Авто тээврийн холбоод нэгдлээ
Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоонд найман төрийн бус байгууллага нэгдэн орж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тодруулбал, Монголын авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Монголын авто инженерүүдийн холбоо, Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Монголын автомашины дистрибьторуудын ассоциаци, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Монголын авто сургууль, курс эрхлэгчдийн холбоо нэгдсэн юм.
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Батхүү, бусад холбоодын удирдлагууд оролцов. Энэ үеэр холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү хэлсэн үгэндээ, Монгол Улс Ази, Европыг холбосон транзит тээврийг хөгжүүлэх бодлого баримталж байгаа.
Та бүхэн Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоонд нэгдсэнээр авто тээврийг хөгжүүлэх, тээврийн бүхий л салбарт хамтран ажиллаж, хүчээ нэгтгэж, хийж бүтээх боломж бүрдэж байна. Манай холбооны хүрээ тэлэхийн хэрээр үүрэг хариуцлага нэмэгдэж байна гэж ойлгож болно. Тиймээс цаашид авто тээврийг хөгжүүлэхдээ алсыг харж, төрд үгээ хэлж, нэгдсэн бодлого, чиглэлтэй хамтран ажиллая гэлээ.
Санамж бичигт гарын үсэг зурсны дараа холбоодод гэрчилгээ гардуулсан юм.