Авто замчдын холбоо тайлангаа тавилаа
Монголын Автозамчдын холбооны III их хурлын илтгэл
Монголын Автозамчдын холбооны үйл ажиллагааны тайлан, цаашид тавих зорилтын тухай
Эрхэм хүндэт авто замчдаа,
Эрхэм төлөөлөгчидөө
Эрхэмсэг хатагтай ноёдоо,
Монголчууд бид 2013 онд Тулгар төрийнхөө 2222 жилийн ойг бүх нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэхдээ өвөг дээдэс, төрийн сүлд, алтан шар замдаа сүслэн залбирч сүү, цайныхаа дээжийг өргөдөг уламжлалаа хадгалсаар байна.
Алтан шар замтай амьдрал, ажил үйлсээрээ шууд холбогддог авто замчид бид үе үеийнхний бүтээсэн бахархам түүхтэй, бүтээлч өнөөдөртэй, хөгжил дэвшлийн гэрэлт ирээдүйдээ бахархаж байдаг билээ.
Өнөөдөр авто замчид бид Монгол төрийн хоймор Төрийн ордны их танхимд өмнөх их хурлаас хойш хийсэн бүтээснээ дүгнэж, цэгнэн Монгол улсын хөгжлийн шинэ шатанд хийж бүтээхээ бодож төлөвлөх, ирээдүйгээ шинжиж, бодлогоо тодорхойлоход чухал ач холбогдолтой “Монголын авто замчид”-ын III их хуралд оролцож байгаа нь Монголын авто замын хөгжлийн түүхэнд тэмдэглэлтэй чухал өдөр юм.
Монголын авто замчдын их хурлын эрхэм төлөөлөгчид, бидний урилгыг хүлээн авч морилон ирсэн эрхэмсэг хатагтай ноёд, нийгмийн хөгжлийн судас болсон авто замдаа бие, сэтгэл, оюун ухаанаа зориулсан нийт авто замчдынхаа амрыг айлтган мэндчилье. Мөн Монголын Авто замчдын холбоотой найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байдаг дотоодын болон гадаадын байгууллага, хамт олонд мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөж байна.
Эрхэм хүндэт төлөөлөгчидөө,
Монголын авто замчдын II их хурлаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2008-2013 онд Монголын авто замчдын холбооноос зохион байгуулсан ажлын чиглэл тус бүрээр нь жил дараалан гаргасан дэлгэрэнгүй тайланг та бүхэнд урьдчилан хүргэж, танилцах боломжоор хангасан учраас тэдгээрийг давтахаас зайлсхийж, хэмнэсэн цагтаа их хурлын төлөөлөгч та бүхний санал, бодлыг сонсох нь илүү үр дүнд хүргэх байхаа гэж бодсоны үндсэн дээр гол асуудлаар товч илтгэх нь зүйтэй гэж үзэж байна.
Нэг. Монголын авто замчдын холбооны буурийг засаж, өрхийг нь татаж, галыг нь асааж, байгууллагын дайтай болголоо.
2008 оны 3 дугаар сарын 31-нд Монголын авто замчдын II их хурал хуралдаж авто замын 91 байгууллагын төлөөлөгчид, Төрийн бус байгууллагуудаас гаргасан саналыг дэмжин салбарын байгууллагуудыг нэгдсэн бодлогоор хангах зорилгоор "Монголын авто замчдын холбоо"-г үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Монголын авто замчдын холбоог Хууль зүйн яаманд албан ёсоор бүртгүүлж үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ ,тамгаа авах, Зөвлөлдөх хороог хуралдуулж гишүүн байгууллага, хувь хүний гишүүнчлэлийн татварын хэмжээг тогтоох, Монголын авто замчдын холбооны гишүүн байгууллагын гэрчилгээг бий болгож гишүүнчлэлээ баталгаажуулах, шинээр байгуулагдсан холбоо ажлаа явуулах байртай болох, түүний Ажлын албыг бүрдүүлэх зэрэг олон ажлыг харьцангүй богино хугацаанд амжуулж улмаар үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар өнөөг хүрч байна.
Холбооны өнгө аяс, ажил үйлсийн билэгдэл болох лого, далбаа, албан бланк бий болгохоос эхлээд салбарын аваргуудад олгох есөн эрдэнийн цомын загварыг гарган хийлгэж байсан маань өдгөө түүх болсон байна. Тайлангийн хугацаанд тус холбоо нь 205 гишүүн байгууллагатай болсон нь байгуулагдах үеэсээ 2 дахин өргөжлөө.
Монголын авто замчдын холбоо нь 2010 онд ажлын үзүүлэлтээрээ Монголын мэргэжлийн холбоодоос Шилдэг холбоогоор шалгарсаны зэрэгцээ, Дэлхийн авто замчдын холбооны бүрэн эрхт гишүүн болов. АНУ-ын Нью Йорк хотноо 2013 оны 5 дугаар сард болсон “Бизнесийн Үйл Ажиллагааны Баримтлал” байгууллагаас зохион явуулдаг Олон улсын Чанарын Чуулганы үеэр Дэлхий дахинаа бизнесийн ертөнцөд удирдлага зохион байгуулалт, технологи, шинэ санаачлагын хүрээнд чанарын соёлыг хэрэгжүүлэн түгээх үйлсэд Moнголын Авто Замчдын Холбооны оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Алтан ангиллын шагнал цом, батламжийг тус байгууллагын Ерөнхийлөгчөөс гардан авлаа.
