Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч Халема Мотлантег хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч Халема Мотлантег хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар хийж буй ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал нь тус улсын зүгээс Монголд хийж байгаа анхны дээд түвшний айлчлал юм.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгчийн айлчлалд амжилт хүсч баяр хүргэлээ. Ирэх 2014 онд Монгол Улс, ӨАБНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохионо.
ӨАБНУ-ын анхны бүх нийтийн ардчилсан сонгуулийн дүнд Африкийн үндэсний конгресс ялж, 1994 оны тавдугаар сарын 10-нд Нелсон Мандела Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараахан Монгол Улс тус улстай дипломат харилцаа тогтоож байсныг ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгчуулзалтын үеэр дурдав.
Дипломат харилцааны тэгш ой тохиох үеэр харилцан ЭСЯ нээх ажлыг богино хугацаанд ажил хэрэг болгох боломжийн талаар мөн дурдаж байлаа. Монгол Улс, ӨАБНУ нь ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн чиглэлээр ижил үнэлэмжтэй улсууд.
Монгол Улсын зүгээс ӨАБНУ-ыг Африк тивийн орнуудтай харилцах гүүр, найдвартай түнш гэж үздэг болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлээд ӨАБНУ-тай уул уурхайн салбарт, түүний дотор нүүрснээс шингэн түлш гаргах технологийн чиглэлд хамтарч ажиллах талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хийсэн хэлэлцээний үеэр тохиролцсоныг нь дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс, ӨАБНУ нь ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн чиглэлээр ижил үнэлэмжтэй улсууд.
Мөн Монгол Улс нь НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд идэвхтэй оролцдог. Түүний дотор Өмнөд Судан, Конго, Чад, Сьерра-Леон зэрэг Африкийн орнуудад Монголын энхийг сахиулагчид үүргээ амжилттай биелүүлж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэллээ. Жил бүр Монголд “Khaan Quest” нэрийн дор олон улсын цэргийн хээрийн сургууль болдог. Энэ 2013 онд тус сургуульд 20 шахам орны төлөөлөл оролцсон. Тус сургуульд Африкийн анхны орон болж ӨАБНУ оролцох боломжтой гэлээ.
Хоёр тал өндөр хэмжээний харилцан айлчлал хийж байх, харилцаагаа улам гүнзгийрүүлэх чиглэлээр ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ӨАБНУ-ын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Жакоб Зумад чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, дэд Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал дараа дараагийн удаа хийх олон айлчлалын анхны шанг татсан айлчлал байх болтугай хэмээн хүсч байна гэлээ.