Г.Дүгэрээ: Хөөстэй төсөл хийгч, хөөстэй төсөл шалгаруулагч хоёрт нэг шалтгаан бий
Монголын Жижиг дунд Үйлдвэрлэл, Худалдаа Ахуйн үйлчилгээ, Аялал жуулчлалын салбарын ажилтны үйлвэрчний эвлэлийн холбооны дарга, Засгийн газрын дэргэдэх хөдөлмөр нийгмийн зөвлөлийн гурван талт Үндэсний хорооны гишүүн Г.Дүгэрээ
2014.01.07

Г.Дүгэрээ: Хөөстэй төсөл хийгч, хөөстэй төсөл шалгаруулагч хоёрт нэг шалтгаан бий

Монголын жижиг дунд үйлдвэрлэл, Худалдаа Ахуйн үйлчилгээ, Аялал жуулчлалын салбарын ажилтны үйлвэрчний эвлэлийн холбооны дарга, Засгийн газрын дэргэдэх хөдөлмөр нийгмийн зөвлөлийн гурван талт Үндэсний хорооны гишүүн Г.Дүгэрээтэй ярилцлаа.

-Та үйлдвэрлэлийн салбарт 50 гаруй жил ажилласан туршлагатай хүн. Одоо ч жижиг дунд үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлаар ҮЭ-ийн холбоо талаас нь дэмжиж ажилладаг. Таныхаар ЖДҮ эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ. Ийн асуусны учир нь ЖДҮ эрхлэгчдийн өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин тун ойлгомжгүй бөгөөд хэт томдсон тодорхойлолт байгаад байгаа юм.

Би Дархан, Эрдэнэт хотыг босгоход гар бие оролцсон хүн. Үйлдвэрлэлийн салбарт 32 жил, үлдсэн хорь гаруй жилийг хувийн компаний  захирлаар ажилласан. Ерөнхийдөө жижиг дунд үйлдвэрлэлийг тодорхойлохдоо хуулийн талаас нь ажиллагсдын тоо, орлогын хэмжээ гэсэн хоёр үзүүлэлтээр заасан байдаг. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж тайлан балансаа гаргаж өгдөг, борлуулалт хийдэг 50-иад мянган аж ахуй нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 98 хувийнх нь ихэнх нь  1-9 хүртэлх ажиллагсадтай жижиг аж ахуй нэгжүүд байдаг юм. Тэгэхээр бид нар ямар янзын эдийн засагтай байгаа нь ойлгомжтой. Маш жижиг аж ахуйн нэгжүүд байна шүү дээ.  

-Тиймээс ЖДҮ-ийг асуудлыг жижиг, дунд гэдгээр нь хоёр салгаж, тусдаа бодлогоор хөгжүүлье хэмээн бизнес эрхлэгчид хэлдэг. Учир нь жижиг аж ахуй нэгжийн нэрээр олон төсөл хөтөлбөр байдаг ч, үнэн хэрэгтээ цөөн хэдэн дунд үйлдвэрүүд хамаг зээлийг нь авчихдаг. Зээл эзэндээ хүрч чадахгүй байгааг хүмүүс шүүмжилдэг?

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл арилжааны банкаар

Үхрийн шир, хонь, ямааны арьс зэргээр гутал хийнэ.

дамжиж байгаа учраас банк өөрийнхөө эрсдлийг маш сайн тооцох нь ойлгомжтой. Өндөр шалгуур тавьж, барьцаа хөрөнгө шаардахаар жижигчүүд хэцүүдэж байгаа юм. Мэдээж буриад гутал хийдэг авгай, нөхөр хоёрт 100 сая төгрөгийг зээлчихээд хэзээ эргүүлж төлөхийг нь хүлээх утгагүй. Энд бас зовлонтой.

-Зээлийг үр дүнтэй болгохын тулд яах ёстой юм бэ. Санхүүжилтийн асуудал бол ЖДҮ эрхлэгчдийн номер нэг шийдэх ёстой зүйл шүү дээ?

Салбарын үйлдвэрчний эвлэлийн байр сууринаас харахад зээлийг зорилттой болгох саналтай байна. Өмнө нь бол хэн төсөл бичээд ирнэ, түүнд нь өгчихдөг байсан. Үүнийг улам сайжруулж тухайн зээлийг хэнд, юунд зориулж өгөх вэ гэдгийг давхар шүүлтүүрээр шүүж шалгах хэрэгтэй. ЖДҮ-гийн зээл авсан зарим аж ахуй нэгж, хувь хүмүүс зээлээ яг төслийн зориулалтаар бус хувийнхаа зүйлд зарцуулсан тохиолдол зөндөө л байдаг.

