Үзэл бодолдоо үнэнч, зоригтой улстөрч
2012.06.04

Үзэл бодолдоо үнэнч, зоригтой улстөрч

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа улстөрчдийн сонгох, сонгохгүйшалтгааныг дүгнэсэн "хэн нь хэн бэ" булан маань үргэлжилсээр байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн буландаа Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж байгаа Г.Баярсайханыг онцолж байна.

... Энэ удаагийн сонгуульд том намууд хамгийн сайн, туршлагатай улстөрчдөө сонгож сонгуульд өрсөлдүүлж байгаа. Тэр АН-ын ҮЗХ-ны хурлаар 100 хувийн санал авч Чингэлтэй дүүрэгт нэр дэвших эрхтэй болсон. Энэ бол түүнийг Чингэлтэй дүүрэгт төдийгүй улс орны хэмжээнд хэр сайн ажилласныг үнэлсэн намынх нь үнэлэлт байсан юм...


Блиц

Овог, нэр: Хөх овогт Гарьдхүүгийн Баярсайхан

Төрөн огноо: 1971 оны 1сарын 1

Төрсөн газар: Улаанбаатар хот

Гэр бүлийн байдал: Эхнэр хүүгийн хамт

Гадаад хэл: Орос англи

Мэргэжил цол зэрэг:  И эмч, экологич, /Ph.D/ доктор

Төрөн сургууль: 1988 онд Дорнод аймгийн сүмбэр сумын 10 жилийн дунд сургууль 1997 онд Анагаах ухааны их сургууль Хүний их эмч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал: 2006-2008 онд Экологи ХХК-ий захирал, 2008 оноос Монгол улсын их хурлын гишүүн, 2008 онд Монгол экологийн зөвлөлийн тэргүүн

Г.Баярсайхан гишүүн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үзэл бодолдоо үнэнч байж чадсан улстөрч. Хамтарсан засгийн газрын үед хүмүүс ийш тийшээ болж, байр сууринаасаа ухарч, хаврын тэнгэр шиг аашилж байсан нь бий. Харин тэр байр суурин дээрээ хатуу байж, сөрөг хүчин болсоор ирсэн улстөрчдийн нэг. Магадгүй тэргүүн эгнээнд ч явж байсан байх. Ерөөс парламент сөрөг хүчингүй болохоороо үндсэн ажлаа сайн хийж чаддаггүй тухай учир мэдэх хүмүүс хэлдэг. Өнгөрсөн дөрвөн жил манай парламент сөрөг хүчингүй болж гөлийх шинждээ орж байсан цагт цөөн хэдэн гишүүн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, үзэл бодолдоо үнэнч байсаар ирсэн. Түүний нэг нь Г.Баярсайхан. Зөвхөн үзэл бодолдоо үнэнч байж, үндсэн үүргээ гүйцэтгэснийх нь төлөө түүнийг сонгоход болохгүй юм алга. Уг нь улстөрч хүнд байх ёстой хамгийн гол зан чанар бол үзэл бодолдоо үнэнч байх явдал. Манай ихэнх улстөрчид албан тушаал, зөөлөн суудлын төлөө үзэл бодлоосоо урваж, өөрийнхөө үнэ цэнийг алддаг. Түүнээсээ болж ард түмний дунд нэр хүндээ ч алдах нь ч бий. Тийм болохоор зүгээр л үзэл бодолдоо үнэнч байж, улстөрчийнхөө үүргийг сайн гүйцэтгэснийх нь төлөө түүнийг үнэлж яагаад болохгүй гэж.

Тэр нэр цэвэр улстөрч. Ямар нэг архи, тамхи үйлдвэрлэдэг компани, уул уурхайтай нэр холбогдож байгаагүй.  Энд тэндээс  мөнгө төгрөг, улсын хөрөнгө идсэн гэсэн сөрөг түүх түүнд байхгүй. АТГ-аас эхлээд хууль хяналтынхантай орооцолдож, шалгагдаж яваагүй. Одоо цагт бараг л өдөрт нэг хүн улсын хөрөнгө шамшигдуулсан, авлига  авсан, өгсөн гэсэн хэрэгт орооцолдож байхад энэ мэт нэр цэвэр улстөрч төрд хэрэгтэй байна. Мөн тэр уул уурхайтай нэр холбогдоогүй, элдэв компани байхгүй учраас  сонирхлын зөрчил байхгүй гэсэн үг. Амин хувийн эрх ашгийн төлөө биш цэвэр улс орны төлөө ажиллах хүн ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй байх нь төрд байх нэг шалгуур болоод байгаа билээ.

