2008.06.20

Д.Ганхуяг: Үйлдвэрлэл хөгжүүлснээр чинээлэг иргэний нийгмийг байгуулах боломж бүрдэнэ

Улстөрч гэдэг хүмүүс байгалиас заяадаг юм шиг ойлголт бол аль социализмын үеийн сэтгэлгээ шүү дээ. Хөгжилтэй орон байх тусмаа Үндсэн хууль, иргэн, эрүүгийн гэсэн багц хууль нь маш сайн боловсрогдсон, хэнд ч ойлгомжтой байдаг байна.

- Таныг УИХ-ын гишүүн болохоосоо өмнө бизнес эрхэлж байсныг хүмүүс сайн мэднэ. "Бридж"-ийн Ганхуяг гэж овоглоод байхаас "Бридж" групп чухам ямар бизнес эрхэлдэг, юу хийдгийг нь мэдэхгүй хүн олон бий. Энэ талаар товч танилцуулахгүй юу?

-УИХ-ын гишүүн болохоосоо өмнө бизнесийн салбарт хүч сорьж, "Бридж" группийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч таван хүний нэг нь болж, "Бридж" группийн ерөнхийлөгчийн албан тушаалыг 10 гаруй жил хашсан. 2004 оноос хойш би группийнхээ бизнесийн үйл ажиллагаанд оролцоогүй. УИХ-ын гишүүдийн орлого, хөрөнгийн байдлын тухай мэдүүлгийг хэрэв та анзаарсан бол "Бридж" группийн харьяа компаниудын нийт хувьцааны 24.5 хувийг би эзэмшдэг.

Хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн үйл ажиллагааны тайлан, холбогдох бусад мэдээлэл Төлөөлөн удирдах зөвлөлөөр дамжин надад ирдэг. Надтай хамт Япон улсад их, дээд сургуульд суралцаж төгсөөд "Говь" үйлдвэрт ажиллаж, "Бридж" группийг хамтран байгуулж байсан бусад дөрвөн хөрөнгө оруулагч, группийн нийт ажилтан ажиллагсад миний бизнест баримталдаг зарчим, үзэл санааг өвлөн авч, үйл хэргийг маань нэр төртэй үргэлжлүүлж байна.

"Бридж" групп нь толгой компани болох худалдааны "Бридж" ХХК, барилга угсралт, үйлдвэрлэлийн "Бридж констракшн" ХХК, хүнсний дэлгүүрүүдийн "Everyday" хүнсний сүлжээ, эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн импортын "Эдвансед хэлдс интернационал" ХХК, мах, ноолуур болон малын гаралтай түүхий эд бэлтгэлийн "Баруун эх трэйд" ХХК зэрэг 14 компаниас бүрддэг. Үүний дотор Япон улсын иргэн Үмэки Шожитой хамтарсан компани хэлбэрээр байгуулсан Сэкитэй ресторанаараа олны танил болсон "Сансар Бридж" компани, Архангай аймгийн Цэнхэр сум болон Хөвсгөл аймгийн Жаргал суманд орших халуун рашаан бүхий жуулчны баазаараа нэршсэн аялал жуулчлалын "Жигүүр" компани ч ордог. Группийн хэмжээгээр нийтдээ 800 гаруй ажилчидтай, борлуулалтын орлого нь жилдээ 20 орчим тэрбум төгрөг. Жилдээ улсад бүх төрлийн татварт 2.3 орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг.

Монгол Улсад TOP-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж эхэлснээс хойш алгасалгүй буюу долоон жил дараалан шалгарсан, Улсын тэргүүний татвар төлөгч, Монгол Улсдаа тэргүүлэх 30 гаруй аж ахуйн нэг юм.

-Та дөрвөн жил тойргийнхоо ард түмнийг төлөөлөн УИХ-д суулаа. Чухам юу хийж амжуулав даа?

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хугацаанд ард түмний аж амьдрал, улс орны хөгжлийн чиг хандлага, хэтийн төлөвтэй шууд холбоотой олон хууль, тогтоолуудыг санаачлан боловсруулж батлуулснаас гадна 48 ажлын хэсэгт оролцон ажиллаж, зарим ажлын хэсгийг нь удирдан ажилласан юм.

