Ж.Эрдэнэбат: Манай нам дотор хамтарч засаг барья гэсэн ганц нэг хүн байгааг үгүйсгэхгүй
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Байнгын хороод өнөөдрийнхөө (өчигдөр) хуралдаанаар дарга нарынхаа асуудлыг авч хэлэлцэн хуучин даргаараа цааш нь удирдуулахаар боллоо. Харин Төсвийн байнгын хороо чимээгүй өнгөрчих юм. Даргынхаа асуудлыг ярихгүй байсан юм уу?
-Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх дараалалд ороогүй тул энэ удаагийн байнгын хороо даргын асуудлаа хэлэлцээгүй. Байнгын хорооны дарга хоёр жилийн хугацаанд ажиллах боломжтой байдаг. Төсвийн байнгын хороо тэр журмаар явах байх.
-Ардын намын бүлгийн зүгээс хоёр сайдыг огцруулах өргөдөл гаргасан ч дэмжлэг аваагүй. Цаашид бүлгийн зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
-Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөөлөл гарч байна уу гэвэл үгүй. Харин хоёр сайдыг нь өөрчлөөд үзвэл гарч магадгүй. Манай эдийн засаг өсөлттэй байсан бол заавал уг хоёр сайдыг огцруулах хэмжээнд хүртэл ярих шаардлага байхгүй. Шинэчлэлийн гэгдэх Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засаг байнгын ухралтын байдалтай байсан нь уг асуудлыг хөндөхөөс өөр арга байсангүй. Хариуцлагагүй ажилласан хүмүүс хариуцлага хүлээж байж хөгжил ирнэ.
Тэгэхгүйгээр хэн нэгний толгойг илснээр эдийн засаг сэргэдэг бол хамаа алга л даа. Гэтэл эдийн засаг өсөлттэй байна хэмээн хэвлэл мэдээллээр мэдээлж байгаа ч бодит амьдрал дээр ямар ч өсөлт байхгүй нь мэдрэгдэж байна. Эдийн засаг дандаа уруу шааригдах биш өгсөж, буурч байсан энэ хүмүүс алдаа, оноотой ч ажиллаж байгаа юм байна гэж харах байлаа. Харамсалтай нь хоёр сайдын барьж буй бодлого буруу байсан.
-Хоёр сайдын хувьд өмнө нь засагт ажиллаж байсан хүмүүс. Эдийн засгийн туршлагатайгийн хувьд туршлагатай даа?
-Би Сэлэнгэ аймагт Санхүү хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ч.Улаан сайд их зарчимч хүн байлаа. Ний нуугүй хэлэхэд Ч.Улаан сайдын ажилд сэтгэл дундуур байгаа юм. Ямар учраас яагаад ийм байдалд хүрснээ өөртөө дүгнэлт хийж байгаа болов уу гэж бодож байна. Намайг орон нутагт ажиллаж байхад Ч.Улаан сайдын тавьж буй шаардлага, улс орны эдийн засгийг хөгжүүлэх тал дээр авч хэрэгжүүлж буй бодлого нь зөв зүйтэй явдаг байв.
Өмнө нь ажиллаж байсан туршлага дээр үндэслэхэд төсөв орлогын төлөвлөлт, зарцуулалт болохгүй байна гэдэг санал хэлж байсан юм. Ч.Улаан сайд эдийн засгийн өсөлттэй холбож төсвийг уялдуулж болохгүй гэж хэлж байх жишээтэй. Төсвийг зохицуулах гол үндэс нь эдийн засгийн өсөлт л байдаг. Эдийн засаг хэдий хэмжээгээр өсч чадна төсөв тэр хэмжээгээр нэмэгдэх бааз суурь болдог.
Бодит эдийн засгийн өсөлт бий болсон үед төсвийн орлого байнга өсдөг. Бодит бус эдийн засаг өссөн тул өнөөдөр төсөв тасарч байна. 2012 оны төсөв бодит эдийн засгийн өсөлттэй байсан юм. Тиймээс 600 гаруй тэрбум төгрөгөөр улсын орлого нэмэгдэж байлаа.
