Мөрдөх албаны хуулийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулав
УИХ-ын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Мөрдөх албаны тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа.
Тус хурлаар манай улс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бодис болон олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг дэлхийн хоёр томоохон конвенцид нэгдэн орж холбогдох үүрэг хариуцлага хүлээсэн, түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөрдөх алба ба тусгайлсан чиг үүрэгтэй зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөх алба байгуулна гэж заасан нь дээрх хуулийг боловсруулах үндэслэл болсон гэж ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Д.Батцогт үзэж байлаа.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
Сүүлийн үед Монголд үндэстэн дамнасан шинжтэй гэмт хэргүүд олон гарах болж, үүнтэй тэмцэхэд өнөөгийн мөрдөн байцаах, эрүүгийн цагдаа, шүүх, тагнуулын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт шаардлага хангахгүй байгаа учраас тэдний хүчийг нэгтгэх механизмыг тус хууль бий болгоно гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байв.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Тэрээр хэлэхдээ Тагнуулын хууль, Гэмт хэргийн тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль зэрэг бусад олон хуультай холбогдох учраас нарийн судалгаа хийх хэрэгтэй гэж үзсэн юм. Түүний саналыг Хууль зүйн байнгын хорооны олонхи гишүүд дэмжиж хуулийн төслийг долоо хоногийн дараа дахин хэлэлцэхээр боллоо.