Өөрийн эх орондоо болон гадаад улсад ийм үнэлгээ авсан нь манай холбооны гишүүн байгууллагуудын инженер техникийн ажилтан, ажилчид түүний дотор их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон та бүхний маань хамтын ажиллагаа, чин сэтгэлийн санал зөвлөгөө, дэмжлэгийн үр дүнд буй болж байгааг зориуд тэмдэглэж байна. Цөөн үгээр илэрхийлсэн энэхүү ажлууд нь “Монголын авто замчдын холбоо” нь Монголдоо төдийгүй Дэлхий дахинаа танигдсан, төрийн бус байгууллага болсоны бодит гэрч юм.
Хоёр. Moнголын Авто замчдын холбооноос дараах олон талт үйл ажиллагаагаа явуулж ирлээ.
Тухайлбал:
- Авто замын салбарыг хөгжүүлэх талаар төр, засгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцон саналаа тусгуулах, хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна;
- Гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж, төрийн болон төрийн бус , хувийн хэвшлийн байгууллагуудтай өнөөгийн мөрдөж буй хууль, тогтоомжийн хүрээнд харьцаж олон тооны албан бичиг, шаардлага, хүргүүлж санамж бичиг үйлдэн улмаар түүнийгээ ажил хэрэг болгох арга хэмжээ авлаа.
- Олон улсын мэргэжил нэгт байгууллагуудтай хамтран ажиллаж, гишүүн байгууллагуудыг төлөөлөн харьцаж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах зэрэг үйл ажиллагаа явуулсаар байна.
- Салбарын төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах санамж бичиг үйлдэн, түүнийхээ хүрээнд салбарын олон талт үйл ажиллагааны уялдаа холбоог зохицуулах, санал бодлоо солилцох, замчдын эрх ашгийг тууштай хамгаалах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаа.
- Гишүүдийнхээ мэдлэг боловсролыг тогтвортой дээшлүүлэх, мэргэшүүлэх, давтан сургах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж тогтмолжуулсаны үр дүнд 5 жилийн хугацаанд 59 удаа төрөл бүрийн мэргэжлийн сургалт зохион байгуулж 1503 хүний мэргэжлийг дээшлүүлж, гэрчилгээ олголоо. Өнгөрсөн хугацаанд салбарын ИТА-дын болон нэн чухал механизмчдын мэргэжлийг юуны өмнө дээшлүүлэх нь нэн чухал байсан учир гол анхаарлаа тэдгээрт хандуулсан бөгөөд харин замчдын сургалтыг хандивлагч банк, санхүүгийн байгууллагуудын хүрээнд зохион байгуулагдсан “мэргэжлийн боловсролын сургалт”-ын хүрээнд зохион байгуулахыг илүүтэйд үзлээ.
- Гишүүн байгууллагуудын хувьд өнгөрсөн жилүүдийн улсын нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалж авто замын салбарын хөрөнгө оруулалт тийм ч тогтвортой бус байсан учир нийт замын байгууллагууд жигд тогтвортой ажилтай байсангүй. Зарим замчид олон сараар тодорхой ажилгүй, хүлээлт, сул зогсолтын байдалтай байлаа. МАЗХ-ны үйл ажиллагаанаас шалтгаалахгүйгээр Монголын улс, төр, эдийн засгийн тухайн үеийн байдлууд ийм нөхцөл байдал үүсэхэд хүргэж байлаа. Тухайлбал 2010 оны Эвслийн Засгийн газрын задрал, 2012 оны сонгуулийн өмнөх болон дараагийн үйл явлууд, 2012 оны Төрийн захиргааны байгууллагуудын өөрчлөн зохион байгуулалт зэрэг нь авто замчдыг ихээхэн хүлээлтийн байдалд оруулж байлаа. Дээрх нөхцөл байдлуудад МАЗХ нь бусад ТББ-дын хамтаар боломжтой бүх арга хэмжээг авч байсан болно.
- Гишүүн байгууллагуудыг сурталчлах, тэргүүний байгууллагуудыг шалгаруулах, байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэгдэж томрох үйл ажиллагааг дэмжих ажлыг зохион байгуулахад голлон анхаарч ажиллаа. Сүүлийн жилүүдэд компаниудын хүчин чадал хүрэхгүй томоохон замуудыг бага хүчин чадлын олон компаниудад хуваарилан өгөх саналыг Захиалагчид тавьж шийдүүлсэнээр 100 км авто замыг 1 жилд багтаан барих боломжтой болж улмаар хэд хэдэн консоциум, нэгдэл бий болж дотоодод зарлагдсан олон улсын тендерийг үндэсний компаниудын түншлэл авч чаддаг боллоо. Эдгээрийн тод гэрч нь Герман улсын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд баригдсан Төв аймгийн Жаргалант, Борнуур, Батсүмбэрийн замууд болон УБ-Мандалговь, Тариалан-Мөрөн чиглэлийн замуудын ажилууд юм.
Гурав. Мэдээлэл бол мэдлэг, хүч чадал, амжилтанд хүргэх хөшүүрэг гэдэг үзэл баримтлалаар Холбоо ажлаа зохион байгуулж ирлээ.
