг гаргаж байна. Унаач хүүхдийн асуудлыг хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, үндэсний баяр наадмын тухай хууль, НҮБ-ээс гаргасан бичиг гэх мэт дөрвөн үндсэн бичиг баримт, хуулиар зохицуулдаг юм байна.
Үүнээс авч үзэхэд 7 болон түүнээс дээш настай хүүхдийг хурдан морь унахыг зөвшөөрсөн байдаг юм байна. Заавал өвлийн улиралд морь уралдуулах гээд байгаа юм бол энэ насыг өндөрсгөх шаардлагатай гэдэг саналыг хүүхдийн төлөө үндэсний газраас гаргаж байна.