“Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
2013.12.20

“Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар зохион байгуулсан “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт өнөөдөр Иргэний танхимд боллоо.

Уулзалтад Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын прокурорын газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, эмнэлгүүдийн төлөөлөл, их дээд сургуулиудын сонсогчид болон иргэд оролцлоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

Өнөө үед гэр бүлийн хүчирхийлэл боолчлол болсон байна гэдгийг дуулгаад "Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе" хэмээн уриалсан юм. "Гэр бүлд эрхийн, хөрөнгө мөнгөний, ёс зүйн, бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны зэрэг хүчирхийллүүд оршиж байна" гэв.  Мөн хүчирхийлэлд өртөгчдийн 80 гаруй хувь нь бага насны охид, бүсгүйчүүд, өсвөр насны охид, эмэгтэйчүүд байдаг аж. Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн хамааралтай хүмүүс байдаг бөгөөд эхнэр, нөхөр, хамаатан садны дунд болж байдаг аж.

Түүнчлэн манай улсын 3 өрх тутмын нэг гэр бүлд хүчирхийллийн ямар нэгэн хэлбэр оршиж байдаг гэдгийг Ерөнхийлөгч хэллээ. Дэлхийн 3 дугаар дайн гэр бүлд болж байна гэж нэгэн судлаачийн үгийг тэрээр илтгэлдээ дурдав. Тэрээр "Охидоо хамгаалж чадахгүй бол Монголоо хамгаалж чадахгүй, Хүнээ хамгаалж чадахгүй бол хүнлэг нийгмээ хамгаалж чадахгүй" гэлээ.

Мөн эрчүүдэд хандан "Бүгдээрээ жинхэнэ эрчүүд байя, Охид бүсгүйчүүдээ хамгаалья" хэмээн уриалсан юм. Гэр бүлийн хүчирхийлэлийн хүчирхийлэл цаашид гарахгүй байлгах арга хэмжээг авна гэдгийг хэлээд 2013 он хүчирхийлэгчдийн хувьд сүүлийн жил байх болно гэв. Тэрээр  гэр бүлийн хүчирхийллийн эсрэг мэргэшсэн эмэгтэй мэргэжилтнүүдийг олноор бэлтгэх шаардлагатай байна гэлээ.

Ингэснээр мэргэжлийн томоохон баг ажиллуулж, хохирогчидтой эмэгтэй мэргэжилтэн уулзах нь тохиромжтой хэмээн үзжээ. Мөн хохирогчдыг хамгаалах нэг цэгийн үйлчилгээг олноор байгуулах шаардлагатай гэв. Өнөөдрийн байдлаар нийслэлд 5 цэг үйл ажиллагаа явуулдаг байна. Цаашлаад аймаг бүрт байгуулах аж.

Түүнчлэн хохирогч болсон, хохирох магадлалтай хүмүүсийн судалгааг гаргах хэрэгтэй байна гэсэн юм. Илтгэлийн төгсгөлд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн үү, хүчирхийлэл хийж байсан уу гэсэн асуултыг хэлэлцүүлэгт оролцогчдоос асуув. Харин хэн ч хариулаагүй бөгөөд Ерөнхийлөгч хариулахад ийм төвөгтэй, нуугдмал энэ асуудлыг арилгахын төлөө ажиллана гэдгээ хэлсэн юм.