Ч.Алтангааяа: Хийж бүтээх оргилуун хүсэл Монголчуудад байна
Монголын Үйлдвэрлэлийн Хоршооллын төв холбооны Ерөнхийлөгч Ч.Алтангааяа
2014.01.08

Ч.Алтангааяа: Хийж бүтээх оргилуун хүсэл Монголчуудад байна

Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны ерөнхийлөгч Ч.Алтангааяатай ЖДҮ-ийн хөгжлийн асуудлаар ярилцлаа. Тус холбоо нь 83 жилийн түүхтэй бөгөөд ЖДҮ эрхлэгчдийн 70 гаруй хувийг эзэлж буй ахуйн үйлчилгээний салбарын бодлого мөн ЖДҮ үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоршоо аж ахуй нэгжийн эрх ашгийг хамгаалдаг. Тус холбоо ахуйн үйлчилгээний нийт 18000 гишүүдтэй.

Ахуйн үйлчилгээ: Үсчин, гутал засвар, оёдол засвар, дархан, гэрэл зурагчин гэх мэт.

-Статистикаас харахад ЖДҮ-ийн салбарын 70-80 хувийг худалдаа үйлчилгээ, ахуйн үйлчилгээний салбар эзэлж байгаа юм. Тэгэхээр ахуйн үйлчилгээний салбарынхан ЖДҮ рүү чиглэсэн төсөл хөтөлбөр, зээлд хамрагдаж чаддаг уу?

Манай ахуйн үйлчилгээ эрхлэгчид ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах нь цөөхөн.  Харин худалдааны салбарынхан капиталтай болсон байдаг учир дэлгүүрээ барьцаалаад зээл авчихдаг. Харин ахуйн үйлчилгээнийхэн хүний байранд түрээсээр байдаг учир хэцүү. Нэг талдаа амиа аргацаагаад, нөгөө талдаа төрд гай болохгүйгээр орлогоо олоод ардаа байгаа таван хүнээ тэжээгээд явж байна.

Гэхдээ ахуйн үйлчилгээний салбарынхан бүгдээрээ ядуу юу гэвэл үгүй. Тодорхой хэмжээнд өсч дэвжээд сайн яваа газрууд олон бий. Манай үсчин гоо сайхны салбар өндөр түвшинд хөгжиж сайн үйлчилгээтэй салонууд байгуулагдаж байна. Түүнчлэн фото зургийн студи, засварын чиглэлээр оёдол, гутал засварынхан салоны зэрэглэлд орох болсон. Жил ирэх тусам хөгжлийнхөө явцаар томорч, олон улсын жишиг рүү дөхөж байгаа нь сайшаалтай.

-Орон нутгийн ЖДҮ-г хөгжүүлэхээр Сум хөгжүүлэх сангаас иргэдэд өгч буй зээлийн нэлээдгүй хэсэг нь ахуйн үйлчилгээний салбарт зарцуулагдаж байгаа. Үр дүнгээ хэр өгч байгаа вэ?

Их эрчимжиж байгаа. Ахуйн үйлчилгээний салбарын онцлогоос шалтгаалж, хөрөнгийн эргэлт сайн учраас сум хөгжүүлэх сангаас зээлээ

Улсын төсвийн 300,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулсан. Нийт 14 өрөөтэй..Ажлын талбай 205,65м2 , ашигтай талбай 173,61м2

төлөх чадварыг нь харгалзаж зээл олгож байгаа байх. Гэхдээ ерөнхийдөө ахуйн үйлчилгээний салбарт өгч байгаа зээл нь амсуулганы л зээл. Эргэлтийн мөнгөнд л нэмэртэй. Сум хөгжүүлэх сангаас хоёроос гурван сая төгрөгийг өгч байгаа.

Сумын ЖДҮ-г хөгжүүлэхийн сацуу фото зураг, гар утасны засвар, үсчин ахуйн үйлчилгээний төвийг цогц байдлаар хөгжүүлж, нэгдсэн байртай болговол олон хүн ажлын байраар хангагдана. Оны өмнөхөн Увс аймгийн Зүүнхангай, Өлгий, Өндөрхангай, Түргэн сумуудад ахуйн үйлчилгээний төвийг төсвийн хөрөнгөөр байгуулсан нь сайхан эхлэл болсон. 333 суманд байгуулах боломжтой.

-Засгийн газрын зүгээс ЖДҮ эрхлэгчдэд ажлын байрыг бий болгох үүднээс аймаг бүр, хотуудад 500-1000 хүний ажлын байрыг барихаар төлөвлөж байгаа юм билээ. Үүнд хамрагдаж байгаа гэсэн үг үү?

Ахуйн үйлчилгээний төв бол арай өөр.  Манай холбооны зүгээс Хөдөлмөрийн яамтай ярьж байгаа зүйлүүд бий. Тухайлбал орон нутагт хүн амынхаа тооноос шалтгаалаад ахуйн үйлчилгээний төвүүдийг барихаар төлөвлөж байгаа. Хамгийн гол нь тус төвийг олон улсын стандартад нийцсэн, чадварлаг ажилчидтай, хүний сэтгэлд хүрсэн үйлчилгээтэй болгох шаардлагыг тавина. Мөн орчин үеийн шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр дэмжих хэрэгтэй байгаа юм.

