Т.Бямбаа: Автозамын үндэсний компаниуд ажлаа хурдтай, чанартай гүйцэтгэдэг болсон
Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаатай ярилцлаа.
-Монголын авто замчид болон монголын автозамчдын холбоо энэ онд төлөвлөсөн ажлуудаа хэр амжуулав. Эндээс ярилцлагаа эхэлье?
-Авто замын салбарт 2013 онд 2348.7 км хатуу хучилттай авто зам ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 1702.3 км хатуу хучилттай авто зам, 924.43 у/м гүүрийн барилгын ажил дуусаад байна. 360.6 км авто зам, 320.15 у/м гүүрийг Улсын комиссоор ашиглалтад хүлээн аваад байна.
Мөн хотын замыг дан монгол компаниуд барьж нийслэлд авто зам, олон замын уулзваруудыг шинэчлэлтийн ажлуудыг хугацаанд нь чанартай хурдан барьж одоогийн байдлаар 16 уулзварыг ашиглалтад оруулаад байна. Үүнээс харахад замчид сайн ажиллалаа гэж дүгнэж болно. Бид энэ жил “Авто зам экспо 2013" олон улсын үзэсгэлэн конференцийг амжилттай зохион байгуулсан.
Авто замын салбарын цахим мэдээллийн нэгдсэн санг ажиллуулж эхэлсэн. Мөн авто зам барих, засварлах тусгай зөвшөөрлийн баримт бичгийн бүрдлийг баталгаажуулахаар болж төрийн өмчит засвар арчлалтын компаниудын хүчин чадал, чадавхийн талаар судалгааны ажил хийсэн гээд нэлээд ажлуудыг хийгээд байна.
-Өнөө жил автозамын салбарт нэлээд шинэчлэл, ахиц гарлаа. Улс орныхоо авто замын сүлжээг сайжруулахад төр засгаас их анхаарах болсон нь мэдрэгдэж байна?
-Улс орны хөгжлийг авто замаар нь тодорхойлдог ч гэж ярьдаг. Би ч хувьдаа бас ингэж ойлгодог. Төр засгаас улс орноо авто замжуулах бодлогыг эрчимжүүлж байгаа. Тухайлбал, шинэчилсэн Засгийн газраас бие даасан Зам, тээврийн яам байгуулан 2013-2016 онд нийслэлийг аймгийн төвүүд, хилийн боомтуудтай хатуу хучилттай авто замаар холбохоор шийдвэр гаргасан.
Өмнөх яамдын үед Замын бодлогын газарт замын салбарыг хариуцсан гурав, дөрөвхөн хүн л ажилладаг байсан болохоор бодлогын түвшний асуудлыг бүрэн ойлгуулж шийдэх бололцоогүй байлаа. Харин шинээр байгуулагдсан зам тээврийн яам нь авто замын бодлогыг бүрэн хэмжээнд тодорхойлон боловсруулж, хэрэгжүүлж чадах яам болсон гэж үзэж байгаа.
Манай холбоо жилд 50-60 хүнийг АНУ, БНСУ, Герман, Хятад, Япон руу сургалт семинар, үзэсгэлэнд явуулдаг.
Өмнөх засгийн үед бие даасан авто замын агентлагтай байсан ч бодсон хэмжээнд ажиллаж чадаагүй юм. Зүгээр л дамжуулагчийн үүрэг гүйцэтгээд байсан. Бүхэл бүтэн агентлаг байж бие даасаншийдвэр гаргадаггүй байв. Шинэчлэлийн Засгийн газар гарч Зам, тээврийн яам байгуулагдана гэхэд бид дэмжсэн. Энэ үнэхээр хэрэгтэй зүйл болсон.