Тухайлбал, Татварын багц хуулийг шинэчлэх УИХ-ын ажлын хэсгийн гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Татварын шинэчлэл нь бизнес эрхлэгчдийн хувьд асар том бодит дэмжлэг болсон нь дамжиггүй. Энэхүү шинэчлэлийн үр дүнд татварын нийт ачаалал 30 хувь багасч, Ази тивдээ татварын хамгийн бага ачаалалтай орнуудын тоонд ордог болсон билээ. Гол өөрчлөлтүүдийг дурдвал:

Хүн амын орлогын албан татварын шатлалуудыг үгүй болгож ямар ч хэмжээний орлого оллоо гэсэн хүн бүр адилхан 10 хувийн татвар төлдөг болгов.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг 10 хувь болгон бууруулсан.

Санаачлагчдын нэг нь болж хувийн хэвшлийнхэнд асар том ачаалал болж байсан "Нийгмийн даатгалын шимтгэл"-ийн хувь хэмжээг бууруулах бодлогын шийдвэрийг батлуулсан. УИХ дахь АН-ын бидний хэсэг гишүүд Нийгмийн даатгалын шимтгэлийн ажиллагсдынхаа өмнөөс байгууллагын төлдөг 19 хувийг 10 хувь болгон бууруулах нь зүйтэй гэж үзэн хуулийн төсөл боловсруулж оруулаад 14 хувиар батлуулж чадлаа.

Нэр бүхий дөрвөн гишүүнтэй хамтран Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг санаачлан батлуулав. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төр, засгаас үзүүлэх тусламж дэмжлэгийн чиглэл тодорхой болж, үндэсний үйлдвэрлэл сэргэхэд түлхэц болох юм. Манай улсад 800-гаад мянган хүн жижиг, дунд үйлдвэрүүдэд ажиллаж байна гэсэн судалгаа бий. Энэ нь нийт бизнесийн салбарт ажиллагсдын 90 гаруй хувийг эзэлдэг. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль нь зөвхөн ажлын байр нэмэгдүүлэхэд чухал төдийгүй өрх бүрийг үйлдвэрлэгч болгож, хүн ардын амьжиргааг дээшлүүлэхэд ч үр нөлөөгөө өгөх учиртай.

Дээр нь саяхан иргэн бүрт нийслэл, хот суурин газар болон улсын чанартай замын дагуух дэд бүтэц бүхий газарт 0.07 га, аймагт 0.35 га, суманд 0.5 га хүртэлх газрыг тус тус үнэгүйгээр нэг удаа өмчлөх тухай хуулийн санаачлагчдын нэг боллоо. Өмнө нь бол өрхөд газар хувьчилж байсан. Энэ удаагийн хуулиар иргэн бүрт нэг удаа газрыг үнэгүй хувьчилж өгнө гэж зааж өглөө. Үүний ашиг тусыг дэлгэрүүлэн хэлэх нь илүүц юм.

"Хот байгуулалтын тухай хууль", "Барилгын тухай хууль"-ийг санаачлалцав. Барилгын тухай хуулиар тун боломжийн нөхцөл бүрдүүлснийг онцолмоор байна. Барилга барих гэсэн хүн маш олон зөвшөөрөл авах хэрэг болдог. Тэр олон зөвшөөрлийг бүрдүүлэхийн төлөө бүтэн нэг жил явдаг байсан. Шинэ хуулиар бол холбогдох төрийн байгууллага нь нэг цэгээс шуурхай үйлчлэх учиртай болсон. Мөн зураг төсөл хийсэн компани хяналт тавих үүргийг давхар гүйцэтгэж байхаар оруулсан.

-Манай бизнесийн салбарынхан үйлдвэрлэл явуулахаас илүү худалдаа, үйлчилгээг голлож байна гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар та юу бодож байна вэ?

