Б.Обама хар тамхичин байжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама залуудаа хар тамхинд донтож явснаа ичиж зоволгүй хүлээн зөвшөөрсөн байна. Бүр ихэд таашаалтайгаар мансуурдаг байсан тухайгаа өгүүлжээ. Ирэх зургадугаар сард хэвлэгдэн гарах түүний шинэ намтарт энэ тухай болон Хавай, Лос-Анжелест өнгөрүүлсэн залуу, оюутан ахуйн шинэ, сонирхолтой баримтууд дэлгэгджээ. Сэтгүүлч Дэвид Маранисийн бичсэн “Barack Obama:The Story” номонд “Choom Gang” хэмээх Обамагийн найзуудын талаар бичсэн байна. Тэрхүү номонд дурдсанаар, найзуудынхаа дунд Барри хэмээн дуудагддаг байсан Обама хар тамхийг шинэ хэлбэрээр татаж туршихдаа гарамгай байсан тухай өгүүлжээ. Тодруулбал, Обама хар тамхийг “ТА” буюу “Total Absorption” (Бүрэн сорж шингээх”) маягаар татах санааг сэдсэн аж. Энэ нь автомашин дотор бүх цонхыг нь хааж байгаад хар тамхиа татаж, сорж, уушиглаж, гарсан утааг нь үнэртэн давхар мансуурах арга ажээ. Барри болон түүний нөхөд пакаполо (Хавайд марихуаныг ингэж нэрлэдэг) татаж байхдаа ээлжлэн бүрэн сорж тоглодог байв. Бүрэн сорохгүй бол тамхийг дуусгах хүртэл нь соруулж “шийтгэдэг” байжээ. Тэдэнд хар тамхи нийлүүлдэг байсан Рей хэмээх нөхөр нэг өдөр гей хамтрагчдаа алхаар нүдүүлж аймшигтайгаар амиа алдсан нь Обамад мартагдашгүй сургамж үлдээсэн гэдэг. Барак Обама их сургуулиа төгсөөд хар тамхиа хаяжээ. “Одоо боллоо.Хүн болох замдаа оръё” гэж өөртөө хэлээд санваартан шиг л цэвэрхэн мөрөөрөө амьдарч эхэлсэн байна.