Д.Галсандорж: Эрдсийн бүтээгдэхүүний бирж нь хөгжлийн “гол зүрх“ болно
Монголын Экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж
2013.12.11

Д.Галсандорж: Эрдсийн бүтээгдэхүүний бирж нь хөгжлийн “гол зүрх“ болно

Монголын Экспортлогчдын Холбооны ерөнхийлөгч Д.Галсандоржтой уул уурхайн салбарын цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.

-Жил гаруй хугацаанд ярьж хэлэлцэж байгаа Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоын баримт бичиг удахгүй батлагдах гэж байна. Та ажлыг хэсэгт орж ажилласан хүний хувьд тус бодлогын баримт бичгийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг удахгүй УИХ-аар батлагдах гэж байна. Энэхүү бодлогын баримт бичиг нь эрдсийн салбарын цаашдын хөгжилд ихээхэн түлхэц өгөх тулгуур хууль эрх зүйн орчин юм. Энэ бодлогын баримт бичгийн хүрээнд хэд хэдэн хууль гаргахаар хүлээгдэж байгаа. Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хэлэлцэгдэж байна. Алтны ил тод байдлын хууль, урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт орохоор яригдаж байна.

Эрдсийн зургаан нэр төрлийн бүтээгдэхүүнийн дэд хөтөлбөр гаргахаар УУЯ, ҮХААЯамны ажлын хэсгүүд ажиллаж байна. Энэ хөтөлбөрүүдийн хүрээнд эрдсийн бүтээгдэхүүний нөөц, олборлолт болон үйлдвэрлэлийг хэрхэн нэмэгдүүлж, экспортыг өсгөх талаар тодорхой судалгаа хийгдэнэ. Тэр дотроо өртөг шингэсэн бүтээгдэхүүний хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн төрөлжилтийг бий болгох, гадаад зах зээлээ өргөжүүлэх зэрэг асуудлаар нэмэлт судалгаа хийх хэрэгтэй байна.

.

2012 онд БНХАУ Австралиас 140 сая тонн коксжих нүүрс импортлож 2011 онтой харьцуулахад 35 хувиар, Оросоос 4,8 сая тонн коксжих нүүрс импортлож 30 хувиар, Канадаас 7,2 сая тонн коксжих нүүрс импортлож 123 хувиар тус тус нэмэгдсэн байдаг.

Зэс, төмөр, нүүрс, алт зэрэг дэд хөтөлбөрүүд гарна.

Манай Экспортлогчдын холбоо зэс, төмрийн хөтөлбөрийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Ирэх арван жилд манай гол худалдан авагч орнуудын эрдсийн зах зээл, эрэлт хэрэгцээ ямар байх талаар урьдчилсан прогноз гаргахаар ажиллаж байна.

-Энэ жилийн хувьд уул уурхайн салбарынхан хүндхэн байдалд орж,  Монголчууд шоконд орсон жил байлаа. Ямартай ч цорын ганц тоглогч биш гэдгээ ухаарч, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээр ажиллаж эхэллээ. Өрсөлдөх чадвараа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Энэ жилийн хувьд нүүрс, жоншны салбарт уналт ажиглагдаж байна. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь ирэх жилүүдэд хийгдэх шаардлагатай байгаа хамгийн чухал асуудал. Үнэндээ манай экспортлогчид эрдсийн худалдаа гэгчийг олон улсын стандартын дагуу хийхгүй байна. Зарим нь аж ахуйн нэгжүүдийн энэ тухай ойлголт тун хомс байна. Нүүрсний худалдаа эмх замбараагүй, зохион байгуулалт багатай явагдаж байна. Бүтээгдэхүүний үнэ, чанар олон янз байна. Тиймээс эрдэс баялгийн салбарт эрдсийн худалдааг нэг цонхны бодлогоор зохицуулахаар тусгасан байгаа.

-Нэг цонхны бодлого гэхээр эрдсийн бүтээгдэхүүний биржээр дамжуулан бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр худалдан борлуулна гэсэн үг үү. Зарим хүмүүс эрдсийн бирж байгуулах явдлыг эсэргүүцдэг?