Гэтэл 2013 оны эдийн засаг бодит өсөлт биш. Өөрсдийнх нь хэлдгээр хөөс л байхгүй юу. Хөөс ихээр бий болсон үед орлого өмнөх оныхоос буурдаг. Ийм нөхцөл бий болчихоод байхад мэдсээр байж эдийн засгийн арвин туршлагатай хүн алдаж байгаа нь эрх баригчдад таалагдсан бодлого барьж байгаатай холбоотой.
-Хөрөнгө оруулалтын хуулиа баталсан. Одоо эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц хэд хэдэн хууль батлагдана. Ам.долларын ханш ч буураад эхэллээ. Ирэх оны төсөвт гэрэл гэгээ тусах шинж байна уу?
-Ам.долларын хувьд өмнө 1350 төгрөгтэй байж байгаад 1780 болоход хэн ч дуугараагүй. Бүгд л чимээгүй суусан. Одоо 100-хан төгрөгөөс ам.долларын ханшийг буулгасныхаа төлөө бодлогын шинж чанартай арга хэмжээ авсан гэж цээжээ дэлдэх шаардлагагүй. Бодлогын шинжтэй арга хэмжээ авсан бол энэ оны түвшингээр бүх асуудлыг ярьж байх ёстой. Гэтэл оны эхэнд 1350-тай байсан ам.доллар өнөөдөр 1640 төгрөг хүрсэн байгаа нь Засгийн газраас явуулж буй бодит бодлогын үр дүн мөн үү. Үүнийг бодох л хэрэгтэй.
Хэвлэлээс харж байхад арилжааны банкууд доллар зарах саналаа Монголбанкинд хүргүүлж байна гэсэн мэдээллийг харсан.
Хэвлэлээс харж байхад арилжааны банкууд доллар зарах саналаа Монголбанкинд хүргүүлж байна гэсэн мэдээллийг харсан. Арилжааны банкууд хаанаас валютын эх үүсвэртэй болов. Хөрөнгө оруулалт буурсан энэ үед арилжааны банкуудад хэн доллар байршуулаад байна вэ. Яахав ээ уг бодлого шинэ жилийн наана иргэдийн гарт байгаа валютыг татах зорилготой төр засгаас зохиомлоор явуулж байгаа арга хэмжээ байх.
Ирэх оны эхний хагасаас өмнө валютын хомсдолд орох болов уу. Яагаад гэхээр арилжааны банкууд, Монголбанк дээрх валют дуусч, иргэдийн гарт валютгүй болсон байна. Өмнө нь хэдэн сарын турш арилжааны банкууд Монголбанкнаас валют нэхэж байсан хэрнээ яаж гэнэт валюттай болчихов.
Ямар бодлогоор ингэж валюттай болсныг нь нэг талдаа би хардаж байна. Нөгөө талдаа уг бодлого удаан үргэлжилбэл улс орны эдийн засгийн нөхцөл байдал ард түмний нуруунд ачаа болохдоо асар хүнд ачаа болж бууна.
Сүүлийн дөрөв, таван жил гадаадаас улаан буудай импортлоогүй улс өнөөдөр 100 мянган тонныг импортолно. Үүнд татварын хөнгөлөлт үзүүлээч гэж байна. Тиймээс валютын урсгал мөн л гадагшаа байна гэсэн үг. Манай орны эдийн засагт орж буй валют нь гарч буй урсгалаасаа дандаа бага байдаг. Валютын гадагшлах урсгал байгаад байна гэдэг нь ам.долларын ханшийг буурахад хэзээ ч нөлөөлдөггүй.
-Эдийн засгийн байнгын хороон дээр Ашигт малтмалын тухай хуулийг оруулж хэлэлцлээ. Гар дээрээ уг хуулийн төслийг авч харсан уу. Ямаршуухан төсөл болсон бол?
-Одоогоор уг хуулийн төсөл надад ирээгүй. Хүмүүсийн хардаж байгаагаар Алтны ил тод байдлын тухай хуулийн санааг нэрийг нь өөрчлөөд буцаан оруулж ирж байна гэсэн. Үнэхээр тийм эсэхийг нь хараагүй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломж алга байна.