Одоо яамны Замын бодлогын, хэрэгжүүлэлтийн газарт 30 гаруй авто замын мэргэжилтэн, яамны хэмжээнд замын салбарыг хариуцсан мэргэжлийн дөч гаруй хүн ажиллаж байна. Тийм болохоор үндэсний компаниудаараа замыг чанартай түргэн хугацаанд бариулах, зөв бодлогоор дэмжиж ажиллана гэж бодож байгаа.
Шинэчлэлийн Засгийн газар гарч Зам, тээврийн яам байгуулагдана гэхэд бид дэмжсэн. Нэг үеэ бодвол манай компаниуд хүчээ зузаатгаж, их гайгүй болчихсон. Та бүхэн анзаарч байгаа байх нийслэлд шугам сүлжээнээс хамаараагүй нөхцөлд замаа хурдан тавьчихаад байгаа шүү дээ. Техник дутна гэсэн асуудал байхгүй болсон. Чанар ч зохих түвшинд сайжирч байгаа. Ер нь их боломжтой болчихсон.
-Одоогоор Монголд зам, гүүрийн үндэсний хичнээн компани байна вэ. Тоо нь нэмэгдэж байгаа юу?
-Сүүлийн үед Монгол компанийн тоо өсч байна. Тусгай зөвшөөрөлтэй компани 400 орчим бий. Монголын Авто замчдын холбоонд гишүүнээр элсээд хатуу хучилттай авто зам баримаар байна гэсэн санал ирдэг. Бид чулууны хэмжээ, шаврын агууламжаас эхлээд маш нарийн технологи байдаг гэдгийг ойлгуулдаг.
Та бүхэн авто замын салбарт үнэхээр хөрөнгө оруулалт хиймээр байвал далан, гүүр, хоолой барьж, туслан гүйцэтгэгчээр ажиллах менежментээ тодорхой болго гэх мэтээр зөвлөнө. Түүнээс биш 30 км хатуу хучилттай авто зам барих тендерт ялсан туршлагагүй компани баахан хөрөнгө оруулдаг. Замаа товлосон хугацаанд нь ашиглалтад. хүлээлгэн өгч чадахгүйгээс хөрөнгө оруулалтаа салхинд хийсгэх эрсдэл бийг тооцоолох ёстой.
-Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь гэвэл?
-70 гаруй компани бий. Бидний тооцоолсноор 100 км зам барихад толгойлж ажиллах боломжтой компани 16 байна. Харин 50 км зам барихад толгойлж ажиллах 26 компани байх жишээний.
-Энэ тоо одоогоор Монголд хангалттай юу?
-Хангалттай, Монгол компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахад гадаадын компанийг туслан гүйцэтгэгчээр авч болно шүү дээ. Тийм болохоор дотоодын хөрөнгө оруулалтыг гадагш алдахгүй, монгол компани нь толгойлсон учир ашиг, татвараас эхлүүлээд бүх зүйл нь Монголдоо үлдэнэ. Ийм жишигтэй. Энэ боломжтой зүйл юм.
Засгийн газраас замын компаниудад давхар ажил өгөхгүй, ажлаа дуусгасных нь дараа шинэ ажил өгнө гэсэн бодлого барьж байгаа. Иймээс 100 км зам барихад толгойлж ажиллах боломжтой 16 компаниас энэ онд зургаа нь шинээр замын ажил авах боломжтой байгаа. Бусад нь ажилтай байна гэсэн үг.
-Монголын авто замчдын холбоо өнгөрсөн хугацаанд олон ажил хийсэн. Үүний нэг нь танай холбоо жилд нэлээд олон хүнийг гадагшаа сургалтад хамруулдгийг мэдэх юм?
-Манай холбоо жилд 50-60 хүнийг АНУ, БНСУ, Герман, Хятад, Япон руу сургалт семинар, үзэсгэлэнд явуулдаг. Тэд тэнд замын техник хэрэгслийн сүүлийн үеийн хөгжил дэвшилтэй танилцан нүд тайлахын зэрэгцээ тус улсын зам, гүүрийн ажилтай танилцдаг. Замын хучилт, хашлагыг нь хүртэл анзаарцгаана. Та бүхэн харж байгаа байх. Нийслэлийн замын хашлага сүүлийн үед хэрхэн өөрчлөгдсөнийг.