Монголын авто замчдын холбоо нь 2009 оноос эхлэн “Авто зам, Гүүр” сэтгүүлийг улирал тутам гаргаж байгаа бөгөөд түүндээ салбарын ажилтан, ажилчид ахмадын сургаал, нийтлэл, шинэ техник, технологийн хөгжил, хууль, тогтоомж, дүрэм, журам, норм гэх мэт салбарын цаг үеийн үйл ажиллагаатай холбогдолтой мэдээлэлийг аль болохоор өргөн хүрээнд хүргэх зорилттой ажиллаж байна. Мөн оноос эхлэн веб сайтийг ажилуулж энэ хугацаанд 2 удаа баяжуулан шинэчиллээ.
Холбооны вебсайтын бүтцийн схем, гишүүн байгууллагуудын мэдээлэл, Авто замын салбарт мөрдөгдөж байгаа хууль, Засгийн газрын тогтоол, сайдын тушаал, бусад хууль зүйн актууд, Авто замын салбарт мөрдөгдөж байгаа стандарт, норм нормативын жагсаалт, төрийн бус бусад байгууллагууд, Барилгын материал, тоног төхөөрөмжийн мэдээлэл,Тендерийн урилга, Фото зургын галлерей, Хамгийн их уншсан мэдээлэл, “Авто замын салбарын түүх”, Салбарын боловсон хүчний мэдээлийн сан, Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан авто замын тухай мэдээллүүдийг цаг алдалгүй сайтан дээр байршуулдаг. Зөвхөн энэ онд манай сайтад өдөрт орох хандалт нь өдрөөс өдөрт өсөж өдөрт дундажаар 2800 гаруй болсон. Мөн “Road Expo-2013” олон улсын үзэсгэлэн, конференцид зориулж вэб сайт , мэйл хаягуудыг шинээр нээсэн бөгөөд одоо ч хэвийн ажиллаж байна.
Дөрөв. Монголын авто замчдын холбооноос салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, бэхжүүлэхэд онцгой анхаарлаа.
Тус Холбооны зүгээс Зам барилга, гүүрийн инженерүүдийн зэрэг олгох, сунгах сургалтын эрхийг МАЗХ-д олгуулах асуудлыг холбогдох байгууллагуудад удаа дараа тавьж хөөцөлдсөн юм. Үүний үр дүнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №196 тоот тушаалыг үндэслэн “Авто замын салбарын мэргэжилтэний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл”-ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто замын газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №249 тоот тушаалаар баталсан бөгөөд Зөвлөлийн 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар авто замын салбарын мэргэжилтэний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалтуудыг Монголын авто замчдын холбоо зохион байгуулж байх эрхийг авсан юм.
Ингэснээр авто замын салбар нь 1991 оноос тасарсан авто замын мэргэжилтэнүүдээ салбартаа сургаж мэргэжлийн зэрэг, дэв олгох сургалтын эрх авсны дагуу сэргээж, шинэ шатанд гарган улмаар Монголын авто замчдын холбооноос анхныхаа мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчний зэрэг олгох сургалтыг амжилттай зохион байгуулж 2011 оны 4 дүгээр сарын 28-нд мэргэшсэн инженерийн зэрэг авсан 27 инженер болон мэргэшсэн төсөвчний зэрэг авсан 19 төсөвчиддөө гэрчилгээ, тамга гардуулснаар гараагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд МАЗХ-ны сургалтын төвөөс Зэрэг олгох сургалтыг Авто зам, гүүрийн мэргэшсэн инженерийн; авто зам, гүүрийн зөвлөх инженерийн; авто зам, гүүрийн мэргэшсэн төсөвчний; тэргүүлэх төсөвчний зэрэг олгох сургалтуудыг зохион байгуулж 240 инженерт үнэмлэх, гэрчилгээ олгож, холбогдох тамгатай болголоо.
Мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтыг Авто замын инженерүүдэд геодизийн мэдлэг олгох; Худалдан авах ажиллагааны А гурав гэрчилгээ олгох; Авто замын хяналтын инженерүүдэд итгэмжлэл олгох ; Авто зам,гүүрийн төсөвчний анхан шатны; Төсвийн гүйцэтгэлийг тайлан баланстай уялдуулах; Хүний нөөцийн мэргэшүүлэх; Сургагч багшийн сургалт; Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтныг мэргэшүүлэх; Компанийн нийгмийн хариуцлага ба бүтээмж сургалтуудыг Шинжлэх Ухаан Техникийн Их Сургууль, Сангийн яам, Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв, Авто замын инженерүүдийн нийгэмлэг, Авто замын хяналт эрдэм шинжилгээ судалгааны төв, Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоо, Хөгжлийн хөтөч төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн менежментийн хүрээлэн , Ажил олгогч эздийн холбоодуудтай хамтран зохион байгуулж давтагдсан тоогоор 869 инженер;
Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтыг Авто зам, гүүрийн лаборант бэлтгэх; Механизмчин бэлтгэх; Асфальт бетон дэвсэгчийн оператор бэлтгэх; Үйлдвэрлэл дээрхи сургалтаар замчин бэлтгэх сургалтуудыг зохион байгуулж 394 хүнийг мэргэжил эзэмшүүлсэн.