-Монголд үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн хамгийн гол шалтгаан нь санхүү, зээлийн бодлого гэж үзэж байна. Үйлдвэрлэлийн салбарт олгогдож буй зээл хөгжиж буй орнуудад үсрээд жилийн 10 хувь, хөгжилтэй орон бол таван хувь ч юмуу, бараг хүүгүй шахам байдаг. Ер нь дэлхий даяараа үйлдвэрлэлийн салбарын жилийн дундаж ашиг 5-15 хувийн хооронд л байдаг. Тэгэхэд манайд банкны зээлийн хүү дунджаар 20 орчим хувьтай байхад үйлдвэрлэл хөгжинө гэдэг хэцүү. УИХ-аас 2008 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэсний жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн банкнаас авч буй зээлийн хүүг 10 хувиас хэтрүүлэхгүй байлгах, үүний тулд өрсөлдөх чадвартай үйлдвэрийн салбарт арилжааны банкнаас олгогдож буй зээлийн хүүгийн тодорхой хувийг төрөөс хариуцах, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл болон тэргүүний техник, технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэл технологийн паркийг томоохон гурван хотод байгуулах, Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/ эрхлэгчдэд үйлчлэх төвийг хүн ам ихээр суурьшсан 21 хот, суурин газарт байгуулах зэрэгт зориулж 300 сая ам.долларыг төсөвт суулгасан. Өнөөгийн байдлаар ЖДҮ эрхлэгчдэд үйлчлэх төв хоёрыг байгуулаад байна. Ямар ч улсад дундаж амьжиргаатай өрх, түүний гишүүд нь тухайн орны эдийн засгийн гол суурь болж байдаг. Нийгмийн зонхилох хэсгийг боломжийн амьдралтай дундаж давхарга бүрдүүлэх ёстой. Өнөөдөр Монгол Улсад сүүлийн жил дараалан эдийн засгийн өсөлт 10 орчим хувьд хэлбэлзэж, нэг иргэнд ногдох ДНБ жил бүр 30 орчим хувиар нэмэгдэж, 2008 онд 1750 орчим ам.доллар болохоор байгаа. Гэвч иргэдийн амьдрал сайжрахгүй байна. Үүний шалтгаан нь нэгдүгээрт, ДНБ-д эзлэх төсвийн орлогын хэмжээ харьцангуй өндөр 45 орчим хувьтай, хоёрдугаарт, нэмүү өртөг нь эх орондоо үлдэж байх учиртай эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжихгүй байгаатай холбоотой гэж үзэж байна.

-Өнөөдөр Монголд өргөн хэрэглээний бараа болон бусад юмны үнэд огцом өсөлт гарлаа. Яг өнөөдөр инфляци хэдэн хувьтай байна вэ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх шаардлагатай вэ?

-Тиймээ. Үнийн өсөлт үнэхээр ард түмнийг туйлдуулж, иргэдийн амьжиргааг дордуулж байна. 2007 онд инфляци 15.1 хувьд хүрсэн л дээ. 2008 оны эхний улиралд гэхэд л аль хэдийнэ 10 орчим хувь болчхоод байна. Үүнийг жилээр бодвол нийт 30 орчим хувь болох төлөвтэй байна. Мөнгөний бодлогын тухайд гэвэл монгол төгрөгийн америк доллартай харьцах ханш унаагүй атал евро, иен, юань, рубльтэй харьцах харьцаанууд ихээр унасан сонин үзэгдэл боллоо. Гэтэл өргөн хэрэглээний бараа, хүнсний ихэнхийг урд хөрш, ханш нь чангарсан бусад орнуудаас импортолж байсныг инфляци импортлоод байжээ гэж хэлж болохоор юм. Нөгөө талаас сүүлийн хоёр жил стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ огцом өсч байгаагаас шалтгаалан инфляцийг хязгаарлах үүднээс Монголбанкнаас бодлогын хүүгээ ойр ойрхон хоёр ч удаа нэмэгдүүлсэн нь арилжааны банкуудын зээлийн хүүгээ нэмэгдүүлэх шалтгаан болж бизнесийн салбарын идэвхжлийг сааруулж, дарамт нэмэгдсэн. Инфляцид гол нөлөөлж байгаа зүйлийн нэг бол хэрэглээний үнийн индексийг тооцох өргөн хэрэглээний барааны сагсанд ордог хүнсний зүйлийн үнэ болон шатахууны үнийн өсөлт юм. 2008 он гарсаар хэрэглээний үнийн ерөнхий индексийн өсөлтийн 25.4 (өмнөх онтой харьцуулахад бодит үнэ нь 45.8 хувиар өссөн) хувийг талх, гурил, будаа, 19.6 хувийг (адилхан 27.9 хувиар өссөн), 33 орчим хувийг шатахууны үнэ тус тус эзэлж байна. Үнийн өсөлт бол ер нь зах зээлийн нийгмийн үндсэн ойлголтын нэг. Асуудлын гол нь шударга өрсөлдөөн оршиж байна уу, төрөөс суурь үнийг өсгөхгүйн тулд зах зээлийн үндсэн зарчмыг эвдэхгүйгээр нөлөөлж болох арга хэрэглүүрийг зөв ашиглаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь зөв шударгаар авч явуулж чадаж байна уу гэдэгт л байна. 120 гаруй сая хүн амтай Япон улс л гэхэд иргэдийнхээ амьжиргаанд гол нөлөө бүхий цагаан будаа, загасыг хамгийн бага үнээр, үйлдвэрлэгчид хохиролгүйгээр иргэддээ нийлүүлж чадаж байна. Тэнд дундын ямарваа нэг дамжлага ченж, брокерийн оролцоогүйгээр (дамжлага нэмэгдэх тутамд зардал нэмэгдэж үнэ өсдөг нь алтан хууль..) тухайн хороо, дүүрэгт байрлах жижиглэнгийн дэлгүүрүүдээр дамжуулан хяналт тавьж, хамгийн зохистой үнээр иргэддээ хүргэж чадаж байна. Манайд ч гэсэн ямар ч завсрын дамжлагагүйгээр оновчтой зохион байгуулж, шаардлагатай бол үнийн хөнгөлөлтийг төрөөс зохицуулах боломж байсан.

