Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төслийг МАН-аас санаачлаад байгаа.
2014.02.14

Малчдын тэтгэврийн насыг наашлуулах саналыг Засгийн газар дэмжихгүй

Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төслийг МАН-аас санаачлаад байгаа. Харин тэтгэвэрт гарах насыг таваар бууруулан малчдад нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх энэ хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ засгийн газар мэдэгдлээ.

Малчид хүнд хүчир нөхцөлд ажилладаг. Монгол төрийн өмч болсон малыг маллаж байдаг учраас эдгээр хүмүүст анхаарал тавих ёстой хэмээн УИХ-ын нэр бүхий гишүүд хөндсөн. Энэ хүрээнд эрэгтэй 60, эмэгтэй 55 настай тэтгэвэрт гардгийг тус тус таван жилээр наашлуулах, нийгмийн даатгалын төлж чадаагүй шимтгэлийг нөхөн төлөх боломжоор хангах талаар хуулийн төслийг боловсруулаад байсан юм.

Үүнийг шинэчлэлийн засгийн газраас сайшаахгүй байгаа бөгөөд малчдад тэтгэврийн насыг наашлуулах нь ашигтай бус харин үүний оронд ажилласан нэг жилийг 1.5 жилээр, 10 жилийг 15 жил гэх мэтээр тооцож тэтгэвэр тогтоох нь илүү үр дүнтэй хэмээн үзэж байна.

Монгол улсын хэмжээнд нийт 400 гаруй мянган иргэд тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэх боломж нэмэгдсэн.

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өнгөрсөн жил УИХ-аас ажилласан жил нийгмийн даатгалын тасарсан жилийн нөхөн олгох хууль гарсан. Энэ хүрээнд монгол улсын хэмжээнд нийт 400 гаруй мянган иргэд тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэх боломж нэмэгдсэн. Яг үүнтэй адилаар малчиддаа боломж олгож нийгмийн даатгалыг тооцох санал тавьж байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Өнөөдөр монгол улсын нийт малын хэмжээ 35-50 орчим сая гэж яригдаж байгаа ч энэ хэмжээний хөдөлмөр эрхэлж ачааллыг зохицуулдаг гэдгээрээ малчдын нуруун дээр хүнд ачаа явдаг. 

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Бидний хийсэн судалгаагаар малчид тэтгэврийн насыг наашлуулахыг сайшаахгүй байна. 50 настай мал маллаж байгаа эмэгтэй тэтгэвэрт гарлаа гээд мал маллахаа болихгүй. Мал маллах уламжлалт ажил нь насан туршийн хөдөлмөр байдаг.

Олонх малчид эрт нас барж, ченжүүдээр дамжуулан луйварчин гэж хэлүүлсээр энэ салбарт ажиллах сонирхолтой хүний тоо цөөрч байгааг хөндөж байлаа. Малчид төрөөс бэлэн мөнгө болон бусад хангамжийг байнга авдаг гээд шүүмжлэх хүмүүсийн тоо олон байдаг. Гэхдээ эдгээр малчдаа харж үзэхгүй юм бол орон нутаг эзгүйрсээр байгааг бид мартах ёсгүй.