2008 онд УИХ-д нэр дэвшигчид олон янзын амлалт өгсөн. Мөнгө төгрөг, байр орон сууц, гадаадад ажилд явуулах, замын түгжрэл арилгах энэ тэр гээд л. Харин Г.Баярсайхан гишүүний гол амлалт бол Чингэлтэй хайрхан уулыг төрийн хамгаалалтад авах байлаа. Тэр өөрөө Их эмч, экологич хүн. Тэр утгаараа хүний эрүүл мэнд болоод
байгалийн дагшин байдалд давхар анхаардаг мэргэжилтэй хүн гэсэн үг. Тиймдээ ч Чингэлтэйчүүдийн төдийгүй Улаанбаатарчуудын шүтэн биширдэг Чингэлтэй уулыг төрийн хамгаалалтад авч, дархлахыг хүсэж, ард түмэнд ч тийм амлалт өгсөн. Тиймдээ ч хэлсэн амандаа хүрч, амлалтаа биелүүлж Чингэлтэй уулыг саяхан улсын тусгай хамгаалалтад авлаа. Ингэснээр Чингэлтэй уул руу тэлэх суурьшлыг хязгаарлаж, хүчилтөрөгчийн нөөцийн хангамжийг хадгалж үлдэхэд дөхөм болж байгаа юм. Суурьшил уул руу тэлэхгүй байх тусам онгон дагшин байдлаараа үлдэж, ой мод нь устахгүй байх сайн талтай. Байгаль хамгаалах асуудал хөндүүр сэдэв болж буй энэ үед ийм шийдвэр гаргуулж, улсын тусгай хамгаалалтад авахуулсан нь түүний хамгийн том гавьяа юм.

Тэрбээр өнгөрсөн дөрвөн жил УИХ-д ажиллахдаа Ёс зүйн дэд хороон даргын албыг хашсан. Ардчилсан намынхан хамгийн сайн ажиллаж чадах, нэр цэвэр гишүүндээ энэ албыг даатгасан гэдэг юм билээ. Тэрбээр Ёс зүйн дэд хороон дарга байхдаа УИХ-ын гишүүдийн хөрөнгө оруулалтын мэдүүлгийг үнэн бодит эсэхийг шалгаж байх санаачилга гаргасан нь маш зөв зүйтэй санал байлаа. Өнөөдөр УИХ-ын гишүүд болон өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг гэж авдаг ч үнэн тайлагнасан эсэхийг хэн ч шалгадаггүй. Тийм болохоор өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогоо худлаа мэдүүлэх явдал гардаг. Үүнийг зогсоох, хэн нь гэнэт баяжиж, төрийн хөрөнгө мөнгө шамшигдуулж, авлига их авдаг хүмүүсийг "гардах" боломжтой болж байгаа юм. Ийм саналыг өөрөө авлига авдаггүй, нэр цэвэр, элдэв хэрэгт орооцолдоогүй хүн л гаргаж чадна. Г.Баярсайхан ийм санаачилга гаргаснаараа өөрийгөө хэр нэр цэвэр, төрийн төлөө ажиллаж чадах хүн бэ гэдгээ батлан харуулж, нотолсон юм.

2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Монголын түүхэнд хараар бичигдэхээр үйл явдал болж, таван залуу амиа алдан, олон зуун хүн баригдаж хоригдсон билээ. Тухайн үед олон хүнийг барьж хорьж, эрүүдэн шүүсэн, тамлах үйл ажиллагаа явуулсан гэсэн мэдээлэл ч цацагдаж байсан. Нөхцөл байдал ширүүссэн, олон хүн зовсон. Тухайн үед Г.Баярсайхан гишүүн хэлмэгдсэн хүмүүсийг суллахыг шаардаж, хүн ёсоор хандахыг уриалж байлаа. Мөн өршөөлийн хуулийг дэмжин ажиллаж байсан билээ. Тэр үүгээрээ ард түмний төлөө ажиллаж чадахаа харуулсан юм.

Тэр экологич мэргэжилтэй хүн болохоор байгаль орчинтой холбоотой асуудалд үргэлж оролцож, байр сууриа илэрхийлж, хууль санаачилж, баталж ирсэн. Түүний нэг нь урт нэртэй хэмээх тодотголтой Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль"-ийн төслийг санаачлагдсан нэг. Монгол Улсын байгаль орчныг хамгаалахад чухал хэрэгтэй энэ хуулийг батлуулж чадсан. Харин хэрэгжилт нь бага зэрэг хангалтгүй байгаа. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар зарим гишүүн байр суурин дээрээ баттай зогсож чадахгүй элдэв лоббид автсан гэх. Харин Г.Баярсайхан гишүүн байр суурин дээрээ баттай зогсож, элдэв лоббид автахгүйгээр хуулийн хэрэгжилтэд анхаарч ажилласаар ирсэн. Уг нь энэ хуул хэрэгжвэл "там" болохдоо тулаад байгаа Монголын газар нутаг элдэв алт ухагчдын савраас мултарч, байгаль экологич сэргэх учиртай. Тиймээс байгаль орчинд хэрэгтэй чухал хуулийн хэрэгжилтийг хангахын тулд санаачилсан хүн нь УИХ-д байх ёстой. Түүнийг сонгочихоод хуулийнхаа хэрэгжилтэд анхаараач ээ гээд сууж байвал зүгээр биз дээ.

Энэ удаагийн сонгуульд том намууд хамгийн сайн, туршлагатай улстөрчдөө сонгож сонгуульд өрсөлдүүлж байгаа. Тэр АН-ын ҮЗХ-ны хурлаар 100 хувийн санал авч Чингэлтэй дүүрэгт нэр дэвших эрхтэй болсон. Энэ бол түүнийг Чингэлтэй дүүрэгт төдийгүй улс орны хэмжээнд хэр сайн ажилласныг үнэлсэн намынх нь үнэлэлт байсан юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.