2013.12.20

Л.Гантөмөр: Монголын боловсролын салбарт мөнгө маш хэрэгтэй

25-р суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр оролцож, боловсролын шинэчлэлийн талаар ярилаа.

Их сургууль төгсч ирээд шууд улс төр лүү орж байгаа хүн улс төрийг нэлээд гадарладаг байсан байж таарна. Та өмнө нь улс төрийн орчинд байж туршлага эзэмшсэн үү?

Улс орноо яавал хөгжүүлэх вэ гэсэн сэдвээр залуучууд хоорондоо их ярьдаг. Би Японд сурах үедээ японы улс төрчдийн амьдралыг нэлээд судалсан юм. Улс төр, эдийн засагт том гавьяа байгуулсан хүмүүсийн намтрыг унших, улс төрчидтэй уулзах боломж надад байлаа. Чөлөөт цагаа голдуу ахимаг насны япон ах эгч нартай өнгөрөөж, хамтдаа кофе ууж тэдний үнэтэй яриануудыг сонсдог байлаа. Оюутнууд яаж наргих вэ гэдэг дээр илүү санаа тавьдаг байтал би улс орноо яаж хөгжүүлэх вэ гэх мэтийн юм их ярьдаг байв. Харин монголд ирэхдээ монголын улс төрийн амьдралын талаар ямар ч төсөөлөлгүй байсан юм. Жилийн дараа би Ардчилсан Намд элсэж орлоо.

Таны японы улс төрийг сайн судалсан нь УИХ-д түргэн хугацаанд гарахад тань нөлөөлсөн болов уу  гэж бодогдож байна. Та анх УИХ-д орж ирэхдээ л төсвийн зардлыг багасгая, төрийн данхагар бүтцийг цомхотгоё гэсэн байр суурьтай байсныг санаж байна. Харин одоо сайдын өндөрлөгөөс та үүнийгээ хэрэгжүүлж чадаж байна уу?

Би номерын хязгаарлалттай өдрөөс бусад өдөр бол хувийн машинаа унадаг. Ер нь төсвийн зардал хэмнэх гэдэг Монголын төрд зайлшгүй чухал. Гэхдээ боловсролын салбарын зардлыг хэмнэнэ гэдэг боломжгүй. Учир нь Монголын өнөөгийн нөхцөлд боловсролд мөнгө маш их хэрэгтэй. Харин ч эсрэгээрээ багш нарын орлогыг сайжруулах, судалгааны ажлыг санхүүжүүлэхэд том хөрөнгө оруулалтууд чухал. Гэхдээ сайдын болон яамны зардлыг багасгах нь зөв. МУИС-д бүтцийн өөрчлөлт хийвэл нэг тэрбум төгрөгийн үргүй зардлыг арилгаж болохоор байна. Түүнчлэн ШУТИС-д бүтцийн өөрчлөлт хийгээд ирэхээр 800 сая төгрөг хэмнэнэ. Энэ мэтээр шинэчлэлийн ажлууд хийснээр их хэмжээний мөнгө хэмнэж чадна. Харин тэр хэмнэсэн мөнгөө боловсролд яаж зарцуулах вэ гэдэг дээр бид ажиллаж байна.

Таны бодлогыг зарим сургуулиуд эсэргүүцэж жагсаал хийж байна. Энэ зөрчлийг яаж зохицуулах вэ?

Хэн гэдэг хүн, хэдэн хүн жагсаад байна вэ гэдэг нь чухал. Боловсролын ажилтнуудын олонхи нь шинэчлэл хийхтэй санал нэг байна. Эсэргүүцэж байгаа хүмүүс голдуу дарга нар байна. Харин эрдмийн зөвлөлүүд дэмжиж байна.

Шинэчлэлийн ажлыг бүтцийн өөрчлөлтөөс эхэлж байна гэж ойлгож байна. Өнөөдөр монголын боловсролын шинэчлэл чухам аль зүгт явж байна вэ? Саяхныг хүртэл Оросын жишгээр явж ирлээ. Одоо нэг хэсэг нь Кембриджийн загвараар явна гэж байхад, нөгөө хэсэг нь үндэсний сэтгэлгээн дээр үндэслэнэ гэж ярьж байна. Та чухам аль чиглэлээр авч явах вэ?

Монголын боловсролын хөгжлийн үе шатыг харж байхад эхлээд боловсролыг бүхэнд хүртээмжтэй болгоход их анхаарч ирсэн байдаг. Харин одоо боловсролын чанар дээр анхаарах цаг боллоо. Гадны аль нэг боловсролын системийг дагасан зүйл үнэндээ алга. Хамгийн гол нь хүүхдүүдийг яаж хөгжүүлэх вэ гэдэг анхаарч эхэлж байна. Онц сурлагатнуудыг ялгалгүй, тэр ангид байгаа бүх хүүхдүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Мөн хүүхэд чухам юу хүсээд байна гэдгийг харгалзаж сургалтыг явуулахаар төлөвлөж байна.