Дээрх сургалтуудтай холбогдсон сургалтын хөтөлбөр, гарын авлага, тест, бодлого өгөгдлийн санг бий болгохоор, салбарын эрдэмтэн доктор, профессорын багийг бүрдүүлэн сургалт арга зүйн зөвлөлийг байгуулж ажиллуулсан нь үр дүнгээ өгч байна.
Авто замын салбарын мэргэжилтэний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, сунгах болон мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургалтуудад зориулж Авто зам, гүүрийн инженер техникийн ажилтнуудад зориулсан “Шалгалтын тестүүд” номыг салбартаа анх удаа хэвлүүлэн, сургалтанд гарын авлага болгон ашиглаж байна.
Тав.Төрийн байгуулагуудтайхамтран ажиллахыг Холбооны үйл ажиллагааны гол чиглэл болгож байна.
Өсөн нэмэгдэж байгаатээврийн хэрэгслийн тоо, хэмжээ, түүнийг дагасан авто замын сүлжээний эрчимтэй хөгжлийг хангахын тулд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар зайлшгүй байх ёстой гэж үзэн түүнийг бие даалган байгуулах асуудлыг хуучнаар Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Улсын Их Хурлын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон засгийн эрх барьж буй 2 намын дарга, холбогдох гишүүдэд албан захидал хүргүүлэхийн зэрэгцээ зарим хүмүүстэй биечлэн уулзаж санал бодлоо илэрхийлсэний үр дүнд 2008 онд бие даасан Авто замын агентлаг байгуулагдсан.
Ингэхдээ Авто замын салбарын өнгөрсөн жилүүдийн ажилд үнэлэлт дүгнэлт өгч Авто замын салбарын удирдах байгууллагын бүтцийн төсөл түүний үндэслэлийг боловсруулан хүргүүлж байлаа.
МАЗХ-ноос Засгийн газарт саналаа хүргүүлэх, хамтран ажиллах талаар зохих үр дүнд хүрч байгаа. Авто замын талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах зорилтуудыг Ардчилсан намаас дэвшүүлсэн “Монгол хүн 2020” хөтөлбөртэй уялдуулан тодорхойлж Засгийн газарт танилцуулсаны үр дүнд зохих саналууд тусгалаа олсон.
Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, авто замын салбарыг мэргэжлийн удирдлагаар хангуулах, замын салбарыг удирдах байгууллагын бүтцийн төсөл түүний үндэслэлийг хүргэж, мөн авто замын газрын дарга, нийслэлийн авто замын газрын дарга нарыг мэргэжлийн хариуцлага хүлээлгэх үндэслэлээр авто замын салбарын мэргэжлийн инженерүүдээс сонгон шалгаруулах хүсэлтээ Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүд, Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн үүний үр дүнд мэргэжлийн хүмүүс томилогдон ажиллах боллоо.
Авто замын мэргэжлийн боловсролын салбар зөвлөлийг Барилга , замын салбарын зөвлөлөөс тусад нь бие даан байгуулах талаар холбогдох газруудад хүсэлт гаргасны дүнд асуудлууд шийдэгдлээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох зорилтыг хэрэгжүүлэх ажлуудыг 2013-2015 хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулах зорилгоор Зам, тээврийн яамтай хамтран ажиллах тухай санамж бичиг, Авто замын салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалж баталгаажуулах ажилтнуудын нийгмийн хамгаалалын асуудлыг шийдвэрлэх авто замын барилга угсралт, засвар үйлчилгээ, зураг төсөл материалын үйлдвэрлэлийн үр ашигтай тогтвортой үйл ажиллагааг хангах, хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудлуудыг зохицуулах чиглэлээр хөдөлмөр нийгмийн зөвшилийн Авто замын салбарын 2013-2014 оны хамтын хэлэлцээрийг Зам, Тээврийн яам, Монголын авто замын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой байгуулан ажиллаж байна.
Энэхүү хэлэлцээрийн зорилго нь Авто замын салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлуудыг дэс дараатай шийдвэрлэж, авто замын барилга угсралт, засвар үйлчилгээ, зураг төсөл, материалын үйлдвэрлэлийн үр ашигтай, тогтвортой үйл ажиллагааг хангах, хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудлуудыг зохицуулахад чиглэгдэж байгаа болно.
Мөн Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх зорилго бүхий “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах зорилгоор 2013-2015 онд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.Авто замын салбарын аж ахуйн нэгжүүд замчдын идэвхтэй оролцоог бий болгох, тэдгээрийг мэргэшүүлэн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах зорилгоор эдгээр санамж бичгүүдийг байгуулан ажиллаж байна.
Авто зам, гүүрийн барилгын ажлын төсөвт өртгийг тооцохдоо тендер шалгаруулалтад хамгийн бага үнийн аргыг хэрэглэхээс татгалзаж, тухайн үеийн зах зээлийн үнэ дээр тулгуурласан үнэлгээгээр тооцож байх асуудлыг Сангийн Яаманд тавьж шийдүүлэхэд хамтран ажиллаж байна.
“Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнд МАЗХ-ын удирдах зөвлөлийн гишүүд болон гишүүн байгуулагуудын төлөөлөгчид орж ажиллалаа.
