Залуу эрдэмтэд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардлаа
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад өнөөдөр шагнал гардууллаа.
2013.12.09

Залуу эрдэмтэд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад өнөөдөр шагнал гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2013 оны шагналыг ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Баатарын Өлзий, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Цэрэндоржийн Мөнхзул, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерийн сургуулийн багш, доктор Алтангэрэлийн Амаржаргал нар тус тус хүртэв.

ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Баатарын Өлзий нь Зүүнбаян, Тамсагбулаг, Цагаан-Элсний газрын тосны ордуудын парафины агууламж ихтэй, октаны тоо багатай шууд нэрлэгийн нефтийн фракцуудын найрлага дахь нүүрс-устөрөгчийг цеолит суурьтай катализатор ашиглан боловсруулж, өндөр октант шатахуун гарган авах зохимжтой горимыг тогтоосон судалгааны шилдэг бүтээл туурвижээ.

Шилдэг залуу эрдэмтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардлаа

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Цэрэндоржийн Мөнхзул нь Махан идэшт хөхтөн амьтдын экосистемд эзлэх байр суурийг хамгаалах, хярс болон шар үнэгний тоо толгой, нөөцийн тогтвортой байдлыг хадгалах, тал хээрийн бүсэд өргөн тархсан бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийн тоог зохицуулах чиглэлээр “Их Нарт байгалийн нөөц газрын махан идэшт амьтад, жижиг мэрэгчдийн биологи, экологийн судалгаа” зэрэг дорвитой бүтээлээрээ шагнал авчээ.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерийн сургуулийн багш, доктор Алтангэрэлийн Амаржаргал нь “Сонгомол шинж чанар бүхий металийн исэлд суурилсан шинэ нанокомпозит материалуудыг гарган авах нь” сэдэвт судалгааны ажлаараа анагаах ухаан, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн салбарт ашиглах боломжтой нано нунтаг, нано нимгэн хальс гарган авч Монгол Улсын нанотехнологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2013 оны шагналыг эрдэм шинжилгээний салбарт итгэл үнэмшлээрээ зүтгэж, эх орондоо төдийгүй эх дэлхийн хүмүүст хэрэг тустай бүтээл туурвиж яваа залуу судлаачдад олгож байна” хэмээгээд залуу эрдэмтдийн цаашдын судалгаа шинжилгээний ажилд өндөр амжилт хүслээ.