Мэргэжлийн инженер, техник, тоног төхөөрөмжгүй компани ямар нэгэн аргаар тендер авчихаад шороо асгаад л зам барьчихдаг гэсэн буруу ойлголтоос болоод чанаргүй зам барьж байгаа нь үнэн.
Замын гүйцэтгэгч гадаад оронд очоод замыг яаж хийдгийг хараад ирвэл “Нээрээ ингэж хийж болох юм билээ. Ингээд хийчихье" гээд сэтгэдэг. Мянга сонсохоос нэг үз гэдэг. Нүдээрээ үзчихсэн хүн өөр. Сүүлийн үед дарга нар явах нь цөөрч инженерүүдээ юм үз гээд гадагшаа сургалт, семинарт явуулдаг болчихсон байна лээ.
Одоо замчид, механизмчидаа явуулж эхэлж байна. Зөвхөн гадаадад төдийгүй дотооддоо замын ажил дууссаны дараа аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл зургаан сарын хугацаанд замчин, механизмчин зэрэг 11 төрлийн сургалт явуулахын зэрэгцээ мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийн зэрэг олгох сургалт явуулж байгаа.
-Саяхан манай авто замын салбарынхан ХБНГУ-ын Баваар мужаар яваад ирсэн гэсэн?
-Зам, тээврийн яам, Монголын Авто замчдын холбоо хамтран ХБНГУ-ын Баваар мужийн Авто замын хөгжилтэй танилцах семинар аяллыг зохион байгуулсан. Семинарт ЗТЯ-наас найм, МАЗХ-ны шугамаар есөн хүн оролцсон юм. Семинар аяллын хөтөлбөр маш шахуу, үзэх харах, сонсох зүйл ихтэй тун үр дүнтэй арга хэмжээ болсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх.
Баваар муж хөгжлөөрөө Германдаа төдийгүй дэлхийд гайхагддаг. Ойролцоогоор км мужийн мужийн чанартай замын үнэ 2-3 сая евро буюу зургаа орчим тэрбум төгрөг, хурдны зам 10 сая евро гэж байна лээ. Үүнээс харахад манай замын хийц, чанар, үнэ, тэдний замын хийц, чанар, үнэтэй дүйцэж байгаа юм шиг санагдаж байна.
-Замын компани, замчдын хяналт, хариуцлагын асуудал их хөндөгддөг. Энэ асуудалд танай холбооны зүгээс ямар ажлыг хийж байгаа вэ?
-Ажил гүйцэтгэж буй компаний захирал, инженер, ажилтан, ажилчид хийж байгаа ажилдаа хариуцлагатай хандаж сэтгэлээсээ хийдэг байх хэрэгтэй. Ажилчин хүн нэг л хүрз таараагүй шаварлагтай шороо цацсан бол дараа нь зам эвдрэх аюултай. Тэр газар нь устаад замаа идэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл идээлж бугласаар замыг дэлбэлдэг гэсэн үг.
Тиймээс л би замын ажил их нарийн гэж хэлээд байгаа юм. Тиймээс хүний хариуцлагыг нэмэгдүүлэх тогтолцоог зөв болгох хэрэгтэй. Энэ талаар компани, аж ахуйн нэгж, салбарын хэмжээнд ч тэр ажилчдадаа байнга ойлгуулж, зөв хандлагыг хэвшүүлэх шаардлагатай.
-Хариуцлага хяналтыг хэрхэн сайжруулах ёстой юм бэ?
-Замын чанарт зураг төслийн ажил их чухал. Анх зам барих газраа сонгож байхаас л бүх зүйл эхэлнэ. Замын зураг хийж батлагдсаны дараа тендер лүү орох ёстой. Ер нь тендерийг зөв шалгаруулах шаардлагатай. Үүнээс л бүх зүйл хамаарна. Тендерт шалгарсан компани нь өөрийн дотоод хяналтын албатай байх ёстой.