Шинэчлэлийн Засгийн газар нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа. Энэ бол тун зөв алхам. Нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх нэг томоохон арга зам бол эрдсийн бүтээгдэхүүний бирж байгуулах явдал юм. Олон улс оронд 100 гаруй жилийн өмнө эрдсийн бүтээгдэхүүний бирж байгуулагдаж өнөөдрийг хүртэл тухайн орны эдийн засгийн өсөлт, гадаад худалдааны үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал үр дүн өгч байна.

Эрдсийн бүтээгдэхүүний бирж байгуулах асуудлыг дэмждэггүй аж ахуйн нэгжүүд байгааг үгүйсгэхгүй. Ний нуугүй хэлэхэд эрдсийн худалдааг зохион байгуулалтгүй хэвээр байлгах сонирхолтой аж ахуйн нэгжүүд байна. Энэ байдал цаашид үргэлжлэвэл манай эрдсийн худалдааны үр өгөөж буурч, гадаад худалдааны алдагдал ч өснө. Ер нь эрдэс баялаг монголын ард түмний өмч бөгөөд ямар үнээр зарахаа манай аж ахуйн нэгжүүд өөрсдөө мэддэг байх чухал юм.

Тиймээс л нэг цонхны бодлогын хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах асуудал яригдаж эхэлсэн. Биржийн ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох судалгааны ажил хийгдэж байна.

Манай Холбоо экспортлогчид, эрдсийн салбарт хөрөнгө оруулагчид мэдээллээ хүргэхийн тулд вэб сайтаа шинэчилж байна.

Цаашид биржийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Уул уурхайн салбарт эрдсийн бирж нь маш чухал үүрэгтэй бөгөөд эрдсийн салбарын үйлдвэрлэлийн “хөдөлгөгч хүч“ болох учиртай.

-Манай улсын хувьд эрдсийн худалдаа ил тод байж чаддаггүй хэмээн хөрөнгө оруулагчид шүүмжлэлтэй ханддаг. Үүнийг хэрхэн шийдэж, ил тод болгох вэ?

Одоогийн байдлаар эрсдийн худалдаа хаалттай явагдаж байгаа учраас эрдсийн худалдааг ил тод болгож, гадны томоохон худалдан авагч нар орж ирэх нээлттэй болгох ёстой юм. 

Эрдсийн экспортын худалдаа, импорт хариуцсан эдийн засагч нарт зориулсан сургалтыг зохион байгуулна. Түүнчлэн олон улсын туршлага, гэрээ контрактны загварыг хэрхэн боловсруулах талаар нарийвчилсан зөвлөгөө, мэдээллийг өгнө.

Олон улсын гэрээний хууль эрх зүйн туршлага бага, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй учраас манай зарим компаниуд маргаан үүсч асуудалд орсон тохиолдол зөндөө бий.

-Бирж байгуулах хууль эрх зүйн орчин хир бүрдсэн бэ. Манайд гадаад худалдааны хууль байдаггүй хэмээн экспортлогч, хувийн хэвшлийн мэргэжилтнүүд шүүмжилдэг?

Худалдааны зохицуулалтын хууль, биржийн заавар журам удахгүй гарах байх. Ер нь эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого нь өөрөө тулгуур баримт бичиг юм.

Бид олон улсын туршлагаас суралцах хэрэгтэй. Манай улсад саяхан Беларусын Ерөнхий сайд айлчилсан. Белорус нь өөрөө эрдсийн түүхий багатай орон хэрнээ эрдсийн барааны бирж байгуулчихсан. Одоо биржийн үйл ажиллагаа нь жигдэрч биржийн арилжааны жилийн хэмжээ хоёр тэрбум ам.доллар болчихсон. Эрдсийн бирж байгуулсан туршлага бол олон байна. Тухайлбал Хятадын Тяньжин, Шанхайн бирж олон жил амжилттай ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.