Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг УИХ дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай,, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Батцогт танилцууллаа. Уг хуулийн төслийг УИХ анхан шатанд хэлэлцээд зарим зарчмын болон найруулгын шинжтэй асуудлыг нэг мөр болгохыг Эдийн Засгийн Байнгын Хороонд даалгасан.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шаардлагатай гэсэн зарим нэг заалтыг нэмж оруулсан байна. Мөн хэд хэдэн заалтын нэр томъёог сольж найруулгын засвар хийжээ. Өөрчлөлт бүрээр санал хурааж батлав.
Хуулийн төсөл уг нь энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих ёстой байв. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх хугацааны талаар гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн, Барилга, Хот Байгуулалтын Сайд Ц.Баярсайхан:
Уг хуулийн төслийг бэлтгэхээс өмнө бид орон нутгийн удирдлагуудтай уулзаж санал авсан юм. Одоо ашиглаж буй газруудын хугацаа нь дуусчихсан байгаа. Тиймээс хайгуул хийх шаардлагатай байна. Удахгүй барилгын ажил эхлэх учраас шаардлагатай дүрэм, журмыг нь хурдан батлаад өгчих хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Уул Уурхайн Яам кадастрын асуудлаа хариуцаад явчихна. Түүнээс гадна материал үйлдвэрлэгч компаниудын ажлыг харгалзах хэрэгтэй. Тиймээс хойшлуулалгүй хуулийг ердийн журмаар нь хэрэгжүүлсэн нь дээр. Хуулинд асуудал гарвал түргэн хугацаанд өргөн барьж шийдүүлэх болно.
Санал хураасны үр дүнд 61 хувийн саналаар хуулийг ердийн журмаар мөрдөхөөр боллоо.
Эцэст нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг бүхэлд нь дэмжлээ.