Д.Батцогт: УИХ-ын ажлын уялдаа муу байгаа учраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль төрийн бодлоготойгоо зөрчилдсөн
УИХ-ын гишүүн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийг батлуулах ажлын хэсгийн ахлагч Д.Батцогтоос дараах тодруулгыг авлаа.
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой олон өөр санал, шүүмжлэлүүд гарч байгаа. Зөвхөн элс, хайргыг хуульчлах шаардлагагүй гэх мэтээр?
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль гэж гаргаж байгаа нь буруу гэж шүүмжлэх гишүүд байна. Тэд түгээмэл тархацтай ашигт малтмалыг Ашигт малтмалын нэгдсэн хуулиар зохицуулах ёстой гэж үзээд байгаа юм. Гэхдээ зарим улс орнууд барилгын материалд өргөнөөр хэрэглэгддэг Элс, хайрганы хууль гээд гаргачихсан байх жишээтэй. Энэ нь удаан явцтай байсан бүтээн байгуулалтыг түргэсгэж, өндөр өртөгтэй барилгын үнийг хямдруулахад түлхэц нөлөө үзүүлсэн байдаг юм билээ.
Өнөөдрийн Монгол Улсад нийслэл, аймаг, сум, дүүрэггүй л бүтээн байгуулалт хийж байна. Ийм нөхцөлд хайрга, дайрга, элс, шаврын нийлүүлэлтийг хялбар, хүнд суртлаас хол байлгахын тулд Тусгай зөвшөөрөл олгох эрхийг нь аймаг, дүүргийн удирдлагуудад өгөх хэрэгтэй гэж үзсэн. Хууль батлагдчихвал элс, хайрганы ордын тусгай зөвшөөрлийг олгох эсэхийг аймгийн Засаг даргын гарын үсгээр баталгаажуулж ИТХ нь хэлэлцэн шийднэ гэсэн үг.
Мөн ТЭЗҮ, нөөц тогтоох гэх мэт асуудлыг нь Эрдэс баялгийн зөвлөл шийдэхээр заалт орж байгаа. Нэг үгээр хэлбэл аймгийн удирдлагууд, Эрдэс баялгийн зөвлөл ямар нэгэн хүнд суртал гаргалгүй дор бүр нь асуудлыг шийддэг болно гэсэн үг. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг удахгүй хийгдэнэ.
-Зөвшөөрлийг орон нутагт шилжүүлснээр ямар давуу талууд бий болно гэж үзэж байгаа вэ. Зөвшөөрөл олгох эрх мэдлийг аймгуудын Засаг даргад өгснөөр тэнд монополь байдал үүсч, мөнгөтэй компаниуд ноёрхох юм биш үү гэсэн хардлага бий?
-Нутгийн удирдлага түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглуулахдаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэлгүй ажиллаж чадаж байна уу. Нөхөн сэргээлт хийж байна уу гэх мэт асуудалд ойроос хяналт тавих боломжтой болно. Түүнчлэн нутаг орноо мэддэг хүмүүс хаана ямар ордтой байвал байгаль орчин хийгээд эдийн засагт ашигтай вэ гэдгээ мэддэг учраас давуу талууд улам нэмэгдэнэ.
Нөхөн сэргээлт хийж байна уу гэх мэт асуудалд ойроос хяналт тавих боломжтой болно.
Тэгэхгүйгээр хотод байдаг нэг дарга тухайн ордыг нь очиж үзэлгүйгээр зөвшөөрөл олгоод байна гэдэг ихээхэн учир дутагдалтай. Тэгээд ч хаа байсан Ховд, Баян- Өлгий аймаг руу Улаанбаатараас хяналт тавьж чаддаггүй шүү дээ. Харин нэг компани давуу эрх эдлэх юм биш биз гэсэн хардлага хаа газар байна. Үүнийг иргэд, аймгийн удирдлагууд, байгаль орчны төлөөх ТББ-уудын хяналтаар шийднэ. Хууль зөрчвөл хариуцлага хүлээдэг журмыг хийж өгсөн нь үүнийг таслан зогсоох гол түлхүүр болж өгч байгаа юм.
-Тухайлбал хайргыг олборлолоо гэж үзье. Голын голдрилыг өөрчлөх, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гээд олон асуудал бий?
