Ерөнхий сайд Оксфорд бизнес группийн 2014 оны тайланд ярилцлага өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Оксфорд бизнес группийн Монгол дахь төслийн захирал Яна Станкова, менежер Пабло Эстевец нартай уулзаж, тус группээс эрхлэн гаргадаг тайлангийн 2014 оны дугаарт ярилцлага өглөө.
Тус групп нь 1994 оноос дэлхийн улс орнуудын макро эдийн засагт судалгаа хийж, тайланг 30 гаруй орны 18 хэлээр хэвлүүлдэг бөгөөд манайд хоёр жилийн өмнөөс энэхүү тайлан хэвлэгдэж эхэлсэн юм.
Манай улсад хоёр жилийн өмнөөс энэхүү тайлан хэвлэгдэж эхэлжээ.
Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийн тэргүүлэх чиглэл өөр ямар салбарт чиглэгдэж, хэрхэн өргөжүүлэх гэж байгаа болон Чингис бондын хөрөнгөөр ямар бүтээн байгуулалт өрнүүлж байгаа талаар тодруулж байлаа.
Бизнес эрхлэх болон гадаадын хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн дэмжиж байгаа талаар тэд асуулаа. Өнгөрсөн сард БНХАУ-д хийсэн Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар тодруулж дэлгэрэнгүй хариулт авлаа.
Энэхүү тайлан ирэх оны нэгдүгээр улиралд хэвлэгдэн гарах ажээ.