Сүүлийн жилүүдэд нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өссөнөөс зам барилгын материал, түүхий эд, тээврийн зардал эрс нэмэгдсэн нь байгууллагуудад хүндээр тусч, авто замын олон компаниуд дампуурлын ирмэгт тулж ирсэн. Үүнээс шалтгаалан Засгийн газар, УИХ-д асуудал тавьж 32 компанид 33,2 тэрбум төгрөгийн үнийн зөрүүг олгуулах асуудлыг тууштай хөөцөлдөж шийдвэрлүүлсэн.
2010 онд Зам гүүрийн нэгж уртын жишиг үнийг анх удаа зарласан. МАЗХ-ны энэ санаачлагыг Засгийн газар дэмжиж 2010 оны 12-р сарын 22-ны №336 тоот тогтоолоор 7 метр өргөн зорчих хэсэгтэй, 100 м асфальт бетон замын үнийг 42.6 сая төгрөгөөр, 7.5 метрийн габриттай төмөр бетон гүүрний 1 урт метрийн үнийг 18 сая төгрөгөөр тогтоож, энэ үнийг материал түүхий эдийн үнэтэй уялдуулан байнга шинэчилж байхаар шийдвэрлэсэн. Манай холбооны Үнэ, норм норматив, эдийн засгийн ажлын хэсгийн гаргасан үнэлгээгээр 2011 онд 1 км замын өртөг 551 -580 сая төгрөг, 2012 оны 4-р улирлын 1 км замын өртөг 1,3 тэрбум төгрөг,1 урт метр төмөр бетон гүүрийн өртөг 50,0 сая төгрөг, 1 км авто замын зураг төсөл, хайгуул хийх жишиг үнэ – 5 сая төгрөг байхаар тооцон гаргаж ЗТЯ-нд хүргүүлсэн. Үүний дагуу төрийн болон төрийн бус байгууллагын хамтарсан ажлын хэсгээр дахин нягтлан баталгаажуулж Засгийн газар, Эдийн засаг хөгжлийн яаманд тавьсан боловч одоогоор шийдүүлж чадаагүй байна.
2012 онд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн мөнгө, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх 5 компанийн асуудлыг Зам, Тээврийн яаманд тавьж шийдвэрлүүлсэн.
Авто зам, замын байгууламж барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох эрх, Авто замын Зөвлөх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох эрх зэрэг ажил үүргийг шилжүүлэн авах хүсэлтийг салбарын яаманд гаргасны үр дүнд Зам тээврийн сайдын 2013 оны 7-р сарын 1-ний өдрийн 152 дугаар тушаалаар “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” журамыг шинэчлэн баталж “Монголын авто замчдын холбоо” Төрийн бус байгууллагын чиг үүрэгт тусгай зөвшөөрлийн баримт бичгийн бүрдлийг баталгаажуулахаар боллоо. Энэ ажил холбоонд шилжснээс хойш 10 компаний тусгай зөвшөөрөл гарснаас 4 компани сунгуулсан, 1 компани ангилал нэмсэн, 5 компани шинээр авсан байна. Улсын хэмжээнд замын тусгай зөвшөөрөлтэй нийт 570 компани байсан бөгөөд 2013 оны байдлаар 160 компаний тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, одоо тусгай зөвшөөрөлтэй 410 компани байна.
Зургаа. Төрийн бус байгуулагуудтай нягт хамтран ажиллахыг чухалчилаа.
Монголын Авто замчдын II их хурлын шийдвэр, авто замын салбарын төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, ажлын уялдаа холбоог өргөжүүлж, салбарын хөгжлийн асуудлаар нэгдмэл байр суурь баримтлан харилцан хамтран ажиллахаар тохирч, Монголын Авто Замчдын Холбоо, авто замын салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоод болох Монголын Авто Замчдын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо, Монголын Авто Замын Инженерүүдийн Нийгэмлэг, Монголын Авто Замчдын Ахмадын Хороо, Монголын Авто Замчин Эмэгтэйчүүдийн Холбоо, Монголын Гүүр Барилгачдын Холбоо, Монголын Авто Замын Зураг Төсөлчдийн Холбоо зэрэг төрийн бус байгууллагууд 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Хамтын ажиллагааны Санамж бичигт санал нэгтэйгээр гарын үсэг зурж улмаар нягт хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлаас “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд салбарын чадавхийг нэмэгдүүлж, бэхжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн саналуудыг хамтран дэвшүүлж бусад мэргэжлийн холбоо болон ажил олгогч эздийн холбоотой үр дүнтэй хамтран ажилласаар байна.
Жил бүр авто замчдын Шинэ жилийг хамтран зохион байгуулах, тухайн жилийн тэргүүний байгууллага, ИТА-д, замчдыг шалгаруулах, шагнаж урамшуулах, Авто замчдын баярыг тэмдэглэх, салбарын спортын аврага шалгаруулах наадам, ахмадын баяраар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх зэрэг олон арга хэмжээнүүдийг салбарын Төрийн бус байгуулагуудтай хамтран хэрэгжүүлсээр байна.
Долоо. Гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлсэн нь ач холбогдолтой боллоо.