-Тийм болгоомжлол бий. Олон гишүүн хэлж, ярьж байна. Гэхдээ энэ асуудал урт нэртэй хуулиараа зохицуулагдаад явчих учраас санаа зоволтгүй гэж үзсэн. Голын ай сав газарт ашигт малтмал эрэн хайх олборлохыг хориглосон заалттай шүү дээ. Тэгэхээр урт нэртэй хуулийг сайн хэрэгжүүлэх л үлдэж байгаа юм.
-Хуулийн бас нэг зорилго нь иргэдийг үнийн дарамтаас гаргах. Хуульд үнийн зохицуулалтыг яаж тусгав?
-Татвар хураамжийг өнөөдөр авч байгаагаас нь доогуур байхаар зааж өгсөн. Ингээд нийт татвар хураамжийн 70 хувийг орон нутгийн төсөвт, 30 хувийг улсын төсөвт төвлөрүүлж байх тооцоололтой байгаа. Иргэн Дорж хувийн байшин барихад төлбөр гээд байх зүйл гарахгүй.
Харин улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт, барилга барихтай холбоотойгоор 0- 20 га талбай тутамд таван мянган төгрөг, 200 га-гаас дээш бол га тутамд нь 20 мянган төгрөг байхаар тооцсон. Үүн дээр олборлолт тээвэрлэлтийн зардал, багахан хэмжээний ашиг нэмэгдэж иргэдийн гар дээр хүрнэ гэсэн үг. Мөн нөөц ашигласны татвар нь борлуулалтын үнийн дүнгийн 2.5 хувьтай тэнцүү байхаар заасан.
-Хяналтыг хэн тавьж, хариуцлагыг яаж үүрүүлэх юм бол?
-Хэн дуртай нь газар сэндийчиж хайрга аваад байдаг байдал алга болно гэсэн үг. Зөвшөөрөлгүйгээр хайгуул хийж, олборлож, борлуулсан бол хууль бусаар олсон ашиг, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг улсын орлого болгож цалингийн доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгоно гэж байгаа.
-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогод энэ хуулийг тусгайлан гаргах шаардлагагүй гэсэн заалт орсон. УИХ- аар хараахан батлагдаагүй ч УИХ-аар хэлэлцэж байгаа хоёр хууль зөрчилдөөд байгаа юм биш үү?
-Энэ хуулийн төслүүд хоорондоо зөрчилдсөн нь УИХ-ын ажлын уялдаа муу байгааг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл Төрөөс баримтлах бодлогыг батлах ажлын хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсгүүд тусдаа учраас ажил нь авцалдахгүй цаашлаад УИХ “муу ажилладаг" гэсэн үнэлгээг авахад хүргэж байна.
Тийм учраас түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс хайрга, дайрга, шаврыг тусдаа хуулиар зохицуулна гэсэн заалтыг эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогод нэмж тусгах шаардлагатай болоод байна. Шууд хэлбэл УИХ-ын ажлын уялдаа муу байгаа учраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль төрийн бодлоготойгоо зөрчилдлөө.
-Хоёр сайдын огцрох эсэхийг байнгын хороодоор хэлэлцээд улс төр бужигнаантай байна. Таны хувьд асуудалд яаж хандаж байна?
-Би бүлгийн байр суурьтай санал нэг байгаа. Ч.Улаан, Н.Батбаяр сайдыг огцруулах үндэслэл хангалтгүй гэж үзэж байна.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурч, дотоодын эдийн засаг унасан гэдэгтэй санал нийлэхгүй гэсэн үг үү?
-МАН-ынхны тавьж байгаа асуудал буруу биш. Энэ бол зарчмын асуудал. Нэг талаасаа Засгийн газарт сануулга өгч байгаа хэрэг. Нөгөө талаасаа үүнийг ташуур, ажил хийлгэх шахалт гэж хүлээн авах ёстой. Хэдийгээр олонхоороо аваад үлдэх боломжтой ч цаашдаа Засгийн газар МАН-ынхны иш, үндэслэл болгож байгаа бүхнийг анхаарч ажиллах ёстой. Дохио сануулга шүү гэдгийг нь давхар хэлэх хэрэгтэй байх.