Жон Кеннедийн агуу болоод бараан үйлс
2012.06.05

Жон Кеннедийн агуу болоод бараан үйлс

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хамгийн алдартай ерөнхийлөгч нарын нэг болох Жон Фитцжеральд Кеннедийн мэндэлсний 95 жилийн ойг тэмдэглэжээ. Түүнийг хөнөөсөн явдал одоог хүртэл элдэв янзын дам яриа таамгаар дүүрэн байдаг бол хувийн амьдрал нь дээдсийнхний талаарх хов живэнд дурлагсдын сониуч занг одоог хүртэл хөдөлгөсөөр байгаа билээ. Гэхдээ тэрбээр АНУ болон ЗХУ-ын харилцааны түүхэнд ул мөрөө тодоор үлдээсэн улстөрч байсан юм.АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди 1917 оны тавдугаар сарын 29-нд Массачусетс муж улсын Бруклин хотод Америкийн хамгийн баян бөгөөд нөлөө бүхий гэр бүлүүдийн нэгэнд төржээ.

Эцэг Жозеф нь Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельтын зөвлөх байв. Харин Жозеф Кеннедийн өнгөрсөн амьдрал маш эргэлзээтэй байжээ. Тэрбээр үлэмж их хөрөнгөнийхөө ихэнхийг 1930-аад оны эхээр гарсан "хуурай хуулийн" үеэр хийсэн хууль бус спиртийн наймаанаас хуримтлуулсан байна. Кеннедийн өвөө ч мөн эхийн тал болох Жон Фрэнсис Фитцжеральдын удмын сүүлчийн хүн биш байв. Тэрбээр Бостон хотын захирагч бөгөөд Коннгресст Ардчилсан намыг төлөөлөн суудаг байжээ. Жон Кеннедийн төрөл саднаас төрийн дээд албан тушаал хашиж байсан хүмүүсийг тоочвол нэлээд олон болно. Ах Роберт нь Ерөнхий прокурор, бас нэгэн ах болох Эдвард нь сенатын гишүүн байжээ. Харин одоо бага Жозеф Кеннеди болон Патрик Кеннеди нар Конгресст суудаг байна. Ерөнхийдөө тэд бол Америкийн хамгийн нөлөө бүхий гэр бүлийнхний нэг юм.Жонд ерөнхийлөгч болох боломж бараг байхгүй байжээ. Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө АНУ-д зөвхөн протестант шашинтнууд Ерөнхийлөгч болдог байв.

Харин ирланд гаралтай Кеннеди католик шашинтан байжээ. Ирландчуудын хувьд хамгийн эрхэм үнэт зүйл бол Америкийн ашиг сонирхол бус, харин Ромын Пап лам мөн гэж тухайн үеийн Америкийн улс төрийн элитүүд үздэг байв. Харин Кеннеди үүнийг бүрмөмөн үгүйсгэж чадсан юм.АНУ-ын 35 дахь Ерөхийлөгч хүүхэд байхдаа бие султай байсан учраас сурлага тааруухан нэгэн байжээ. Гэхдээ энэ нь түүнд 1940 онд Харвардын их сургуулийг онц дүнтэй төгсөхөд нь саад болоогүй аж. Жилийн дараа Америк орон Дэлхийн II дайнд татагдан орсон бөгөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан Жон Кеннедиг Номхон далайн фронт руу илгээжээ. Тэрбээр 1943 онд хүнд шархадсан боловч шатаж байсан хөлөг онгоцноос хамт алба хааж байсан арав гаруй нөхдийнхөө амийг аварсан байна. Үүнийхээ төлөө тэрбээр эр зоригийн хоёр ч медалиар шагнуулжээ.Дайны дараа Жон Кеннедийн карьер өсч эхлэв. 1947-1953 онд тэрбээр Бостон хотоос Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогджээ. Дараагийн 8 жилд нь Кеннеди төрөлх Массачусетс муж улсаа төлөөлөн Конгрессын танхимд суусан байна. Харин 1960 онд Ерөнхийлөгчөөр сонгогдох цаг нь иржээ. Санал асуулгаар түүний өрсөлдөгч болох Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Ричард Никсон тэргүүлж байсан боловч телевизийн халз мэтгэлцээний үеэр Кеннеди өрсөлдөгчөө буулган авч чадсан нь түүнд ялалт авчирчээ.Америкийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч болсон Кеннеди сонгогдсон даруйдаа улс төрийн халуухан үйл явдалтай тулгарсан байна. Улс орны дотоодод Мартин Лютер Кинг тэргүүтэй хар арьстнуудын тэгш эрхийн төлөөх хөдөлгөөн хүчээ авч байлаа. Кеннеди түүнийг ивээлдээ авсан боловч асуудлыг эцэслэн шийдэж чадаагүй байна.

