Эдийн засгийн өсөлтийг ашигт малтмалын экспорт тодорхойлно
2010 оны эхний хагаст Монголын эдийн засаг долоон хувиар өсөж байсан бол яг нэг жилийн дараа 14.3 хувь болтол “суга үсэрч” байв. Бүс нутагтаа төдийгүй дэлхийд гайхагдах энэ “үзэгдэл”-д манай уул уурхайн салбарын орлого их үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой.
Тухайлбал, өмнөх оны эхний найман сарын байдлаар Монголын ашигт малтмалын экспорт 80 хувиар өсөж байв.
Бас Оюутолгой, Тавантолгой тэргүүтэй томоохон ордын бүтээн байгуулалт эхэлсэн нь Монголын эдийн засгийг 17 хувиар өсөхөд хүргэсэн билээ.
Дэлхийн банкны тайланд дурдсанаар, Монголын эдийн засгийн хурд энэ он гарснаас хойш бага зэрэг саараад буй. Зөвхөн Монголд ч бус, дэлхийн орнуудын эдийн засгийн өсөлт суларч, анхааруулга өгсөөр багагүй хугацааг өнгөрүүллээ.
Евро бүсийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр БНХАУ-ын өсөлт саарч, ашигт малтмал, түүхий эдийн үнэ бууран, Монгол Улсаас импортлох нүүрсний хэмжээ нь багасав.
“Frontier Securities” компани Монголын ДНБ ирэх онд 19 хувиар өсөн, 19 их наяд төгрөгт хүрнэ хэмээн таамагласан.
“Eurasia Capital” хөрөнгө оруулалтын банкны тооцоолсноор, Монголын ДНБ 2020 он гэхэд 35 тэрбум “ногоон” болж өсөх магадлалтай гэсэн
. Гэтэл энэ өсгөсөн тооцоонууд “мөрөөдөл” хэвээр үлдэж магадгүй нь.
Энэ оны эхний хагаст Монголын эдийн засаг 13.2 хувиар өссөнөөр үүнийг тайлбарлахад хангалттай. Манай улсын экспортын 94 орчим хувь нь БНХАУ руу чиглэж буй тул аргагүй биз.
Нөгөөтэйгүүр, Европын орнуудын хямралын Хятадын экспортын орлого дахь нөлөөлөл ойрын хэдэн жилд үргэлжилж магадгүй хэмээн зарим шинжээч таамаглаж байна. Хэрэв тийм бол уул уурхайгаас хэт хамааралтай Монголын эдийн засаг одоогийн эрч хүчээ хадгалах боломжгүй.
Одоогоос нэг долоо хоногийн өмнө ОУВС, Дэлхийн банк Монголын эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулан 13.8 хувь болгосон бол, олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг дээрх тоог 14.1 байна хэмээн “мэргэлжээ”.
Дэлхийн банкныхны таамагласнаар, манай ДНБ-ий өсөлт он дуусах хүртэл 10 хувиас буурахгүй байх төлөвтэй аж. Гэхдээ ямар нэгэн ноцтой сөрөг цочрол үүсэхгүй тохиолдолд гэнэ.
Тэд энэ оны нэгдүгээр улиралд 16.5 хувь байсан Монголын ДНБ-ий өсөлт хоёрдугаар улиралд саарч 11 хувь болж буурсан хэмээн тооцоолсон билээ.
Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Корали Геверс “Европын орнуудын эдийн засгийн хямрал Хятадад нөлөөлж, аж үйлдвэрлэл нь буурч байгаа нь Монголд илт мэдрэгдэж ирлээ” хэмээн ярьсан.
Иймээс ч зарим эдийн засагчийн зүгээс урт хугацаанд гадаад эдийн засгаас хараат байдлаа багасгах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн багтаамжийг нэмэгдүүлэхийн тулд суурь бүтцийн хөрөнгө оруулалт (цахилгаан, дулаан, усны хангамж, төмөр зам, авто зам гэх мэт)-ыг хийх хэрэгтэйг сануулж байна.
Ийм хөрөнгө оруулалт хийхгүйгээр эдийн засгаа томруулах, өсгөх, хөгжих тухай ярих боломжгүй аж.
Гэхдээ 13-14 хувийн өсөлт нь бусад орныхтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт, бас алт, зэсийн үнэ буураагүй зэрэг эерэг тал бидэнд бий.