Г.Гүнчинсүрэн: Хүүхэд бүрийн нарыг гэрэлтүүлье
Эрдэнэт хотын "Баян өндөр" цогцолбор сургуулийн захирал Г.Гүнчинсүрэн
2013.12.16

Г.Гүнчинсүрэн: Хүүхэд бүрийн нарыг гэрэлтүүлье

Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас санаачлан “Хүний эрхийн боловсролыг боловсролын тогтолцоонд” сэдэвт онол практикийн бага хурал болов. Энэ үеэр хүний эрхэд ээлтэй сургуулиар шалгарсан Эрдэнэт хотын "Баян өндөр" цогцолбор сургуулийн захирал Г.Гүнчинсүрэнтэй ярилцлаа.

-Танай сургууль хэрхэн хүний эрхэд ээлтэй сургууль болж чадсан бэ?

Манай сургууль 2010 оноос хойш Эмнести интернэшнлтай хамтран хүний эрхийн чиглэлээр хамтарч ажиллаж, олон сургалтыг зохион явуулсан.

Хүүхдүүд маань эрхээ мэдэж, өөрийгөө хамгаалах тал дээр амьдралын туршлага, мэдлэг хомс байдаг шүү дээ. Тиймээс эрхийг нь мэдрүүлж, нийгмийн идэвхтэй, оролцоотой иргэн болгон төлөвшүүлэх нь хамгийн чухал учраас боловсролын байгууллага анхаарах ёстой.

Ерөнхийлөгчийн хэлснээр хүүхэд бүхэнд нэг нар байдаг гэж үзвэл тэр нарыг нь гэрэлтүүлэх учиртай юм. Хүүхдийн асуудлыг шийдэхдээ өөрийг нь оролцуулж, гэрэлтэх боломжийг нь олгох хэрэгтэй.

-Тэр нар чухам ямар үед гэрэлтдэг юм бэ?

Хүүхдүүдэд ямар нэг шахалт дарамт, хавчилт, ялгаварлал байхгүйгээр эрхээ эдлэх тэр цагт нар нь гэрэлтдэг юм. Тэр нарыг нь гэрэлтүүлье.

-Хүүхдийн эрх, хүний эрх гэхээр зарим хүмүүс дур зоргоороо авирлагчдыг өөгшүүлэх вий хэмээн болгоомжилдог. Багш нарын хувьд энэ талаарх хандлага ямар байсан бэ?

Манай хамт олон хүний эрхэд ээлтэй орчинг бүрдүүлж, багш, сурагчид бүгдээрээ сургууль руугаа яаран ирмээр сайхан орчинтой больё хэмээн зорьсон. Гэхдээ энэ зүйлийг хэн нэг сургуулийн захирал, Боловсролын сайд дарга нар хийхгүй. Хүүхэд өөрөө л хийнэ. Харин багш, эцэг эхчүүд үүнд нь туслах ёстой.

Манай сургууль хичээлийн жилийн эхэнд бүгдээрээ сургуулийнхаа зорилго, зорилтоо ярилцдаг. Өөрийнх нь асуудалд хүүхдийг оролцуулж, санал бодлыг нь тусгах нь хүний эрхий боловсрол олгох нэг арга зам юм.

-Хүний эрхэд суурилсан хандлагад суурилсан, хүний эрхийн мэдрэмжийг төлөвшүүлэх нь ганцхан удаагийн сургалтаар шийдэгдэхгүй. Танай сургуулийн хувьд багш нар, сурагчдын хандлагыг өөрчлөхөд ямар хүндрэлүүд гарч байсан талаараа бидэнтэй хуваалцаач?

Хүний эрхийн сургалтыг анх удаа явуулж байхад багш нар болон эцэг эхийн зүгээс дургүйцэл ирж байсан.  Эрхээ эдэлж байна гээд хэтэрхий эрх дураараа болчих вий хэмээн санаа зовж байсан. Гэхдээ өнөөдрийн

Баян - Өндєр цогцолбор 4-р сургууль

үр дүнгээ эргээд нэг харахад хүний эрх бол манай сургуулийн үнэт зүйл болж чаджээ.

Манай сургууль олон жилийн өмнөөс сурагчдын өдрийг зохион байгуулж байгаа. Энэ өдөр сурагч нь захирал, багш болдог. Эхэндээ багш нар сургууль бараг нурчих шахам замбараагүй болох байх хэмээн бодож байтал хүүхдүүд маань гайхамшигтай эмх цэгц, дэг журмыг бидэнд харуулсан. Үнэхээр гайхалтай.

Ер нь томчууд бид хүүхдийг юугаа мэддэг юм гэх зэргээр хандаж, тэдний үгийг сонсдоггүй. Гэтэл хүүхдийг өөрийг нь асуудалд оролцуулаад ирэхээр ямар мундаг мэргэн санаа гарч байгаа гэж санана. Хүүхдүүд өмнөө тавьсан зорилгодоо хичнээн үнэнч гэж бодно. Ангиараа ярилцаад хичээлдээ хоцрохгүй байя гээд зорилтдоо хүрч чаддаг. Хэн нэг захирлын тушаалаас илүүтэйгээр тэднийг оролцуулах нь маш үр дүнтэй.

-Та түрүүн хичээлийн жилийн эхэнд зорилт тавьдаг гэсэн. Хүүхдүүдээс ямар санал санаачилга гарсан бэ?

Хүүхэд гэдэг баялаг ертөнц. Амьдрал эгэл байх тусмаа сайхан. Тиймээс ч бид энгийн нэг жижиг зүйлээс эхэлдэг. Бүгдээрээ бие биентэйгээ мэндэлдэг байя гэж байгаа нь цаанаа хүндэтгэх соёлыг төлөвшүүлж байгаа юм. Гуравдугаар цагийн завсарлагаа богино учраас хүүхдүүд их хоцроод байсан учир олонхын саналаар хугацааг нь уртасгасан.

Түүнчлэн хамгийн наад зах нь амьтныг хайрлах аян өрнүүлээд“Амьтны булан” нээсэн.Хүүхдүүд нэг өдөр өөрсдийнхөө тэжээдэг хайртай амьтнаа авчирж бие биендээ танилцуулсан.

Амьтныг хайрлах хэрэгтэй гэж багш заахаас илүүтэйгээр бие биендээ амьтнаа хэрхэн хайрладаг талаараа ярих нь их үр дүнтэй байгаа. Түүнчлэн эцэг эхдээ ч зөв хандлагыг төлөвшүүлэхээр тамхины талаарх мэдээллийг хүүхдүүд санаачлаад хийсэн. Ямар эцэг эх хүүхдүүдээ тамхи татахгүй байхыг сануулдаг хэрнээ өөрөө хүүхдийнхээ дэргэд тамхи татдаг. Тиймээс эцэг эхийн хурал хийж, хүүхдүүдээр тамхины талаар яриулахад эцэг эхчүүд нэгийг бодож байгаа юм.

Ярилцсанд баярлалаа.