-Монголд ЖДҮ хөгжүүлэх талаар олон жилийн турш ярьсан байдаг ч энэ салбарт ажиллагсад сэтгэл хангалуун бус байгаа нь юутай холбоотой вэ. Хөгжихгүй байгаа шалтгаан юу байна?

Хэдхэн л шалтгаантай.Энэ салбарын хөгжлийн төлөө явж байгаа хүний хувьд үзэхэд Нэгдүгээрт: Монгол улс ченжийн тогтолцооноос салах хэрэгтэй. Зүгээр сууж мөнгө олдог хүн олон байна. Малчдаас махыг нь хямд үнээр аваад, худалдагч нарт үнэтэй зараад дундаас нь мөнгө олж, үнийг өсгөж, унагааж хиймлээр зохиодог. Ноос ноолуур, арьс шир мөн адилхан.

Түрээсийн дарамт

Манайх биржийн тогтолцоо руу шилжиж байгаа ч сонгодог утгаараа хөгжүүлж чадаагүй. Хоёрдугаарт: Түрээсийн дарамт.  ЖДҮ эрхлэгчид байшингийн эзний ашгийг нөхөх зорилгоор өглөөнөөс орой болтол махаа зулгааж, ажиллаж байна. Тиймээс хуримтлалыг бий болгож чаддаггүй.

Гуравдугаарт: НӨАТ-ын татварын босгыг өндөрсгөж, бүх хүн НӨАТ төлөгч болох ёстой. Гэтэл байшин түрээслэж байгаа нь аж ахуй нэгж биш учраас татвар төлдөггүй. Ийм ялгаатай байдалд нийгэмд тогтчихоод байна. Манай ЖДҮ эрхлэгч, ахуйн үйлчилгээнийхэн ихэвчлэн Нарантуул захаас материалаа авдаг. Гэтэл тэндхийн худалдаачид татвар төлөгч биш учраас ЖДҮ эрхлэгчдэд ямар ч баримт өгдөггүй. Жишээ нь модны салбарын хэдхэн ченж атгаж баяжиж байна. Гэтэл модоор ор, шкаф хийдэг үйлдвэрлэгчид баяжих нь ховор. Эсрэгээрээ бүх зүйл эргэчихсэн. Энэ бүгдээс ард түмэн л хохирч байна.

Тиймээс баялаг бүтээдэг үйлдвэрлэдэг хүмүүсээ дэмжих ёстой. Дээрх гурваас салж байж ЖДҮ хөгжинө. Үнэхээр юм хийж бүтээе гэсэн оргилуун хүсэл монгол хүн бүрт байна.

-ЖДҮ-ийн тухай хуулийн өөрчлөлтийг олон хүн хүсэн хүлээж байгаа. Таны байр суурь ямар байдаг вэ?

Хуулиа өөрчлөх хэрэгтэй. ЖДҮ-ийн хууль тийм ч төгөлдөр болж чадаагүй. Миний бодлоор лобби орчихсон. 76 гишүүд маань жижиг үйлдвэрлэгч нарт биш, томоохон компаниас тасарсан охин компанид зээл олгуулах гэж хуулийг  завхруулсан.

Гэтэл ЖДҮ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад тодорхой туршлага хуримтлуулчихсан, газруудад зээл олддоггүй. Харин шинэ нэртэй, цаанаа томоохон компаний охин компаниуд зээл авчихдаг.  

-ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийн гаалийн татвараас чөлөөлөх хуулийн хугацаа шинэ оноор дуусгавар болж байгаа. Үүнийг сунгах хэрэгтэй юу.

Сунгах хэрэгтэй. Ахуйн үйлчилгээний салбарынхан ихэвчлэн хувь хүмүүс байдаг. Гэтэл үйлчилгээ явуулж, үйлдвэрлэл эрхлэх гээд тоног төхөөрөмж оруулаад чөлөөлөлтөд хамрагдах гэхээр асуудал үүсдэг. Учир нь гаалийнхан та татвар төлдөг, тогтвортой үйл ажиллагаатай, аж ахуй нэгж байх ёстой гэсэн шаардлагыг гаргаж ирээд дунд нь нугалаа үүсгэчихсэн. Энэ асуудлаар олон гомдол санал ирээд салбарын яаманд уламжилж, хурал зөвлөлгөөн хийсэн. Удахгүй асуудлыг шийдэх байх.

-Ахуйн үйлчилгээний салбар хөгжиж байгаа гэж та түрүүн хэлсэн. Гадныхан монголд ирээд үйлчилгээ ерөөсөө байхгүй гэж хэлдэг. Энэ байдлыг хэрхэн сайжруулах вэ?

Бид нар 2013 оны 11 сард Ахуйн үйлчилгээний салбарын залуусын чуулга уулзалтыг хийсэн. Тус хурлаас чанартай мэргэжилтэй ажилтны тогтолцоо маш муу болсон талаар шүүмжилсэн. Муу багшаар заалгасан шавь муу ажилтан болж байгаа учраас МСҮТ-ийн сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийх хэрэгтэй гэдгийг Хөдөлмөрийн яаманд уламжилсан. МСҮТ маань өөрөө хоцрогдоод байна.

Насан туршийнхаа баялгийг үнэ төлбөргүй олж авна гэдэг нь маш сайн хэрэг учраас хүн бүр дээд боловсролын хоосон дипломоос илүү МСҮТ-ийг сонгох болсон.

 Ярилцсанд баярлалаа.