Д.Тэрбишдагва: Миний хариуцдаг агентлагууд шинэчлэлийн Засгийн газрын түүчээ болох ёстой
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өчигдөр өөрийнх нь гүйцэтгэх ажлын хүрээнд байдаг МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, СХЗГ, ХААГ, ОӨГ зэрэг зургаан агентлагийн төсвийн ерөнхийлөн захирагч, дарга нартай хамтран ажиллах гэрээ болон, 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталсан юм.
Дээрх агентлагуудын Д.Батмөнх, Т.Дуламдорж, О.Магнай, Г.Гантөмөр, Д.Энхжаргал, Н.Чинбат зэрэг зургаан дарга энэ онд улам шаргуу, шударга ажиллахаа батламжлан гэрээнд гарын үсэг зурсаны дараа Шадар сайд Д.Тэрбишдагва доорх тайлбарыг хийсэн юм.
-Эдгээр зургаан агентлагийн 2013 оны ажлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандарт хэмжил зүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар гээд хэрэгжүүлэгч зургаан агентлагтай хамтарч ажилласан 2013 оны гэрээгээ дүгнэсэн байгаа.
Энэ хоёр сард багтаад бүх агентлагт очиж бүтэн жилд ямар ололт амжилт, алдаа дутагдалтай ажилласан талаар хамт олных нь дунд дүгнэлтээ сонсгоно. Төсвийн ерөнхийлөн захирагч нартай хийсэн гэрээний дагуу ямар зүйл дээр алдаж, оносон талаар хамт олонд нь танилцуулж нэг бүрчлэн явж ярилцана. 2013 оны бидний гэрээний биелэлт боломжийн сайн гэж дүгнэж байгаа.
-Шүүмжлэх алдаа дутагдал бараг л гараагүй хэрэг үү?
-Би сая хэллээ шүү дээ. Эдгээр агентлагийн удирдлагуудын зүгээс гаргасан алдаа дутагдал байвал хамт олных нь өмнө ярилцана гэж. Ажил хийж явахад ямар нэгэн алдаа гарна. Огт ажил хийдэггүй хүн л алдаа гаргадаггүй байх. Харин алдаагаа давтахгүй байх нь л урагшлах, дэвжихийн үндэс болдог. Олсон ололт амжилтаа дурьдахаас гадна цаашид анхаарах зүйлээ зайлшгүй ярилцах ёстой. 2013 он бол шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад бүтэн жил ажилласан анхны он байлаа. Бид бүтэн жилийн хугацаанд байгуулсан гэрээ, төлөвлөгөөний дагуу ажиллалаа.
-Өнгөрсөн онд зохион байгуулж, хийж гүйцэтгэсэн тоймтой ажлаасаа дурьдахгүй юу?
Эдгээр агентлагийн удирдлагуудын зүгээс гаргасан алдаа дутагдал байвал хамт олных нь өмнө ярилцана
-Өнгөрсөн онд “Ард түмэн та хаан” форумыг зохион байгуулж олон нийтэд үйлчлэх хариуцлага, зохион байгуулалтыг бүх шатанд сайжруулах талаар багагүй ажил өрнүүлэн ажилласны үр дүнд зохих амжилт гаргасан гэж дүгнэж байна. Эдгээр зургаан агентлаг бол үнэхээрийн чанд сахилга, зохион байгуулалттай үргэлжийн бэлэн байдалд байж ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг, үүрэг хариуцлагаа цаг үргэлж чин шударгаар биелүүлэх зайлшгүй шаардлагатай газрууд юм.
Өдөр тутмынх нь үйл ажиллагааг аваад үзэхэд л нийгмийн бараг бүх л салбарыг хамарч ард түмэнд шууд хүрч ажилладаг болохоор шударга ёс, ажлын хариуцлага, үүрэг даалгавраа чандлан ухамсарлах гээд олон шалгууртай цаг үргэлж тулгарч байдаг.
-Тэгэхээр таны шууд удирдлага, хамрах хүрээнд багтдаг эдгээр агентлаг өнөөдрийн амьдралаас урган гарч байгаа шаардлага, зорилгод аль хэр нийцэж, нийгэмд ямархуу үр өгөөжтэй ажиллаж байна?
-Бид шинэчлэлийн Засгийн газрын түүчээ болж, маш сайн эмх цэгц, сахилга хариуцлагатайгаар тасралтгүй ажиллах ёстой юм. Ийм ч учраас өнгөрсөн онд олсон ололт амжилтаа бататган энэ 2014 онд өшөө илүү үр дүнтэй, нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэхүйц ажиллах учиртай, тэгэх ч үүрэгтэй. Бүтэн жилийн хугацаанд хамт олныг удирдаж, нэлээд шинэлэг ажил хийцгээсэн ч тавьсан зорилго, хэлсэн үг, ам ажлын нэгдэлд бид цаашид ихээхэн анхаарч ажиллах шаардлагатай болж байна.
Агентлаг тус бүрийн ажлын онцлог, хамрах хүрээ харилцан адилгүй ч бидний ажлын эцсийн үр дүн нь ард түмний амгалан тайван амьдрал, хүн бүрт адил тэгш үйлчилдэг хуулийн хэрэгжилтийг хангуулахад л оршиж байгаа юм.