Тэгж байж л чанартай зам барьж, ашигтай ажиллаж компани оршин тогтоно. Чанаргүй зам барьсан компаниуд дахин ажил авч чадахгүй дампуурах болно. Хяналтын компаниудын хариуцлагын тогтолцоог сайжруулж ажиллах нь зүйтэй.
-Замын салбарт мөрдөгдөж байгаа стандартыг өөрчлөх асуудлыг танай холбоо тавьж ирсэн. Энэ тал дээр ямар дорвитой өөрчлөлт гарч байна вэ?
-Замын стандартуудыг өөрчлөх шаардлага байна. Тухайлбал замын хучилтын зузаан таван см байна. Үүнийг заавал өөрчлөх шаардлагатай. Талбай, зогсоолын хучилт л таван см байдаг. Энэ стандартыг хотын зам, орон нутгийн замд ч ялгаагүй хэрэглэж байгаа нь зохисгүй. Цаг үе, орчны нөхцөл байдлаа мэдрээгүй хэрэг болж байна. Одоо хөдөлгөөний эрчим нэмэгдсэн, хүнд даацын машинууд ихээр явж байгаа.
Иймээс замын хучилт хоёр үе байх хэрэгтэй. Зургийн байгууллага даацыг нь тооцож үзээд хучилтын зузааныг хоёр үеэр долоо, ес, 12 см-ээр төлөвлөх шаардлагатай байна. Хучилтын хийцээ дагаад үнэ нэмэгдэх тал бий. Мөн хотын ойролцоо барьж байгаа замын үнэ, Увс, Ховд зэрэг хол, өндөр уул, хадтай газар зам барьж байгаа үнэ ижил байна. Ийм байж болохгүй ээ.
Зургийн байгууллага зургаа хийгээд төсөв гаргадаг тэр үнээр нь л замаа бариулах хэрэгтэй байна. Харин өнгөрсөн оноос хотын замыг хоёр үеэр тавьдаг болсон нь сайн хэрэг. Тэгэхээр орон нутгийн замуудыг даац, хөдөлгөөний эрчмээс хамааруулж, хучилтын үеийг хоёр болгох шаардлагатай.
-Мэргэжлийн бус хүмүүс замын бизнесийг сонирхож, зам тавих явдал ихэссэн. Тэд зарим тохиолдолд чанаргүй зам барьж, мэргэжлийн замчдын нэрийг унагаад байх юм. Үүн дээр мэргэжлийн холбооны зүгээс ямар санаа бодолтой явдаг вэ?
-Одоогийн байдлаар авто замын 800 инженер байгаа нь хүрэлцдэггүй. Боловсон хүчин нь нэг иймэрхүү байдалтай байхад хүн болгон тусгай зөвшөөрөл авч зам барих гээд байх юм. Мэргэжлийн инженер, шаардлагатай техник, тоног төхөөрөмжгүй компани ямар нэгэн аргаар тендер авчихаад шороо асгаад л зам барьчихдаг гэсэн буруу ойлголтоос болоод чанаргүй зам барьж байгаа нь үнэн. Ийм компанийг цаашид зам бариулахгүй.
-Тендерийн сонгон шалгаруулалт, тусгай зөвшөөрлийг чадваргүй, мэргэжлийн бус компанид өгч байгаа нь нөгөө талдаа чанаргүй замын эхлэлийг эхнээсээ тавьж байгаа мэт.
-Тендерийн хувьд жилийн эцсийн тайлангаар л хэрхэн ажилласныг дүгнэх нь зүйтэй байх. Шинэхэн агентлаг ямар компани шалгаруулсан нь зам барьж дууссан хугацаа, замын чанар хоёроор л дүгнэгдэнэ. Тусгай зөвшөөрлийн хувьд энэ жил зам тээврийн яамнаас тусгай зөвшөөрлийн анхан шатны бүрдүүлэлтийг манай холбоогоор дамжуулж явуулдаг болсон.
