Улс төрийн сүр дуулиант “Од” биш ч орон нутгийн ажил, амьдралаа дэндүү мэддэг нь түүний давуу тал
2012.05.30

Улс төрийн сүр дуулиант “Од” биш ч орон нутгийн ажил, амьдралаа дэндүү мэддэг нь түүний давуу тал

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг энэ удаагийн “Хэн нь хэн бэ?” буландаа онцолж байна. Тэрбээр 2008 оны сонгуульд хуучнаар МАХН буюу одоогийн МАН-аас  нэр дэвшин ялалт байгуулсан билээ. МАН энэ удаа ч түүнд итгэл хүлээлгэж, төрөлх аймагт нь нэр дэвшүүлээд байна.

Блиц:



Овог нэр:
Жамъянсүрэнгийн Батсуурь
Төрсөн он, сар, өдөр: 1960 оны 11 дүгээр  сарын 10
Төрсөн газар: Дорноговь аймаг Улаанбадрах сум
Боловсрол:
-1978 онд Дорноговь аймгийн Сайншанд хотын 10 жилийн сургууль
-1983 онд БНЧУ-ын /хуучнаар/ Братислава хотын Техникийн их сургууль Барилгын инженер-эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Доктор.
Ажлын туршлага:
-1983-1987 онд Политехникийн Дээд Сургуульд багш,
-1987-1988 онд Техникийн Их Сургуульд багш
-1988-1990 онд Техникийн Их Сургуульд ХЗЭ-ийн хорооны дарга
-1990-1994 онд Техникийн Их Сургуулийн МТС сургуульд дэд захирал
- 1994-1998 онд Чех улсын Прага хотын ТИС-д докторант багш
- 1998-2000 онд Улаанбаатар хотын “Ус орчин” ХК-ийн гүйцэтгэх захирал
- 2000-2008 онд Дорноговь аймгийн Засаг дарга


СОНГОХ ШАЛТГААН


1. Барилгын инженер-эдийн засагч мэргэжлийг  БНЧУ-д эзэмшин  төрсөн нутагтаа  ирсэн  залуухан боловсон хүчин Ж.Батсуурийн ажил амьдралын гараа  бусдын л адил энгийн эхэлсэн байдаг. Тэрбээр Политехникийн дээд сургуульд багшилж, улмаар 2000 онд Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдсоноор улс төрийн ажлын гараа нь эхэлжээ. Хэдийгээр эдийн засгийн хүнд хэцүү цаг үетэй зэрэгцэн Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан ч тэрбээр  төрөлх нутгийнхаа хөгжил дэвшилд ихээхэн  хувь нэмэр оруулж, дорноговьчуудтайгаа хамт байж чадсан нэгэн. Өөрөөр хэлбэл Ж.Батсуурь гишүүн дорноговьчуудын итгэлийг бөхөөсөнгүй. Тэрбээр хөдөө орон нутагт  байтугай  Улаанбаатар хотод орон сууцны хороолол барих  тухай ойлголт бүрхэг байх үед  Дорноговьд  бүхэл бүтэн орон сууцны хорооллыг цогцоор  нь  барьж  Сайншандын нүүр царайг бусад аймгийн  төвийнхөөс илт ялгарахуйцаар өөрчилсөн нь  түүний уйгагүй хөдөлмөрийн  үр дүн биз ээ. Үүнээс гадна иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэх эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэргийг барихаас гадна хүүхэд залуучуудынхаа амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх  газрыг  шийдэж өгөхөө ч тэр марталгүй хүүхдийн ордон,  усан спорт  сургалтын төвийг барьсан зэргээс нь харахад ил байдаг. Түүний   хийсэн бүтээн байгуулалтын  ажлуудыг дурьдаад байвал мундахгүй. 
2. Нутаг усаа гэсэн чин сэтгэлтэй. 2000-2008 онд  Засаг даргаар ажиллахдаа  үргэлж нутаг орныхоо төлөө  явж,  нутгийн арддаа тулгамдаж буй асуудлыг нь бие сэтгэлээрээ мэдэрч  шийдэж өгдөг тухай нутгийнхан нь түүнд ам сайтай байдаг юм билээ. Ж.Батсуурь бол Монголын нутгийн удирдлагын холбооны шилдэг удирдагч. Монголын менежментийн холбооноос “Монголын шилдэг менежер” цолыг  түүний хийсэн бүтээснийг нь үнэлж  шагнасан байдаг.  Хариуцлагатай шударга  ажил хэрэгч шилдэг зохион байгуулагч хэмээн түүнийг үнэлдэг. Орон нутгийг өөрөөс нь санхүүжүүлж, тэр ч байтугай  улсын төсөвт хүртэл илүүчилж чадсан нь түүнийг сайн менежер гэдгийг нь нотолно. Түүнчлэн УИХ-ын гишүүний ачаалал ихтэй ажлынхаа хажуугаар энэ  олон сонгуульт албыг хүлээж авсан нь бусдын итгэлийг даах гэж хичээдгийнх нь илрэл байж таарна. 
3. Ж.Батсуурь гишүүн  2008-2012 оны парламентад ард түмний төлөөлөл болон суухдаа УИХ-ын Эдийн засаг, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр ажиллаж, улс  орны эрх ашигт хэрэгтэй олон хуулийн төслийг санаачлан батлуулжээ. Түүний санаачилсан хуулийн төслүүд жирийн ардынхаа өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд тулгуурласан  байдаг. Тэр хэзээ ч “би бүхнийг мэддэг” гэж цээжээ дэлдэж ам ажил хоёроо зөрүүлэн суудаг цагаан захтнууд шиг аашлан  “тэнгэрийн” асуудал ярьж хөлөө ачиж, гараа зөрүүлж суугаагүй.