-Тэгвэл агентлаг тус бүрийн ажлыг цөөн үгээр дүгнэж, хойшид анхаарах зүйлсийг дурьдаж болох уу?
-Онцгой байдлын ерөнхий газраас эхлэхэд өнгөрсөн онд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түүний дотор тоног төхөөрөмжөө сайжруулах чиглэлд онцгойлон анхаарч ажилласныг тэмдэглэж байна. Ганцхан жишээ хэлэхэд Улаанбаатар хотын гал унтраах нийт тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилсэн. Үүний үр дүнд гал, усны аюулын үеийн аврах ажиллагаанд дэвшил гарах нөхцөл бүрдсэн.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын хувьд хэрэглэгч ард түмнийхээ төлөө дайчин, шуурхай ажилласныг онцлон тэмдэглэх ёстой. Эдний ажил дээр ихээхэн дэвшил гарсан ч зарим арга хэмжээний хэрэгжилтэд онцгойлон анхаарах нь чухал байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тухайд бүтэн жилийн хугацаанд давгүй үр дүнтэй ажилласан боловч өөрсдийнхөө хуулийг бүтэн жил боловсруулж, батлуулж дөнгөсөнгүй. Бүтцийн өөрчлөлт хийгдэхгүй байгаагаас болоод хүмүүсийн ажил төрөл цалгардаж байгаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх онцгойлон анхаарах ёстой.
Ер нь 2014 оныг ил тод байдал, шударга ёсыг газар сайгүй мөрдөх, хэвшүүлэх чиглэлд дэвшил гаргасан он болгох ёстой.
Ер нь цаашдаа эрсдэлд суурилсан үнэлгээнд тулгуурлан ард түмнийг хянаж шалган айлган сүрдүүлдэг биш, зөвлөдөг, үйлчилдэг байгууллага болно. Оюуны өмчийн газар нь оюунлаг Монгол, түүний дотор газарзүйн байршлын асуудлыг 2013 онд онцгойлон анхаарч ажилласан. Монголын өвөрмөц байгаль орчинд өсч үржиж байгаа малын гаралтай түүхий эд, ургамал, бусад баялгаа дэлхийн брэнд болгох талаар онцгойлон анхаарч ажилласныг тэмдэглэж байна. Энэ чухал ажлыг 2014 онд ч үргэлжлүүлэн ажиллах ёстой.
Стандарт хэмжил зүйн газрын тухайд өнгөрсөн жилийн хамгийн том ажил нь 6200 стандартад нэг бүрчлэн үзлэг, шалгалт хийж Монгол Улсад мөрдөгдөх стандартыг шинэчлэн боловсруулж байгаа. Энэ 2014 он Монгол Улсад Евро стандартыг хэрэгжүүлэх хамгийн чухал ажлын жил болно гэдгийг Г.Гантөмөр даргад онцгойлон анхааруулж байна. Тийм ч учраас Европын холбооноос хэрэгжүүлэх энэ төслийг дэлхийн хамгийн орчин үеийн стандартад хүргэхийн төлөө ажиллах, стандартын хуулийг боловсруулах зэрэг их ажлын жил болно гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Худалдан авах ажиллагааны газрын тухайд шинээр байгуулагдсан агентлаг. Улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, аливаа тендерийг ил тод байлгах, шилэн тендер гэдэг дээр бид алхам урагшилсан гэж дүгнэж байгаа. Энэ жил хийгдэх гол ажил нь төрийн өмчит компаниудын тендерийг ил тод зарлах асуудал юм. Ер нь 2014 оныг ил тод байдал, шударга ёсыг газар сайгүй мөрдөх, хэвшүүлэх чиглэлд дэвшил гаргасан он болгох ёстой.
-Шадар сайдын хувьд 2014 онд хамгийн гол анхаарч ажиллах салбар, чиглэл тань юу байх вэ?
-Энэ 2014 он бол ямар нэг сонгуульгүй, бүтэн жил бүх л хүч чадлаа дайлчлан ажиллах, шинэчлэлийн Засгийн газрын төлөвлөсөн ажлуудынхаа голыг нугалах хамгийн чухал жил юм. Хариуцлага, сахилга бат, шударга ёс, ард түмэндээ үйлчлэх үлгэр жишээг манай агентлагуудаас эхэлнэ.
“Дэгтэй Монгол дэлхийд манлайлна” гэсэн хэлэлцүүлэг өрнүүлж, үүний дагуу эдгээр зургаан агентлаг дээр бүтэн жилийн нарийн төлөвлөгөөтэй, хяналт шалгалттай ажиллагаанууд явагдах болно. Сая баталсан төлөвлөгөө, гэрээний дагуу манай агентлагууд бусад яам, агентлагуудад үлгэр жишээ болохуйцаар ажиллана гэдэгт итгэл төгс байна. Дараа жилийн өдийд 2014 оны ажлаа дүгнэхэд та бүхнийг байлцаарай гэж урьж байна.