С.Бямбацогт гишүүн Алтайн уулсын хормойд төрсөн уулчин
Энэ удаагийн «Өглөөний хүн» булангийнхаа зочноор Сандагийн Бямбацогтыг онцоллоо. Сүүлийн үед улстөрчдийн дунд 1970-аад оныхон хүч түрэн орж ирлээ» гэсэн яриа бий. Тэгвэл С.Бямбацогт ч эдний нэг. 1974 оны туулай жилтэй, есдүгээр сарын 14-нд төрсөн, охины ордынх. Зочин маань Ховдын унаган хүү. Санхүү эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бизнесийн ухааны магистр зэрэгтэй. Шаггүй бизнесмэн гэгддэг тэрбээр сургууль төгсөөд л ажлын гараагаа эхлүүлж байжээ.
1998-2000 онд «Ховдын өргөө» ХХК-ийн ерөнхий менежер, 2000-2006 онд «Нью прогресс» ХХК-ийн ерөнхий захирал, 2006-2008 онд «Нью прогресс» группийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. 2008 онд УИХ-ын сонгуульд МАН-аас төрсөн нутагтаа нэр дэвшин ялалт байгуулж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан залуухан улстөрчдийн нэг. Түүний хариуцлагатай, идэвхтэй зан чанаруудыг олон түмэн ихэд үнэлдэг юм билээ. Тиймдээ ч олон үүрэгт ажлыг хариуцуулан, удирдуулж итгэл хүлээлгэдэг.
Тухайлбал, Ховд аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Ховд аймгийн Оюутан залуучуудын хөгжлийн төвийн тэргүүн, Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүн, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын Волейболын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт албуудыг хашдаг. Харин парламентын танхимд Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээр ажилладаг. Улстөрч залуугийн хийж бүтээснийг дурдвал нэлээд хэдэн хэвлэлийн хуудас болох биз ээ. Түүний оронд 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2005 онд Монголын үндэсний Олимпийн хорооны «Алтан од» одон, 2005 онд Үйлдвэр, худалдааны Тэргүүний ажилтан, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2008 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан нь хийсэн бүтээснийг нь үнэлсний илэрхийлэл болох байх.
Төрийн түшээгийн их ажлаас гадна С.Бямбацогт гишүүн спортод тун ч элэгтэй гэсэн шүү. Гар бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй түүний хувьд спортын ямар ч төрлөөр хүчээ үзчихдэг гэнэ. Алтайн сүрлэг уулсын хормойд төрж өссөн түүний уул хаданд авирах сонирхол нь Алтай таван богд, цаст Цамбагарав, Мөнххайрхан зэрэг Монголын дээвэр болсон ноён оргилуудад хүргэж, уулын спортоор зэрэг авах хэмжээний тамирчин гэж үнэлэгддэг. Бас ч үгүй урлагт хорхойтойн дээр дуулбал баргийн уран сайханчаас дутахгүй хэмээн дотны нөхөд нь үнэлдэг юм билээ.С.Бямбацогт гишүүнийг туршлагатай удирдагч, сайн улстөрчөөс гадна ханьдаа халамжтай, гурван хүүхдүүддээ сургамжтай эцэг хэмээн ойр дотны залуус үлгэрлэхийг хичээдэг гэсэн. Тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд хуучин тойрогтоо буюу Ховдын 16 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо хийсэн ажилтай хүн, хэлэх үгтэйгээр сонгогч түмэнтэйгээ уулзаж явна. Ховдчууд ч итгэл үзүүлсэн төрийн түшээгээ энэ жил дахин сонгож, ирэх парламентад төрд түмнээ төлөөлөн оролцохыг дэмжинэ гэдгээ илэрхийлсээр байгаа ажээ.