Д.Батцогт: Намрын чуулган нийгэм, эдийн засагт хэрэгтэй олон хуулийг баталсан
УИХ-ын намрын чуулган сар шинийн өмнөхөн завсарласан. Харин ирэх гуравдугаар сарын 20-нд ээлжит бус чуулган хуралдах тов гараад байгаа. Чуулган завсарласан энэ өдрүүдэд Төрийн ордон нам гүмхэн байна. Гишүүдийн зарим нь гадаадад яваа бол нэг хэсэг нь хөдөө орон нутагт ажиллаж буй юм. Тэгвэл УИХ-ын зарим гишүүд хаагуур, юу хийж амарч байгаа талаар тодруулснаа хүргэе.
-УИХ-ын намрын чуулган завсарлачихлаа. Та хаагуур ямар ажил амжуулж явна вэ?
-УИХ-ын намрын чуулган завсарлаад ихэнх гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байна. Миний хувьд М.Сономпил сайдын хамт Дорнод аймагт амралт, ажлын аль алийг нь хослуулж явна. Маргаашнаас (өнөөдөр) Улаанбаатар хот руу гарна даа.
-Яг ямар ажил амжуулж яваа юм бэ?
-М.Сономпил сайд Эрчим хүчний яамны ажлын шугамаар яваа юм.
-Дорнод аймгаар цас зуд хэр байна?
-Сайхан хавар эхэлж байна. Монгол орны ихэнх нутгаар дулаахан, цас зуд багатай өнтэй сайхан өвөл болж байна шүү дээ. Монголын сайхан урин цаг айсуй байна даа.
-Нийгмийн бодлого, Боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооныхон ажил ихтэй байх шиг байна. Байнгын хорооныхоо ажилд оролцдоггүй юм уу?
-Байнгын хорооныхоо ажилд оролцолгүй яахав. Манай байнгын хороо ажил ихтэй л байна. Байнгын хорооныхоо харьяа төрийн албадуудаар явж ажил байдалтай нь танилцаж байна. Ирэх даваа гаригаас байнгын хорооныхоо ажлын тайланг тавих юм. Мөн үлдсэн яамдуудынхаа ажилтай танилцана даа. Ер нь л амралт багатай л өнгөрөх юм шиг байна.
-Тойргоос сонгогдсон ихэнх гишүүн хөдөө орон нутагт тойрогтоо ажиллаж байна. Та хэзээнээс тойрогтоо ажиллах вэ?
-Хэд хэдэн аймагт очиж ажиллах хуваарьтай байгаа. Түүний дараа гуравдугаар сарын эхээр тойрогтоо буюу Ховд аймагт ажиллана. Гуравдугаар сарын 20-нд УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ. Тиймээс аймгийнхаа 16 суманд ээлжит бус чуулганаас өмнө амжиж ажиллана даа.
-УИХ-ын намрын чуулганыг хэр өгөөжтэй чуулган болсон гэж үзэж байгаа вэ. Хугацаанаасаа өмнө завсарласан болохоор зарим гишүүд дургүй байна лээ?
-УИХ боломжийн хэмжээнд ажилласан гэж бодож байгаа. Их хурал зүгээр суугаагүй. Хийх ёстой, хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа ард гарсан. Монгол орныхоо нийгэм, эдийн засагт нэмэр болохуйц олон хуулийн төслийг батлан гаргалаа.
-Ээлжит бус чуулганаас ард түмэн их зүйл хүлээж байна. Өнгөрөгч хаврын чуулганы ээлжит бус чуулган шиг үр дүнгүй хурал болчих юм биш биз гэсэн хүмүүсийн хардлага байна. Та яаж харж байна вэ?
-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд нь орж ирээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Одоо хамгийн ихээр яригдаж буй төсвийн тодотгол хамгийн түрүүнд яригдах байх. Засгийн газраас хэлэлцэх асуудлын жагсаалтыг оруулж ирэхээр бүх зүйл тодорхой болно.