Тэрбээр боловсрол, эрүүл мэнд болон ажилгүйчүүдэд олгодог төсвийн мөнгийг нэмэгдүүлэхийг оролдож байсан боловч бүгд найрамдахчуудын зүгээс ч, ардчилагчдын зүгээс ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байжээ.Гадаад бодлогын хувьд ахархан хугацаанд Ерөнхийлөгч байхдаа тэрбээр хэд хэдэн шийдвэртэй алхам хийжээ. Ялангуяа ЗХУ-тай холбоотой хоёр хурцадмал асуудалд чухал алхам хийсэн байна. Эдгээрийн нэг нь 1961 оны Берлиний үйл явдалтай холбоотой. ЗХУ Зүүн Берлиний дараа Баруун Берлинийг хяналтандаа авахаар шийдсэн байлаа.Кеннеди Баруун Берлинийг хамгаална гэдгээ шийдэмгий илэрхийлж, Европ дахь Америкийн цэргүүдийг байлдааны бэлэн байдалд оруулав. Зэвсэгт мөргөлдөөн дэгдэхдээ тулаагүй боловч 1961 оны наймдугаар сарын 13-нд Берлиний хана хотыг хоёр хэсэгт хуваах болжээ.

Хоёр жилийн дараа Америкийн Ерөнхийлөгч Баруун Берлинд ирэхдээ, "Би Берлиний хүн" гэж хэлжээ. Гэхдээ тэр ханыг нурааж чадаагүй юм. Берлиний ханыг дөнгөж 1989 онд нураасан билээ.Харин Карибын хямрал үүнээс ч ноцтой байв. 1962 оны намар АНУ болон ЗХУ цөмийн дайн хийхдээ тулаад байлаа.Америкийн Ерөнхийлөгч Кубад Зөвлөлтийн пуужингуудыг байрлуулсны хариуг нэлээд ширүүхэн өгч, Туркт пуужингаа байрлуулжээ. Хэлэлцээг өдөр, шөнөгүй явуулж байсан боловч тодорхой үр дүнд хүрч чадсангүй. Хоёр орны цэргийнхэн цөмийн цохилт өгөхөд бэлэн байв. Цөмийн хүчин чадлын хувьд мэдээж америкчууд илт давуу байх нь ойлгомжтой.Харин Кеннеди гарах үр дагаврыг зөв тооцоолон "шонхоруудаа" зогсоосон бөгөөд ингэхдээ үндэснийхээ ашиг сонирхлын тал дээр буулт хийгээгүй байна. Эцэст нь ЗХУ Куба улсаас, харин америкчууд Туркээс пуужингуудаа гаргажээ. Хүн төрөлхтөн дэлхийг хамарсан цөмийн сүйрлээс аврагдсан бөгөөд үүнд АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч яахийн аргагүй хувь нэмрээ оруулсан.Гэхдээ Кеннедийг энхийг сахиулагч гэж хэлэхэд хэцүү юм. Учир нь тэрбээр АНУ-ыг удирдаж байх богинохон хугацаандаа Кубын Ерөнхийлөгч Фидель Кастрог засгийн эрхнээс унагаахыг оролдож байв. Кеннеди Эрх чөлөөний арлыг бүслэн хаахыг тушааж, харин ТТГ кубын "контрас" хэмээх ажиллагаанд бэлтгэж, халдан довтлохыг оролджээ. Тэд Свиней буланд буусан боловч маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна.

