Монголын санаачилга, оролцоог өндрөөр үнэлэв
Парис хотноо үргэлжилж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулган
2013.11.08

Монголын санаачилга, оролцоог өндрөөр үнэлэв

Парис хотноо үргэлжилж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганы хүрээнд “Технологийн тусламжтайгаар бичиг үсгийн боловсролыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хуралдаан боллоо.

Уг арга хэмжээг ЮНЕСКО, Майкрософт-Нокиа корпорациуд хамтран зохион байгуулж, дэлхий дахинд боловсролыг дэмжин хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулж буй улс орны төлөөлөгчдийн тэргүүн нар, хувийн хэвшлийн удирдлагыг урьсны дотор Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга Л.Болд уригдан оролцов.

Хуралдааны үндсэн илтгэгчид болон үг хэлж, санал бодлоо хуваалцсан бусад оролцогчид даян дэлхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг санал нэгтэйгээр өндрөөр үнэлэн сайшаалаа.

Ялангуяа ЮНЕСКО-гийн Суурь боловсрол ба ур чадварын хөгжлийн хэлтсийн дарга Мманцеца Маропе, Майкрософт корпорацийн Дэлхий дахины боловсролын стратегийн захирал Стивен Дуган, Олон Улсын Бичиг Үсгийн Хүрээлэнгийн захирал Даниел Вагнер, ЮНЕСКО-гийн Насан туршин боловсролын хүрээлэнгийн захирал Арне Карлсон нарын албан тушаалтнууд сайд Л.Болдтой тусгайлан уулзаж Монгол улсад баяр хүргэж байв.  

сайд Л.Болд Швед, Норвегийн төлөөлөгчдийн тэргүүн-сайд нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч яриа өрнүүллээ.

Манай төлөөлөгчдийн тэргүүн Л.Болд хэлэлцүүлгийн үеэр үг хэлэхдээ Монгол Улсын НҮБ-ын хүрээнд санаачлан авч явдаг чиглэлүүдийн дотор бичиг үсгийн боловсролын асуудал чухал байр суурь эзэлдэг бөгөөд саяхан 10 дугаар сарын 31-нд НҮБ-ын 68 дугаар чуулганаар “Бичиг үсгийн боловсрол”-ын тухай тогтоол батлуулсныг мэдээлж энэхүү чухал асуудлыг НҮБ-ын 2015 оноос хойших хөгжлийн зорилтуудад тусгах, ингэхдээ ЮНЕСКО-гоос дэвшүүлж байгаа олон талын оролцогчдоос бүрдсэн түншлэл байгуулж ажиллах санаачилгыг тууштай дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн өдөр Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн болон “77-ийн бүлэг”-ийн төлөөлөгчдийн тэргүүн нарын бага хурал болж, Хамтарсан мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд манай төлөөлөгчдийн санаачилгаар ардчиллын боловсролд анхаарахын чухлыг ЮНЕСКО-д уриалсан заалт тусгагдсан.

Сайд Л.Болд чуулганы үеэр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын Харилцаа мэдээллийн асуудал хариуцсан орлогч Я.Карклинстай уулзаж хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцлаа. Тухайлбал Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах, англи хэл дээрх 24 цагийн телевизийн суваг ажиллуулах нь чухал бөгөөд уг ажлыг ЮНЕСКО-гийн зүгээс дэмжих тухайд санал нэгдэв.

Энэ өдөр сайд Л.Болд Швед, Норвегийн төлөөлөгчдийн тэргүүн-сайд нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч яриа өрнүүллээ.

Мөн тэрээр Парис хотын Азийн урлагийн музейн үйл ажиллагаатай танилцаж цаашид Монголын холбогдолтой үзмэрүүдээр бие даасан хэсэг бий болгох, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах талаар санал солилцлоо гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.