Өмнө нь яаман дээр замын тусгай зөвшөөрлийн хүсэлт олон болж овоордог байсан бол одоо тэгэхээ больсон. Манай холбоо дүрэм журмын дагуу шаардлага хангасан материалыг л хүлээн авч байгаа. Хэн нэг дарга бидэнд нөлөөлж чадахгүй.
-Зам бариад ашиглалтад орсноор бүх ажлаа дуусгачихлаа гэж боддог. Гэтэл үүний дараа замын арчилгаа, засварын нөр их ажил хүлээж байдаг?
-Ер нь замыг ашиглалтад өгсөн өдрөөс эхлээд л арчлалтаа хийгээд тордоод явбал их мөнгө хэмнэж, эвдрэл ч багасна. Хөрөнгө гаргаж барьчихаад түүнийгээ хаячихаар яах вэ. Одоо улсаас багахан хэмжээний мөнгийг засвар арчлалтын компаниудад өгдөг нь бүрэн утгаараа хүрэлцдэггүй.
Энэ нь өвөл цас цэвэрлэх, замын эвдэрсэн хэсгийг нөхөж засварлахад зарцуулагддаг. Төсөвлөсөн мөнгө нь хаанаа ч хүрэлцдэггүй. Уг нь засварыг хэдэн төгрөгөөр хийхээр байна гэдгийг газар дээр нь очиж, үзээд тооцох ёстой. Замыг таван жилд дунд засвар, арван жилд их засвар хийдэг.
Гэтэл манайхан шууд их засварыг хийгээд байгаа нь цаанаа зардал ихтэй ажил болж байна. Түүнчлэн засварын арчлалтын төрийн өмчит компаниудыг шинэ шатанд гаргаж зөв зохион байгуулалтад оруулах хэрэгтэй.
-Монголын авто замын салбарт нийт хичнээн хүн ажилладаг бэ. Энэ талаар сонирхмоор байна?
-Нэлээд жин дарна даа. Бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа болохоор ажилчдын тоо эрс нэмэгдсэн. Цалин хангамжийг дагаад уул уурхайн салбар руу нэлээд хүмүүс явчихаад байна. Тэгэхээр замчдын цалин хангамж, ажлын нөхцөлийг илүү сайжруулах нь боловсон хүчнээ тогтвортой ажиллуулах нэг нөхцөл болох ёстой. Монголчууд их сонин.
Авто замын салбарт 2013 онд 2348.7 км хатуу хучилттай авто зам ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс 2013 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 1702.3 км хатуу хучилттай авто зам, 924.43 у/м гүүрийн барилгын ажил дуусаад байна.
Гадаадад гараад ажиллахад намайг таних хүн байх биш гээд жорлонг нь хүртэл угаагаад яваад байгаа байхгүй юу. Монголд ажиллахаараа би энэний дор ажилладаггүй юм шүү гэдэг сэтгэхүйтэй. Энэ оноос зам тээврийн яам замын үнэлгээнд замчдын цалин, механизмын зардлын үнийг өсгөж оруулж байгаа.
Одоо манай том компаниудын өндөр мэргэжилтэй механизмчид сард 1.5-2.0 сая хүртэл төгрөгийн цалин авдаг. Цалин жилээс жилд нэмэгдэж байна. Ямар ч салбарт боловсон хүчин чухал байдаг. Манай холбоо замчин, инженер, техникийн ажилтнуудаа дотоод, гадаадад бэлтгэх, давтан сургалтад хамруулах зэрэг ажлыг хийж байна.