Тайлангийн хугацаандДэлхийн авто замчдын холбоо болон Ази, Австралын инженерүүдийн нийгэмлэгийн гишүүн болон ажиллаж байгаа бөгөөд энэ оны 9-р сард Зөвлөх инженерүүдийн Олон улсын холбоонд буюу (FIDIC) –т Монгол улсаас анх удаа албан ёсны гишүүн болсон. Энэ нь салбарын ажил олгогч ба үйчлүүлэгчид, зөвлөх үйлчилгээ, хамтарсан хөрөнгө оруулалттай байгууллагуудад бизнес, чанарын удирдлага, тендер, худалдан авах ажиллагаа, технологи дамжуулалт, даатгалыг оновчтой зохион байгуулах, байгаль орчны хамгаалалт, өрсөлдөх чадварыг дэмжих, хуулийн хариуцлага, чадавхийг дээшлүүлэх зэрэг чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцааг бид авах өргөн боломжоор хангагдаж байгаа юм.
2012 онд БНСУ-ын "Барилгын технологийн институт"-ийн ерөнхийлөгчтэй Авто замын салбарын сургалтын талаар, БНХАУ-ын Уул уурхай, зам барилгын машин механизмын тэргүүлэгч үйлдвэр “Чери” компани болон түүний охин компаниуд, Моннис компанитай авто зам, гүүрийн барилгын машин механизм, тоног төхөөрөмж, техник багаж хэрэгсэлийг хөнгөлттэй, урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгээр худалдахад хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Дэлхийн авто замчдын холбоо болон Ази, Австралын инженерүүдийн нийгэмлэгийн албан ёсны гишүүн байгууллагын хувьдтус байгууллагуудаас зохион байгуулж байгаа олон улсын арга хэмжээнд өөрийн орны замын байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулах ажлыг зохион байгуулдаг.
Жишээлбэл Шанхай хотноо зохион байгуулагддаг "БАУМАЧАЙНА" олон улсын үзэсгэлэн худалдаа, АНУ-д зохион байгуулагддаг "Асфальтбетоны ертөнц", “КОН-ЭКСПО” үзэсгэлэн, яармаг, бага хуралуудад жил бүр тогтмол оролцуулдагаас гадна, Ази Австралийн Авто Замын Инженерүүдын Холбооноос зохион байгуулсан "Ирээдүйн зам-аюулгүй байдал" сэдэвт олон улсын хурал, Вашингтон хотод хуралдсан "Асфальтбетон хучилтын шилдэг туршлагууд" сэдэвт олон улсын бага хурал, Вьетнам улсад зохиогдсон сургалтуудад хамруулсан байна.
Мөн “Чех-Монголын Бизнес Форум”-д оролцож, Европын зам барилгын стандартыг, Монголын зам барилгын стандартад нэвтрүүлэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Чех улсын зөвлөн удирдах инженер геотехникийн ““Аркадис Геотехника”” компанитай гэрээ байгуулж гарын үсэг зурлаа.
2011 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны болон МАЗХ-ны төлөөлөгчид ОХУ-ын Эрхүү хотын авто замын байгууллагууд болон Техникийн Их Сургуульд зочилж хамтран ажиллах санамж бичиг үйлдсэн бөгөөд үүний дагуу зарим компани, байгуулагууд Эрхүү хотын байгууллагуудтай шууд харилцаатай болсон.
Авто замын удирдлага, захиргааны тогтолцоо, гүүр болон хучилтын технологийн гол асуудлууд, зам барилгын чанар,хяналтын системийн асуудлаар Япон улсын авто замын холбоотой Монголын авто замчдын холбоо хамтран ажиллах санамж бичигт 2013 оны 10 дугаар сард Токио хотноо гарын үсэг зурлаа.
Найм.“Авто зам экспо 2013” Олон улсын үзэсгэлэн, конференцийг зохион байгууллаа.
Зам, тээврийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын авто замчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Аодэ ХХК авто замын салбарт анх удаа “ROAD EXPO 2013” олон улсын үзэсгэлэн, конференцийг 2013 оны 3 сарын 6,7-нд амжилттай зохион байгууллаа. Экспод гадаад, дотоодын 80 гаруй байгууллагууд үзүүлэнгээ сонирхуулж, давхардсан тоогоор 10000 орчим иргэд үзэж сонирхсон байна. Энэ үеэр олон улсад нэвтэрсэн сүүлийн үеийн шинэ техник технологийг авто замын салбарт нэвтрүүлэх, мөн үндэсний авто замын компаниуд “Шинэ бүтээн байгуулалт”-ын ажилд оролцоход машин техник, тоног төхөөрөмж бэлэн байна гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэж, зохион байгуулагдсан бага хуралд АНУ, Канад, Орос, Солонгос, Хятад, Австрали, Герман улсын эрдэмтэн, судлаач, инженерүүд олон улсад нэвтэрсэн сүүлийн үеийн шинэ техник, технологиудыг танилцууллаа. Энэ үеэр авто замын шинэ техник, технологи танилцуулах, сургалт зохион байгуулж илтгэлийн номыг бэлтгэж гаргасан. Уг арга хэмжээг жил бүр зохион байгуулж байхаар болсон.
Ес. Салбарын ажиллагсадаа дэмжиж идэвхжүүлэх, ажлын онцлогоо олон түмэндээ таниулах нь амжилтын үндэс мөн.
