Гадаад харилцааны сайд Л.Болд Сербид айлчилж байна
Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны сайд Иван Мркичийн урилгаар Гадаад харилцааны сайд Л.Болд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Түүний айлчлал өнөөдөр эхэлсэн бөгөөд энэ хүрээнд Л.Болд сайдыг Серби Улсын Ерөнхий сайд Ивица Дачич хүлээн авч уулзах аж. Түүнчлэн Сербийн Гадаад харилцааны сайд Иван Мркичтэй уулзан, хэлэлцээ хийх гэнэ. Айлчлалын хүрээнд "Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын иргэдийг харилцан визнээс чөлөөлөх тухай" хэлэлцээр байгуулагдах юм байна.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд, Монголын ЭСЯ, Сербийн Худалдаа аж үйлдвэрийн Танхимаас хамтран зохион байгуулах Монгол-Сербийн Бизнес Форумд оролцож үг хэлэх аж. Мөн Сербийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн парк хот болох Нови Садад зочилж, Монгол-Сербийн уламжлалт найрсаг харилцааг сэргээн хөгжүүлэхтэй холбогдсон асуудлаар санал солилцох төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Энэ удаагийн айлчлал сүүлийн 21 жил зогсонги байсан хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.