Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2014.02.25

Ц.Баярсайхан: Хот төлөвлөлтөд анхаарна

Замбараагүй барилга барих зөвшөөрлийн үр дүнд хотын ерөнхий төлөвлөгөө алдагдсан гэж хэлж болно.

Хэн эрх мэдэлтэй нь хүссэн газраа байшин барилга барьдаг жишиг манайд одоо ч бий. Тэгвэл салбарын яамнаас тусгай зөвшөөрлийн тухай асуудлыг нарийвчилж эрх зүйн орчинг чангатган сайжруулна гэлээ.

Хотын хөгжлийг зөв байлгах хамгийн чухал зүйл бол хот төлөвлөлт. Гэвч манайд хот төлөвлөлт төдийлөн сайн биш гэдгийг олон улсын мэргэжилтнүүд шүүмжилж байсан удаатай. Олон улсын жишигт хотод нэг барилга, нэг зам шинээр тавьсан ч хаана, хэрхэн, юуны зориулалтаар барих гээд олон талаас нь судалж барьж байгуулдаг байна. Энэ нь бүрдэх нөхцөл алга. Эхний ээлжид замбараагүй олгогдоод байгаа газрын болоод байшин барилгын асуудлыг шийдэх шаардлагатай байгаа юм.

БХБ-ын сайд Ц.Баярсайхан:

Барилга хот байгуулалтын яам нийслэлд улсын төсвөөр хэрэгжих хөрөнгө оруулалтыг орон нутагт эрх шилжүүлэх зарчмаар ажиллаж байгаа.

"Газрын харилцаанд тодорхой журмууд гарна. Багц хууль өргөн баригдаад бараг жил болж байна. Хаврын чуулганаар эхний ээлжид хэлэлцэх болов уу гэж бодож байна. Эхний хэлэлцүүлэгт байнгын хорооноос ажлын хэсэг гарсан. Барилга хот байгуулалтын яам нийслэлд улсын төсвөөр хэрэгжих хөрөнгө оруулалтыг орон нутагт эрх шилжүүлэх зарчмаар ажиллаж байгаа.

Өнгөрсөн жил нилээд олон ажлыг шилжүүлж өгсөн. Ялангуяа Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, дүүргүүдэд хийгдэж байгаа инженерийг шугам сүлжээний ажлууд, нийтийн орон сууцны лифтны засварын ажлуудыг орон нутагт шилжүүлсэн. Яамны зүгээс томоохон ажлыг худалдан авах ажиллагааны газраар, бусад ажлуудыг орон нутагт шилжүүлэх чиглэл барьж байгаа" хэмээн хэллээ.

 2013 он бол бүтээн байгуулалтын ажил байсныг төр засгийнхан онцолсон. Гэхдээ барилгын салбарын эрх зүйн орчин болон  хотын төлөвлөлт, барилгын чанарын асуудалд онцгойлон анхаарах хэрэгтэй байгааг олон нийт сануулж байгаа юм. Зөвхөн байшин барилгаар хөгжлийг хэмжиж болохгүй. Барилгын салбарын хөгжлийг чанараар нь харах цаг болсныг хэлж байна.

Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил яригдаж гүйцэтгэх компаниудаа сонгон шалгаруулж байгаа. Барилга хот байгуулалтын яамнаас үүнд онцгойлон анхаарч байгаагаа хэлж байсан юм. Дахин төлөвлөлтийг зөв зохион байгуулах, үр дүнтэй болгохын тулд нийслэлтэй хамтран ажиллах шаардлагатай байгаа гэдгийг салбарын сайд онцолж байсан юм.