Холбооноос Авто замын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн болон салбарын шагналд холбогдох байгууллагуудтай хамтарч тодорхойлон уламжилж шийдвэрлүүлж байдгийн дээр нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүд, салбарын ойг ажиллагсадын дунд өргөн зохион байгуулдаг болсны дээр бусдыгаа аль болохоор дэмжин ажиллаж ирлээ. Тухайлбал, Засгийн газар 2012 оны 10-р сард хэрэгжүүлэгч агентлаг авто замын газрын бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт хийснээр авто замын салбарын нэрийг олон жил өндөрт өргөж, амжилт гаргаснаар 2 гавъяат, олон улсын болон спортын олон мастеруудыг бэлтгэсэн Авто зам дугуйн клуб цаашид ажиллах боломжгүй болсон. Нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Авто зам дугуйн клубын удирдах зөвлөл хуралдаж манай холбоонд түшиглүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан юм. Ингэснээр тус клуб дахин сэргэж өнөө хүртэл амжилттай ажиллаж эх орондоо болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан нэр хүндтэй тэмцээнүүдэд оролцож тогтмол өндөр амжилт гаргасаар байна.
Саяхан “Замаа хайрлахын учир” богино хэмжээний нэвтрүүлгийг гаргаж зам хэрэглэгч болон олон нийт, төр засагт авто замын талаар зөв ойлголт төрүүлэх, цаашид замын төлөвлөлтийн стандартыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байгааг харуулахыг зорьсон нь замчдын ажлыг сурталчлах, замаа хайрлах, ашиглалтын хугацааг уртасгаж эдийн засгийн хэмнэлт гаргахад ач холбогдолтой болсон гэж олны ам сайн байгаа. Мөн энэ онд салбарын онцлогыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны 1 ангитай киног хийж дуусаад байна. Үүний зэрэгцээ “Тусгай салаа” шиг салбарын онцлогыг харуулсан олон ангит киноны зохиолыг бичүүлж дуусгаад байна. Ирэх онд Авто замын салбар үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ойн үеэр гаргахаар төлөвлөж байна.
Энэ киноны онцлог нь замчдын маань ажлын онцлогийг олон түмэндээ хүргэхийн хамт замын бүтээн байгуулалтын цар хэмжээ ихээхэн өсөж байгаа өнөө үед салбартаа ажиллах хүчний эх ундрага үүсгэх бодлогыг давхар агуулж байгаа болно. Эрхэм замчидаа энэ бүтээлд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.
Арав.Авто замын бүтээн байгуулалтын хүрээ улам бүр тэлснээр бид ажилтай, орлоготой болохын зэрэгцээ хариуцлага нь үлэмж нэмэгдэж байна.
2013 онд Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар 1824.7 км хатуу хучилттай авто зам, 924.4 у/м гүүрийн барилгын ажил дуусаад байна. Энэ ажилд нийт 8917 ажиллах хүч, 4947 машин механизм, тоног төхөөрөмж ажилласны дотор 272 машин механизм, тоног төхөөрөмжийг шинээр худалдан авч, 2767 ажлын байрыг бий болгосон байна.
Улаанбаатар хотод одоогийн байдлаар 18 уулзварыг ашиглалтанд оруулаад байна. Дээрх замуудыг ашиглалтанд оруулсанаар замаас олох эдийн засгийн өгөөж нь их болохыг дурдахын хамт энэ бүтээн байгуулалтууд бүгд манай авто замчдын сэтгэл, зүтгэлээр боссоныг бахархан тэмдэглэхийн хамт цаашид бидний хийх ажлын хэмжээ улам нэмэгдэх нь тодорхой байгааг: инженерийн дэд бүтэцтэй болох; агаарын бохирдолыг бууруулах; ажлын байр нэмэгдүүлэх; хот, хөдөөд үйлчилгээ сайжруулах; бизнесийн шинэ орчныг бий болгох; эх газраа хөрсний эвдрэлээс хамгаалах; эдийн засгийн хөгжлөө эрс өсгөх нь сайн баригдсан, сайхан харагдах авто замтай шууд холбоотой хэмээн ойлгож бид ирээдүйгээ өөдрөгөөр харцгааж байна.
Эрхэм төлөөлөгчидөө,
Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 9 сарын 18-ны өдөр баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Эдийн засгийн хөгжлийг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор дэд бүтэц, хот байгуулалт, аймаг, сумыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхдээ: аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах; Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замыг бүрэн шинэчлэх; Улаанбаатар хотын авто замын сүлжээг тойрог замын системд шилжүүлж, гүүрэн гарц, хоёр түвшний уулзварыг шаардлагатай газарт барьж байгуулах; транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам, Улаанбайшинт-Өлгий-Ховд-Ярант, Ховд-Улаангом чиглэлийн авто замыг ашиглалтад оруулах зорилтыг хэрэгжүүлснээр ажилтай, орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдрах монгол хүнээ дэмжин ажиллахаар заасан байна. Төрөөс баталсан хууль тогтоомжийн хүрээнд авто замчид ажиллах ёстойн дээр амьдралаар дэвшигдэн гарч ирсэн асуудлыг холбогдох байгууллагаар нь шуурхай шийдвэрлүүлэх, нэгэнт хүрсэн үр дүн, эзэмшсэн ур чадвараа улам баталгаажуулсанаар урагш ахиж, төлөвлөсөн зорилтоо биелүүлж, хүссэн хэмжээнийхээ үр ашгийг бид хүртэх ёстой билээ.