Өөрөөр хэлбэл, түүний санаачилсан хуулиуд ард түмний ахуй амьдрал бодит нөхцөл байдалтай уялдаж байдгаараа бусдаас   эерэг үнэлгээг авсаар байдаг. Орон нутгийн ажил амьдралтай найман жил хутгалдсан  туршлага нь  парламентад “ бодит хууль батлахад нь   давуу чанар болдог учиртай. Тухайлбал,  Орон сууцны тухай хууль, Цэргийн албан  хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,  Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай, Түлш эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг хуулийн төслийг санаачилжээ.  Хэдийгээр тэрбээр олон зүйлийн анхдагч ч гэлээ   автороо тунхаглаж алдаршихыг урьтал болгодоггүй нэгэн.
4. Аливаа хар цагаан   хэл ам ажил хийж байгаа хэн болгоныг тойрч биш дайраад гардаг жамтай. Тэр дундаа улс төрийн салбарт ажиллаж буй хүмүүсийг сайн муугаар хэлэх нь олонтаа. Ж.Батсуурь аймгийн Засаг даргаар олон жил ажилласан хүн гэхэд  зарим нэгэн улстөржсөн хэл амыг эс тооцвол улсын хөрөнгө идэж, өөртөө зориулж тендер авч хэл ам таталж байсан түүх байхгүй. Түүнчлэн  уул уурхайн бизнесгүй, төрийн мөнгө шамшигдуулсан гэж сонсогдож байгаагүй нэр цэвэр улстөрчдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Аливаад төрийн хүний ноён нуруугаар ханддаг шударга  шулуун  хэмээн ойр дотныхон нь ч ярьдаг юм билээ.  Тийм ч учраас Ж.Батсуурь гишүүн энэ удаагийн сонгуульд  хариуцлагатай шударга төрийг бий болгохын төлөө зүтгэж яваа. Тэгээд ч энэ эрхэмд дорноговьчууд ам сайтай байдаг юм билээ.

СОНГОХГҮЙ ШАЛТГААН

1. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хэл амны “гимнастик”-аас хол хүн. Хийж бүтээсэн ажлаа тэр болгон дөвийлгөж олон үг нуршаад байдаггүй. Уг нь эрхэм  гишүүн  өөрийн үндсэн үүрэг болох хууль тогтоох ажилдаа ихэд санаачилгатай бүтээлчээр ханддаг. Маш их ажил хийж, хууль, тогтоолын төсөл батлалцсан. Гэвч тэр зурагтын камер харахаараа  хэл үг олшрогчдоос тэс өөр. Өөрөөр хэлбэл, хийж, хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд сурталчилж, таниулахыг тэр бүр боддоггүй бололтой. Харьцангуй амбиц багатай гэсэн үг. Уг нь улстөрч хүнд тодорхой хэмжээний амбиц байх хэрэгтэй гэж онолд үздэг. Түүний хэрхэн ажилладгийг сайн мэдэх хүмүүс байхад мэдэхгүй  хүмүүс ч мөн олон. Тиймээс хариуцсан ажилдаа хэрхэн эзэн болж хийдгээ таниулахгүй бол түүний талаар огт мэдээлэлгүй хүмүүс саналаа өгөхөд бэрхшээлтэй байх талтай.

2. Тэрбээр улс төрд ямар нэгэн бүлэг, фракцигүйгээр орсон нэгэн. Тэр тусмаа өнөөдрийн манай улс төрд аливааг шийдвэрлүүлэхийн  тулд  ил далд багийн тоглолт нэн шаардлагатай. “Улс төрийн бодлогыг танк гэж үзвэл маш олон хүн нийлж байж л түүнийг араас нь түрж хөдөлгөнө шүү дээ. Харин ганц хүн бол яагаад ч түлхэж чадахгүй” гэж нэгэн улстөрч хэлж байсан санагдана. Тийм байж чадахгүй бол хэдийгээр  зөв бодолтой  байлаа ч гэсэн  хэрэгжүүлэхэд саад бэрхшээл тулгарахгүй гэх баталгаа байхгүй. Ж.Батсуурь  гишүүний хувьд ямар нэгэн бүлэг, фракцид нэгдээгүй гэдгийг дээр хэлсэн. Тийм ч учраас магадгүй эрхэм гишүүний зорьж, ярьж, хэлж явсан бодлогын шинжтэй  зарим ажлууд өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжээгүй  байж ч болох талтай. Нөгөөтэйгүүр намынхаа удирдлагуудад хааяахандаа хатуу үг “чулуудчихдаг”. Бодлого хэрэгжих бололцоо бүрдээгүй нь үүнтэй ч бас холбоотой байж болох юм. Намынхаа удирдлагад бялдуучилдаггүй, хэн нэгэнтэй очиж наалддаггүй  араншин  нь хааяа  хэт их эрсдэл дагуулдаг байж ч болох. Хамгийн сүүлд гэхэд  нам нэр дэвшигчдээ  тодруулах үед  намын аль нэг бүлэглэлийн харьяалалд багтаагүйнх нь гор гарч тойроггүй болох дөхлөө.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.