2013 онд зохион байгуулсан уралдааны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийжээ
2014.01.29

Өнгөрсөн жил морин уралдаанаас болж зургаан хүүхэд эндсэн гэв

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Дүнжингарав” хаврын бүсийн уралдаан, бусад уралдааныг зохион байгуулах хугацааг хэлэлцэн шийдвэр гаргасантай холбогдуулан Хурдан морины хаврын уралдаан болон 2013 онд зохион байгуулсан уралдааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, авч буй арга хэмжээ, хууль эрх зүйн орчин, уралдаанч хүүхдийн хамгааллын асуудлаар Хүүхдийн төлөө үндэсний газраас өнөөдөр Хэвлэл мэдээллийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Барианд орж буй байдал. Хүүхэд уралдааны замд мориноосоо унасан байдалтай харагдаж байна.

2013 онд улсын хэмжээнд  давхардсан тоогоор 635 уралдаанд 57038 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 958 хүүхэд уралдааны замд мориноос ойчиж, 916 хүүхэд хөнгөн, 34 хүүхэд хүндэвтэр, 4 хүүхэд хүнд гэмтсэн бөгөөд 6 хүүхэд эндсэн байна.

Хүйтний эрч  хорин хэм давсан, хаврын хахир нөхцөлд хурдан морины уралдаан зохион байгуулахаар бүсийн нэртэй уралдааны бэлтгэл ажил хаа сайгүй өрнөж,  замын цасыг түрж, халтиргаа гулгааг арилгах маягтай байна.

Хахир цагийн уралдааны үед хүүхдүүд хамгаалалтын малгай, хувцас өмсөх боломж хязгаарлагдах, бээлий, малгай муу, нимгэн хувцастай уралдах нь түгээмэл байдаг. Орон нутагт олон уралдаан тусгайлан зам засалгүй хээрийн  халтиргаа гулгаатай замд болох нь хүүхэд олноор эрсдэх нөхцөлд хүргэсээр байгаа.

            Уралдааны үед  хүүхэд хайрагдах, хөлдөх, хөлдүү газар мориноос унах тохиолдол олонтаа. Тийм ч учраас өвөл, хаврын уралдаанд хүүхдүүд дуртай биш  болохыг ХТҮГ-аас 2013 оны 03 сард Улаанбаатар хотын ойролцоо амьдарч байгаа хурдан морь унаач хүүхдээс авсан судалгаанаас харж болно.

Морин уралдааны бодит байдал

Зөвхөн 2013 оны хавар эрт болсон хурдан морины 30 гаруй уралдааны мэдээллээс 70 хүүхэд мориноос унаж, 15 хүүхэд хүнд бэртэл авч, Ховд, Дорноговь аймагт 2 хүүхдийн амь эрсэдсэн эмгэнэлт явдал тохиолдсон билээ.

2013 онд Хаврын уралдааны өмнө ХТҮГ-с олон нийтэд хандан хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдэгдэл хийж, хурдан морины уралдааныг хойшлуулах хүсэлт тавьж анхааруулга сануулга өгч ажилласан.  Монголын Морин Спорт, Уяачдын холбоо хаврын уралдааны дээрх эрсдэлийг тооцоолон 3 сарын дундаас 6 дугаар сарын 1 хүртэл хугацаанд морин уралдааныг зохион байгуулахыг түр хориглосон хүүхдэд ээлтэй шийдвэр гаргасан билээ.

Дундговь, Завхан аймагт хүүхэд нас барсан 2 тохиолдол нь морины бэлтгэл ажлын үеэр эрсдсэн байгаа ба зөвхөн уралдах явцад бус уралдааны бэлтгэл ажлаас уралдаан дуусах хүртэлх хугацаанд хамгаалалт, аюулгүй байдалд анхаарах хэрэгтэйг харуулж байна.