Авто зам бол инженерийн цогц байгууламж учраас хайгуул хийх, зураг, төсөв боловсруулахаас эхлээд барьж байгуулах, ашиглах, арчлах хүртэл олон талын нягт ажиллагаа шаарддаг ажил билээ. Энэ шаардлагыг жирийн ажилчин, инженер техникийн ажилтнаас эхлээд шийдвэр гаргах эрх бүхий төрийн өндөр албан тушаалтан хүртэл ёсчлон биелүүлэхээс өөр замгүй. Эс биелүүлбээс ойрын болон хожмын сөрөг үр дагавараас зайлж чадахгүй.
Дотоод зах зээлийг хамгаалах, зам, гүүрийн чанарыг эрс дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэгч болон мэргэжлийн боловсон хүчнээ дэмжихийн тулд МАЗХ-ны ажлыг, үйл ажиллагааны дараагийн шатанд хүргэх, авто замын салбарыг хөгжлийн шинэ түвшинд гаргах чиглэлээр дараах зорилтыг салбарын бусад ТББ-дтай хамтран хэрэгжүүлэхээр дэвшүүлж байна:
- Авто зам, гүүрийн хайгуул, зураг төсөл, барилга, засварын ажлыг зах зээлийн бодит үнээр бүсчлэн төлөвлөх, гүйцэтгэх чөлөөт үнийн тогтолцоонд нэн даруй шилжих.
- Улсын авто замын сүлжээний хөгжлийн бодлого, хэрэгжилтийг нэг удирдлагад төвлөрүүлэх, тэдгээрийн үүрэг хариуцлагын тогтолцоог бий болгох, салбарын төрийн захиргааны байгуулагуудын удирдлагуудаар мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах зэрэг асуудлыг тавьж шийдүүлэхийн тулд тууштай ажиллах,
- Зам, гүүрийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж, салбарыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх асуудлыг холбогдох газруудад тавьж шийдүүлэх.
- Улсын чанартай Авто замын засвар, арчлалтын ажлыг тогтвортой, үр дүнтэй болгох, засвар арчлалтын байгуулагуудыг удирдлагын босоо тогтолцоонд буюу гол Захиалагч ЗТЯ-ны болон НАЗГ-ын шууд харьяанд шилжүүлэх, Авто зам, замын байгууламжийн засварын ажлыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр мэргэжлийн байгууллагуудаар, сонгон шалгаруулалт, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, засвар, арчлалтын ажлын хяналтыг хөндлөнгийн этгээдээр хийлгэх, авто зам, замын байгууламжийг бэлэн байдлын түвшингээр үнэлж, нормативээр санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлэх.
- Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан салбарын жил бүрийн төлөвлөгөөг Яам, МАЗХ-ны хамтран баталсан жишиг үнийг үндэслэн хянах тогтолцоотой болох.
- Авто зам, замын байгууламжийн тендер, урьдчилгаа төлбөр, гүйцэтгэлийн зэрэг банкны олон баталгааг хялбарчлах, хөнгөвчлөх, бүх төрлийн ажлын санхүүжилтийн олон шат дамжлагатай, хүнд сурталтай, цаг хугацаа их алдагдуулдаг өнөөгийн хоцрогдсон тогтолцоог өөрчлөх асуудлыг холбогдох газруудад тавьж яаралтай шийдүүлэх.
- Авто зам, замын байгууламжийн хайгуул, зураг төсөл, барилга угсралт, их засвар, шинэчлэлт, зөвлөхийн үйлчилгээний гэрээг олон улсын ФИДИК-ийн гэрээний дагуу байгуулах, талуудын хүлээх үүрэг ба хариуцлагыг тус тусын онцлогт нь тохируулан нарийвчлан тусгаж, Монгол улсын хэмжээнд нэгдсэн журмаар мөрдүүлэх, авто замын салбарын зөвлөх үйлчилгээний журмыг ЗТЯ-аар яаралтай гаргуулж мөрүүлэх шаардлагатай байна.
Эрхэм төлөөлөгчидөө,
Барьж байгуулсан бүтээн байгуулалт нь хэзээ ч, хэний ч нүдэнд ил байдаг бөгөөд эх орны хөгжлийг хурдасгах, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхэд үр өгөөжөө хайрлаж, өнөөгийн төдийгүй бидний хойч үеийнхэн нь бахархаж байх гэгээн мөр үлдээж чаддаг ачтай, буянтай хүмүүс бол авто замчид юм. Замчдын маань сэтгэл, зүтгэл, ажил хэргийн өндөр мэдлэг, мэргэшил, ёс зүйтэй байдал л ард олноосоо ийм сайхан нэр алдрыг хүртэх эх ундрага нь байсаар ирсэн. Авто замын салбарт энэхүү уламжлалаа умартсан, улс төржүүлсэн, албан тушаал горьдсон увайгүй явдал гарах ёсгүй гэдэгтэй эрхэм төлөөлөгч та бүхэн санал нэгтэй байгаа гэдэгт итгэж байгаагаа эцэст нь зориуд цохон тэмдэглэж байна.
Төрийн минь сүлд түмэн замчдыг минь ивээж, хөгжил, дэвшлийн алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл дэвшүүлж илтгэлээ өндөрлөе.
Анхаарал тавьсанд баярлалаа