-Танай намын бүлгийн зүгээс гишүүдийг ажилдаа ирэхийг шаардаж байсан. Гэтэл үүнд арга хэмжээ авах зорилготой хурууны хээгээр бүртгэх төхөөрөмжийг суурилуулсны дараа янз бүрийн зүйл ярьж хойш чангааж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Манай намын бүлгийн гишүүд уг асуудалд тохирсон саналыг өмнө нь өгч байсан. Хуралдаа ирдэггүй, ирээгүй гишүүнийхээ өмнөөс санал өгдөг зөрчил энэ Их хуралд элбэг байна. Тиймээс УИХ-ын гишүүн хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, хурууны хээгээр саналаа өгдөг байя гээд хуулийн төсөл санаачлан оруулсан ч уг хуулийг жил орчмын хугацаанд огт хэлэлцээгүй. Тэгсэн хэрнээ эрх баригч намын гишүүний санаачилсан хуулийг хэдхэн хоногийн дотор хэлэлцэхээр оруулж ирж байгаа юм.
Уг хуулинд хурууны хээгээр ирцээ бүрдүүлнэ гэж заасан. Ирц бүрдүүлэх яахав ээ ямар нэгэн аргаар яаж ч бүрдүүлсэн болно. Хамгийн гол нь санал өгдөг асуудал нь чухал байхгүй юу. Энэхүү хуулийг харахад өглөө ирж ирцээ бүртгүүлчихээд яваад өгөхөд байг гэх газаргүй. Засгийн газрын 19 гишүүний 17 нь Их хуралд сууж байгаа болохоор тэд өөрсдөдөө таарсан хуулийг баталж байна.
Манай намын зүгээс оруулж ирсэн саналыг авч үзсэн бол ард түмний төлөөлөл болж Их хуралд орж ирсэн хүн ажлаа л хийх ёстой гэсэн шаардлага тавьсныг мэдэх юм. Цаашид Их хурлын гишүүд ажилдаа хариуцлагатай хандаж идэвхтэй байх ёстой. Бид эмч, багш нар ажлаа хийсэнгүй гэхийн оронд өөрсдөө ажлаа хийх хэрэгтэй.
-Сүүлийн үед гэнэт МАН-ын бүлгээс шаардлага хүргүүлж, шахаа хийж эхэлсэн нь магадгүй хамтарч засаг барих гэсэн санаархал байж мэднэ гэх юм. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Намын Их хурлын дараа бид орон нутагт ажилласан. Бидний тавьж буй шаардлага ард түмний шаардлага юм шүү. Намынхны очиж уулзсан газар бүрт амьдрал ахуй хүнд, бэрх байгаа тухай хэлж байсан. Ард түмний хэлсэн үгийг л бид чуулганы танхимд хэлж байгаа юм. Биднийг төрийн болохгүй бүтэхгүй зүйлсийг хэлж байх хэрэгтэй гэж ард түмнэ сонгоо биз дээ.
МАН-ынхан хөдөөгүүр явж ирчихээд худлаа ярьж байна гэж байгаа бол өөрсдөө орон нутагт очиж бодит байдалтай нь танилцах хэрэгтэй. Цаашид эрх баригчид энэ байдлаараа яваад байвал зөв зүйтэй шаардлагаа бид тавих л болно. Магадгүй бидэнтэй нэгдэх хүсэлтэй гишүүн байхыг үгүйсгэхгүй.
МАН-ын хувьд бид бодлогын үйл ажиллагаагаа сайжруулаач ээ гэдэг л шаардлага тавьж байгаа. Түүнээс хамтарч засагт оръё гэсэн бодол байхгүй. Яагаад гэхээр ийм уналттай байгаа эдийн засгаа өөд нь гаргахын тулд өөрсдөө хичээж ажиллах ёстой. МАН засагт орчихвол дуугарч байсан дуу хоолой үгүй болж мэднэ. Тиймээс алдаатай бодлогын үр дүнд эдийн засаг улам л уруудах болно.
Манай нам дотор хамтарч засаг барья гэсэн ганц нэг хүн байгааг үгүйсгэхгүй. Миний хувьд энэ Засгийн газартай хамтарч ажиллана гэдгийг огт таашаахгүй байна. Өмнө нь МАН 40 гаруй суудалтай байхдаа 20 гаруй суудалтай АН-ыг урьж Засгийн газартаа оруулж ажиллаж байсан.