-Энэ УИХ-д бизнесмэн гишүүд харьцангуй олон байлаа. Бизнесмэн гишүүд улс төрд мөнгөөр зодож орж ирдэг, тийм хүмүүс улсаа бус өөрсдийгөө боддог, ашиг сонирхлын зөрчил гаргадаг гэсэн ойлголт, хандлага нийгэмд нэгэнт бий болчихлоо л доо. Үүнийг та юу гэж дүгнэж байгаа вэ?

- Улстөрч гэдэг хүмүүс байгалиас заяадаг юм шиг ойлголт бол аль социализмын үеийн сэтгэлгээ шүү дээ. Хөгжилтэй орон байх тусмаа Үндсэн хууль, иргэн, эрүүгийн гэсэн багц хууль нь маш сайн боловсрогдсон, хэнд ч ойлгомжтой байдаг байна. Харин хамгийн олон хууль, бодлого гаргах шаардлагатай, хувьсан өөрчлөгдөж байгаа салбар нь бизнес, эдийн засгийн салбар л болж байна шүү дээ. Тухайлбал, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, мэдээлэл, мэдээллийн технологийн салбар маш хурдацтай хөгжиж байна. Тэгэхээр энэ бүхнийг мэддэг, ойлгодог, амьдрал дээр ажиллаж үзсэн хүмүүс улс төрд байх нь тэдний өрсөлдөн хөгжих шударга эрх зүйн орчинг бий болгоход чухал юм. Ийм бодит нөхцөл байгаа учраас ихэнх орнуудад бизнесийн салбараас болон том том судлаач, эрдэмтэд улс төрд орж, улстөрчдийн 60-70 хувийг эзэлж байна. Дэлхийн улс орнуудаар жишээ авахад, Америкийн Ерөнхийлөгч Буш Арканзас мужийн том нефтийн компанийг эзэмшдэг шүү дээ. Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ өөрийнх нь "Кобэ Сэтэцү" гэдэг төмөрлөгийн томоохон компанийн том хувьцаа эзэмшигч байсан, тэр компанийн гадаад харилцааны албанд ажиллаж байсан. Өөрсдөө ч энэ бүх бизнесээ хэнээс ч нуудаггүй. Ер нь хэлэхэд нийгмийн баялгийг яг шударгаар бүтээж байсан улсууд шударга л байдаг. Тийм хүмүүс харин ч элдэв ашиг сонирхлын нөлөөлөлд автахгүй байж чаддаг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.