Энэ онд олон улсын хамгийн сүүлийн үеийн шинэ технологи, тоног төхөөрөмжийг оруулж ирж Монголдоо авто замын үзэсгэлэн яармаг зохион байгууллаа. Ингэснээр дотоодын компаниудын зам барих хурд, чанар нэмэгдэнэ. Одоо ажиллаж байгаа компаниудыг харахад Монголын компаниуд хурдтай болсон байна.
Бас гайгүй чанартайгаар ажлаа гүйцэтгэж байна. Мэдээж замыг чанаргүй хийвэл хар дансанд ороод зам барихаа болино. Тийм учраас тэр олон техник, тоног төхөөрөмж авч, хөрөнгө оруулалт хийчихээд чанаргүй зам баримааргүй байна биз дээ. Тэгэхийн тулд ажиллаж байгаа боловсон хүчнийхээ чадавхийг сайжруулах нь ямагт чухал байдаг.
-Жилд хичнээн инженер бэл гэгдэн гардаг юм бэ?
-Нэг үеэ бодвол замын инженерүүд дотооддоо их бэлтгэгдлээ. Хуучин Орост бэлтгэгдсэн гэх инженерүүд одоо тавиас дээш насны улсууд болчихсон. Харин дунд болон залуу үеийн инженерүүд маань бараг бүгд дотооддоо бэлтгэгдсэн. Жилд ойролцоогоор 40-60 инженер бэлтгэгдэн гарч байна.
-Энэ сарын 15-нд УИХ-ын нэгдсэн хуралдаанд Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг МАН-ын хүсэлтээр Авто замын талаар мэдээлэл хийсэн байна лээ?
-Бараг үг хэлсэн бүх гишүүд авто замын ажилд дэвшил гарч байгааг сайшааж, ялангуяа Улаанбаатар хотод хийгдэж байгаа 33 уулзвар, бусад замуудын засварын ажил үр дүнтэй болж байгааг тэмдэглэж цаашдаа энэ ажлыг улам эрчимжүүлэхийг сануулсан Авто замчид, Монголын замчид зам барьж чадаж байна гэж дүгнүүлсэн.
-Ирэх онд Монголын замчид, үндэсний компанийнхныг ямар томоохон ажлууд хүлээж байна вэ?
-Цаашид хийх ажлын хэмжээ улам нэмэгдэх нь тодорхой байгаа иймээс Авто замын салбарт хийж байгаа бүтээн байгуулалтад компаниудыг зохион байгуулалттай, үр бүтээлтэй оролцуулах шаардлагатай байна.
-МАЗХ-ны III их хурал хэдхэн хоногийн дараа болно. Энэ удаагийн их хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?
-Авто замын салбарын дэргэдэх төрийн бус байгууллагуудын санаачилгаар авто замчдын анх дугаар их хурлаас хойш 17 жилийн дараа 2008 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хуралдсан түүхтэй. Монголын авто замчдын II их хурлаас Авто замын салбарын төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн “Монголын авто замчдын холбоо” Төрийн бус байгууллагыг байгуулсан юм.
Бид энэ хурлаараа ээлжит хурлыг таван жил тутамд хуралдуулж байхаар тогтсон. Монголын Авто замчдын холбооны Зөвлөлдөх хорооны шийдвэрээр Авто замчдын ээлжит III Их хурлыг 2013 оны 11 дүгээр сарын 29-нд хуралдуулахаар тогтоод байна.
Их хурлаар Монгол Улсын Авто замын салбарын өнөөгийн хөгжилд үнэлэлт, дүгнэлт өгч цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлон, шинэчлэлийнЗасгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэж, Авто замын салбарын хөгжлийг эрчимжүүлэх талаар шаардлагатай шийдвэрүүдийг гаргах юм. Мөн Монголын Авто замчдын холбооны дүрэм, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.
-Ярилцлагынхаа төгсгөлд та юуг онцлох вэ?
-Авто замын салбарт ямар нэгэн улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашиг орж ирэх ёсгүйг зориуд цохон тэмдэглэж хэлмээр байна.