АНУ-ын нэр хүнд олон улсын тавцанд асар их унасан учраас Кастрог зэвсгийн хүчээр түлхэн унагах оролдлогыг дахин хийгээгүй юм.Үүнээс гадна, Кеннедийн үед Вьетнамд явуулж байсан америкчуудын байлдааны ажиллагаа идэвхжсэн байна. Тэд Никарагуад Анастасио Сомосын дарангуйлагчийн дэглэмийг дэмжиж байв. АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч гадаад бодлогын хувьд маш түрэмгий бодлого явуулж байсан боловч ямар шийдвэр гаргахаа маш сайн мэддэг байлаа.Жон Кеннеди 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Даллас хотод бусдын гарт амиа алдсан юм. Түүнийг хөнөөсөн буун дуу одоог хүртэл ХХ зууны тайлагдашгүй нууцуудын нэг хэвээр. Албан ёсны хувилбараар, гэмт хэргийг хожим нь шоронд алагдсан Ли Харви Освальд ганцаар үйлдсэн гэж үздэг байна.
 
Гэхдээ энэ нь маш эргэлзээтэй бөгөөд өдгөө америкчуудын 70 хувь нь аллагыг ганцаараа үйлдсэн гэдэгт итгэдэггүй ажээ.Аллагад Кубийн цагаачид ч холбоотой гэх хувилбар байдаг байна. Учир нь Карибын хямралын дараа ЗХУ-тай явуулж буй бодлогод дургүйцдэг байжээ. Африк гаралтай америкчуудад иргэний бүх эрхийг олгоход чиглэгдэж байсан барууны хэт давруу расист бодлогод дургүйцэгчид ч холбоотой гэж ярьдаг байна. Бас "бохир мөнгөний" хуйвалдаан холбоотой гэх хувилбар ч бий. Иймэрхүү элдэв янзын таамаг одоог хүртэл үргэлжилсээр л байгаа.Кеннедийн хувийн амьдрал нь одоог хүртэл дээдсийнхний тухай хов живэнд дурлагсдын сонирхлыг татсаар байгаа билээ. Тэрбээр албан ёсоор ганцхан удаа гэрлэжээ. 1953 оны есдүгээр сарын 12-нд Жаклин Бувьетэй хуримаа хийсэн бөгөөд хожим нь америкчуудын хайртай тэргүүн хатагтай болсон Жаклин түүнд дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн байна. Гэвч дөрвөн хүүхдийнх нь хоёр нь энджээ. Бас нэгэн охин төрсөн нь амьгүй гарчээ, харин бага хүү болох Патрик нь ердөө хоёрхон хоног амьдарсан байна. 1963 онд Ерөнхийлөгчийг цурхиран уйлж байхыг орон даяараа харсан юм.Гэхдээ Жон Кеннеди үнэнч эр нөхөр байгаагүй. Залуу насандаа Нью-Йоркийн ядуусын хорооллуудын нэг болох Гарлемд нэгэн янхныд очдог байсан гэдэг яриа бий. 

Хожим нь тэрбээр Лас-Вегасын дээд зэрэглэлийн бараг бүх янхантай холбогджээ. Жон Кеннедигийн хувьд хамгийн дуулиан тарьсан янаг амрагийн явдал бол Холливудын од Мэрилин Монротой холбоотой юм. Үүнийг Жаклин Кеннеди мөн л мэдэж байжээ. Тэрбээр мөн Элизабет Тейлор, Ким Новак зэрэг дэлгэцийн ододтой нууц амрагийн холбоотой байв.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.