Зарим хөл дээрээ босчихсон үйлдвэрлэгчдэд зээл хэрэггүй. Харин зээл хэрэгтэй үйлдвэрлэгчид зээл өгөхдөө тухайн орон нутгийн засаг захиргаа бодлогоор зохицуулах ёстой юм. Зээлийн хязгаарыг тоогоор тогтоож, тулгаж өгч байгаа нь буруу. Тухайлбал 30 сая төгрөгийн төсөл бичсэн хүн таван сая төгрөг л авах боломжтой болж байгаа юм. Энэ нь нэг талаас төсөл хийгч өөрөө хөөстэй төсөл хийдэг, нөгөө талаар шалгаруулагч нь хөөстэй төсөл хийсэн гэж харддаг зовлон бий.

-Тэгэхээр төсөл шалгаруулах болон зээлийг зорилттой болгох гол гарц нь юу гэж та бодож байна?

Гарц байлгүй яах вэ. Өнгөрсөн намар Баян-Өлгийд явж байхдаа сайн жишээтэй таарсан. Тус аймгийнхан 2013 оны ЖДҮ-ийн төслийг шалгаруулахдаа мөнгөний тоо заалгүйгээр шалгаруулсан нь их зөв санагдсан.  Төсөлд нь яг тааруулж мөнгөө тулгаж өгсөн байсан. Орон нутгийн хүмүүс бие биенээ сайн мэддэг учир энэ жил нэг үйлдвэрлэгчийнхээ төслийг шалгаруулж дэмжчихээд, дараа жил нь өөр хүнийхийг гэх байдлаар ээлж дараалан олгохоор тогтсон байна лээ.

Үүнээс гадна бас нэг санаа гарсан. Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг өгөхдөө хуучин зээлтэй байсан хүмүүсийн арилжааны зээлийг найман хувь рүү гулсуулах байдлаар зохицуулсан нь их зөв ажил болсон. Тиймээс ЖДҮ-гийн зээлийг ч мөн адил аргаар зохицуулах боломжтой. ЖДҮ эрхлэгчид ямар нэгэн байдлаар зээлтэй байгаа. Шинээр баахан зээл өгч байхынхаа оронд хуучин зээлийнх нь нөхцлийг сайжруулах замаар дэмжиж болно. Тэгэхгүй бол арилжааны банкны зээлийн хүү маш өндөр, хугацаа богино байгаа шүү дээ.

- ЖДҮ яагаад босч чадахгүй байна вэ гээд судлаад үзэхээр өөрийн гэсэн байргүй учир байрны түрээсэнд маш их мөнгө зарцуулдаг гэдгийг тогтоосон. Энэ асуудлыг шийдэхээр танай ҮЭ-ийн зүгээс ямар ажлыг хийж байна вэ?

Засгийн газар мөрийн хөтөлбөрөө боловсруулж байх үед манай холбоо өөрсдийн саналаа тавьсан нь одоо тусгагдсан байна лээ. Улсын орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвүүдэд 500-аас доошгүй, Дархан, Эрдэнэт хот, Нийслэлийн дүүргүүдэд 1000-гаас доошгүй нэгдсэн байр байгуулаач гэсэн саналыг өгсөн. Дөнгөж саяхан би Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзсан.  Ерөнхий

Баян-Өлгийн аймгийн ЖДҮ эрхлэгчид дээрх байгууллагуудыг санхүүжилтын эх үүсвэрийг бий болгосон гэж хариулжээ.

сайдын 2014 оны төлөвлөгөөнд дүүрэг бүрт нэгдсэн байр бий болгох талаар тусгасан байгааг хараад баярласан. Я.Санжмятав сайдтай хийсэн салбарын хэлэлцээрийн хүрээнд ч энэ асуудлыг ярьж байгаа.

ЖДҮ эрхлэгчдийг ажлын байрны түрээсийн дарамтнаас гаргана гэдэг нь маш том дэмжлэг бөгөөд асуудлаас гарах гарц. Ингэснээр нэгдүгээрт үйлдвэрлэлийн тогтвортой байдал хангагдана. Хоёрдугаарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал сайжирч, стандартын нөхцөл хангагдана. Өнөөдөр манай оёдлын цех, үсчингүүд бүгд л байрны орц, подвалд үйл ажиллагаа явуулж байна шүү дээ.

Гэтэл аймаг бүрт хуучин нийгмийн үед байгуулагдсан ахуйн үйлчилгээний комбинатын байр амьгүй байсаар. Зарим аймгууд нь сэргээж байгаа ч хангалтгүй.

-ЖДҮ эрхлэгчдийн нэг толгойны өвчин нь мэргэжилтэй ажиллах хүчин байдаг. Сүүлийн үед МСҮТ-ийг дэмжих байдлаар боловсон хүчинг бэлдэхэд улсаас анхаарч байгаа. Хэр үр дүнгээ өгч байгаа вэ?  

