2013.12.16

Л.Гантөмөр: Их, дээд сургуулиудыг сургалтын зэрэгцээ судалгааны бүтэц болгоно

TV5 телевизийн "Монгол улсаа хөгжүүлье" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр оролцлоо.

Сайн эрдэмтэн, боловсон хүчин бэлтгэхийн тулд манай их дээд сургуулиуд чанартай сургалт явуулах ёстой. Гэтэл манай боловсролын систем дэлхийд төдийгүй монголдоо гологддог. Энэ талаар?

Их, дээд сургуулиудын боловсролын чанарыг сайжруулах тал дээр бид олон ажил хийж байна. Чанартай сургууль гэдэг бол чанартай оюутнууд хүлээж аваад, чанартай сургалтыг чанартай багш нар явуулсны эцэст төгссөн оюутнууд нь ажлын байртай байдаг тийм л сургуулийг хэлнэ. Үүнээс хамгийн чухал нь чанартай багш нар. Чанартай багш гэдэг бол дэлхийн хэмжээний судалгаа хийдэг хүнийг л хэлнэ. Тухайлбал, дэлхийд биотехнологийн салбарт хийгдэж байгаа судалгаанд ямар нэг хэмжээгээр оролцож, тэр түвшний мэдлэгийг эзэмшсэн хүн хичээл зааж байвал тэр сургуульд энэ чиглэлээр сайн мэргэжилтэн бэлтгэгдэх болно. Түүнээс биш арван жилийн өмнөх судалгааны материалыг ашигладаг хүн хичээл заавал оюутнууд нь ч гэсэн арван жилээр хоцрогдоно. Энэ бол бидний гол анхаарах асуудал. Иймэрхүү байгаад байвал цаашдаа бүх сургууль дампуурна. Үүнийг шийдэхийн тулд бид багш нарт зүгээр нэг лекц уншсаных нь төлөө цалин өгөлгүйгээр тэдэнд судалгаа хийх цаг гаргаж, хийсэн судалгааг нь үнэлж, ялангуяа олон улсын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд бүтээл нь хэвлэгдэж, дэлхийн хэмжээний судалгаа хийж байгаа хүмүүсээ илүү урамшуулъя гэж бодож байна.

Сургуулиудад төгсгөж байгаа оюутнуудаа ажилтай болгох шаардлага тавина.

Өмнө нь бол бид олон улсын түвшинд судалгаа хийснийг нь бус үлдэж байгааг нь дэмждэг байсан бол одоо үүнийг өөрчлөх цаг нь боллоо. Үүнтэй холбогдуулаад манай төрийн өмчийн их дээд сургуулиудыг багш нартаа судалгаа хийх хөрөнгө, цагийг түлхүү гаргуулж, сургалтын зэрэгцээ судалгааны бүтэц болгох ажлыг хийж эхлүүлээд байна. Ийм бүтэцтэй болж байж чанартай боловсролын тухай ярьж болно.

Ахлах боловсролын тогтолцоог шинэчилж, бие даалган сургах чиглэл рүү шилжүүлж, сурагчдад сонголтоо хийх боломж олгоно. Тухайлбал нэг сурагчийг 17 хичээлээр зовоохыг болиулж, 5-6 хичээл дээр төвлөрүүлснээр тухайн сурагч бие даан суралцаж, өөрийн чиглэлээр улам гүнзгийрч цаашдаа их, дээд сургуульд элсэх боломжийг өгнө. Гэхдээ их, дээд сургуульд орох хүүхдүүдэд нэлээн өндөр босго тавина.

Нэг хүнд ногдох тоогоороо хэтэрхий их байгаа их, дээд сургуулиудын тооны асуудлыг яаж шийдэх вэ?

Нэгдүгээрт, дээд боловсрол эзэмших түвшинд хүрээгүй хүмүүст боломж өгөхгүй. Ийм байдалд хүрэхгүйн тулд эцэг, эхчүүд хүүхдээ сайн бэлдэх хэрэгтэй. Босго онооны тухайд бид он гаргаад шийднэ. Нэгэнт оюутан болох болзол хангаагүй бол сургах ямар ч хэрэггүй. Босго оноо дээшлүүлснээр сургуулийн тоо цөөрнө гэж бодож байна. Гэхдээ үүнийг механикаар хийж болохгүй. Хувийн хөрөнгөөрөө сургууль байгуулаад явж байгаа хүмүүсийг бодох хэрэгтэй. Харин тэд ажлаа хийхгүй бол болиулна. Элсэлтийн шалгалтыг чадварыг илрүүлэхэд чиглүүлэх болно. Ингэснээр тодорхой өөрчлөлтүүд гарах нь мэдээж.

Сургуулиудад төгсгөж байгаа оюутнуудаа ажилтай болгох шаардлага тавина. Өөрөөр хэлбэл ажил олгогчдын захиалгаар сургалтын хөтөлбөр бий болно. Дээд боловсролын систем маань хэсэгчилсэн бус бүхэл кредит руу шилжинэ. Үүнд хичээлийн хөтөлбөрөөс гадна дадлага багтах ёстой.