Тэгэхгүй бол хоёр нам хоорондоо тэрсэлдээд ажил ерөөсөө урагшилдаггүй юм. Тэгэхэд УИХ-ын дэгийн тухай хуульд одоогийнх шиг өөрчлөлт оруулаагүй байсан. Нэг нам нь завсарлага авчихвал тодорхойгүй хугацаагаар завсарлага авах боломжтой байлаа. Түүнээс болж олон чухал ажил гацах нь энүүхэнд байсныг бид мэднэ. Одоо бол харин тийм байдал үгүй болсон.
-Танай намыг сүрхий шантаажчин нам болсон гэж ярих болсон?
-Ардчилсан нам шантаажчин нам байсан. Өөрсдийнхөө шийдвэрийг хэрэгжүүлэхийг тулд эрх барьж буй намыг дарамталж, шахдаг байсан. Тэгж өөрсдийнхөө шийдвэрийг гаргуулдаг байсан нь үнэн шүү дээ. Тэгэхэд гацаанаас гарахын тулд ардын нам АН-ыг засагтаа урьж байсан юм. Ингэснээрээ гацаанд ороод байсан эдийн засгийн өндөр ач холбогдолтой зүйлсийг хөдөлгөөнд оруулж гацаанаас гаргасан тул Монгол Улсын эдийн засагт өсөлт гарсан.
Одоо АН бүх муу муухайгаа МАН руу чихэж эхэлсэн. 20 гаруй жил засаг барьчихаад юу хийсэн юм гэж байна. Энэ хугацаанд 2.4 их наяд ам.долларын урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Уг зээл хөгжлийн зээл байсан. Шинэчлэлийн Засгийн газрын авч буй зүйл нь богино хугацааны бонд байхгүй юу. Энэ бол хөнгөлөлттэй зээл биш арилжааны зээл юм. Үүнд асар их ялгаа бий. МАН хөнгөлөлттэй зээл авч олон өөрчлөлтийг хийсэн гэдгийг мартах ёсгүй. Тэр үед АН юу хийж байсан юм. Хугацаагүй завсарлага, шантаажаа л хийж байсан байхгүй юу.
Тэр үеийн хамтарсан Засгийн газар Чалкотой гэрээ байгуулсан. 10 жилийн хугацаанд тогтвортойгоор Чалкотой нүүрс нийлүүлэхээр болсон. АН-ынхан тэгэхэд Монголын баялгийг эд нар Хятадад хямдхан өгөх гэлээ гэсээр байгаад уг гэрээг хүчингүй болгосон. Монголд нүүрснийх нь крант байгаа мэтээр эндүүрсэн. Бид нүүрсээ өгөхгүй байсан ч болно гээд байсан хүмүүс өнөөдөр өөрсдөө хятадуудыг царай алдан 40 ам.доллараар гэрээ байгуулъя гээд явж байна.
Аливаа хүнд холч ухаан гэж байх ёстой. Холч ухаанаар хандсан зүйлийг Ардчилсан нам ойлгоогүй. МАН-ын бүлэг 10 жилийн турш 70 ам.доллараар нүүрсээ гаргана гэж байсан. Эрх баригчид "Бид нүүрсээ өгөхгүй. Тэд гуйна" гэж тооцсон нь алдаатай байсныг харж байгаа биз. Өнөө нүүрсний крант Монголд биш Хятадад л байсан байхгүй юу. 70 ам.доллараар нүүрс гаргах гэрээгээ байлгаж байсан бол өнөөдөр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч байгаа үед бид л хожих байсан.
Үүнийг харж чадаагүй. Энэ мэтчилэн олон алдааныхаа дүнд хөрөнгө оруулагчдаа үргээсэн. Иймэрхүү алдаа дутагдлыг нь хэлэхээр "Та нарын алдааны лай ланчигийг үүрч байна" гэдэг. Уг нь лай ланчиг биш бодит үр дүн байсан юм.
-Сүүлийн үед бүлгийн даргаа солихоос эхлээд танай нам хөдөлгөөнтэй байлаа. Таныг бүлгийн дэд дарга болох гэж байгаа гэх юм?
-Их хурлаас хойш идэвхтэй ажиллаж байна. Цаашид ч ингэж ажиллана. Намын бүлгийн дэд дарга болъё гэсэн санаа надад алга.