Зээл өгөөд л байхаас илүүтэй дэмжлэг бол чухам энэ л юм.  Юуны өмнө хүнийг нь сургаж, мэргэжлийн ур чадвартай болгож, техникийн шинэчлэл хийх хэрэгтэй. Түүнчлэн бизнес инкубатор төвүүдийг утгаар нь ажиллуулах шаардлагатай. Одоо тодорхой харьяалалгүй яваад байна. 2014 онд Манай ҮЭ, Хөдөлмөрийн институтитай хамтраад ажлын байран дах сургалт гэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ажилчин, захирлыг нь ажлын байран дээр нь адилхан сургана.

Манай үйлдвэрчний зүгээс энэ ажлыг хийх ёстой. Яагаад гэвэл ажилчин хүнийг сургаад, ажлын бүтээмж, ажлаа хийх сонирхлыг нь бий болгох нь хөдөлмөрийн эрх ашгийг хамгаалж буй маш том хэлбэр.  

Хүн тогтвортой ажиллаж, ажил мэргэжлээрээ өсч дэвжиж байвал ажлын бүтээмж өсч, бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Бүтээгдэхүүн нэмэгдэхээр компаний борлуулалт өснө. Компанид хуримтлал бий болохоор улс орны хөгжилд тустай.

-Таны мэдэж буйгаар хамгийн их үр дүнгээ өгсөн ЖДҮ-г дэмжсэн ямар төсөл хөтөлбөр байдаг вэ?

Хөдөө аж ахуйн салбар луу чиглэсэн зээл хөтөлбөрүүд үр дүнгээ сайн

Мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улсын мал сүргийн тоо 2013 оны эцэст  45 сая гаруй толгойд хүрч өмнөх оныхоо 10.2 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

өгдөг. Салбарын онцлогоос шалтгаалж, эргэлт нь түргэн учраас тэгдэг байх. Малаа өсгөнө гэвэл өсгөчихнө, ногоо тариад хураагаад авчихна.

Үүнээс өөр хөтөлбөр, зээлийг барин тавин хэлэхэд хэцүү. Харин орон нутагт өөрсдийн санаачлага, идэвхи зүгтгэлээр боссон нэг хүний нөхөрлөл хоршоо бий. Улсын хэмжээнд гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо 200-гаад хүнийг ажлын байртай болгож чадсан учраас их сайн жишээ юм.

-ЖДҮ хөгжихгүй байгаа нэг шалтгаан нь логистик сул хөгжсөнтэй холбоотой гэдэгтэй та санал нийлэх үү?

Зохицуулалт муу байгаатай холбоотой. Хэрэгцээ нөөцөндөө тулгуурлаад үйлдвэрлэлийг зохицуулахгүй байна. Хамгийн энгийн жишээ гэхэд манай тариаланчид нэг жил манжин тариад ашигтай байвал дараа жил нь сонгино, байцаагаа хаяад бүгд манжин тарьчихдаг. Ингээд л ямар ч судалгаа, хэрэгцээ мэдрэлгүй баахан илүүдэлтэй болоод шатчихдаг. Үүнийг орон нутгийн засаг захиргааны байгууллага сайн зохицуулж өгөх ёстой. Хэрэгцээ Мэдээлэл сайн өгөх хэрэгтэй.

Гадаадын үндэстэн дамнасан корпорацийн захирлууд энгийн нэг гутал тослогчоос амжилтын гараагаа эхэлсэн байдаг. Бүхий л амьдралаа ганцхан зүйлд зориулж чаддаг. Гэтэл манайхан өнөөдөр нэг зүйл эхлээд болохгүй бол маргааш нь өөр зүйл сонгодог. Ингэхээр жижиг дунд үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний борлуулалтын менежмент ерөөсөө байхгүй гэсэн үг. Үйлдвэрлэгчид борлуулалтаа хийж чаддаггүй. Үйлдвэрлэлээ зохицуулж чадахгүй байгаа юм чинь борлуулалтаа зохицуулж чадахгүй нь ойлгомжтой.  

Борлуулалт хийж чадахгүй байгаа нь зохицуулалтгүй үйлдвэрлэл явуулж байна гэсэн үг. Тиймээс энэ тал дээр үйлдвэрлэгчдэд туслах ёстой. Тэмдэглэлийн дэвтэр хийдэг хүн дэвтрээ л сайн хийхээ бодохоос биш борлуулах гээд явж байх цаг, хүч нь байдаггүй. Энэ бол эдийн засгийн энгийн логик. Тиймээс бүтээгдэхүүний борлуулалтыг нь зохицуулж өгөх хэрэгтэй. Үзэсгэлэн худалдаа, гадаад дотоодын худалдан авагчдыг татах ёстой. Бид өнөөдөр үйлдвэрлэгч, худалдаачин хоёроо уулзуулж чадахгүй байна. Тиймээс л монголын хэдэн худалдаачид амь насаараа дэнчин тавьж Эрээнээс бараа авчирдаг. Гэтэл энд байгаа үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүн үйлдвэрлээд л байдаг. Борлуулалтын менежментийг сайжруулах хэрэгтэй.

 Ярилцсанд баярлалаа.