Увсын хоёрыг эргүүлэн татах ёстой гэж эрх баригч намаас нэр дэвшигчид үзлээ
Ардчилсан намын “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4-11” уулзалт өчигдөр болж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон УИХ-ын сонгуульд Увс аймагт АН-аас нэр дэвшиж байсан Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар мэдээлэл хийлээ.
Сонгуулийн хуулиар төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэсэн үндэслэлээр 5-10 жилийн хорих ял авах учиртай
Тэд УИХ-ын сонгуулиар мөнгө тараасан гэх хэрэгт холбогдоод буй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Шүүхээс Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслах долоон хүн мөнгө тараасан нь тогтоогдон ял авч хоригдсон байхад өөрсдөө УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийдээ юу ч болоогүй мэт тухалсаар байгаа нь шударга бус” хэмээн тэд хэлж байна.
Харин Захиргааны хэргийн шүүхээр сонгуулийн маргааныг шийдвэрлэхгүй гэдгээ нотолсон учраас одоо СЕХ Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгох л үлдээд байгаа гэнэ.
АН-ын генсек Ц.Оюундарь “Энэ бол эргүүлэн татах тухай асуудал биш. Учир нь УИХ-ын гишүүн болсон хойноо ямар нэг хууль зөрчсөн үйлдэл гаргаж тэр нь тогтоогдвол эргүүлэн татдаг. Харин Ч.Хүрэлбаатар Б.Чойжилсүрэн нарын хувьд УИХ-ын гишүүн болох үйл явцдаа хууль зөрчсөн нь тогтоогдсон учраас мандатыг нь хүчингүй болгох ёстой” хэмээлээ. Харин тус тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Т.Мэндсайхан “Сонгуулийн хуулиар төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэсэн үндэслэлээр 5-10 жилийн хорих ял авах учиртай. Тиймээс энэ хоёр гишүүн суудлаасаа буувал шоронд орж таарах байх” гэж байсан юм.