Гонмин хаан, монгол хатны бунхныг үзэж сонирхов
БНАСАУ-д төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Кесон хотын ойролцоо орших Мансүсан уулан дахь Гонмин хаан, монгол хатны бунхныг үзэж сонирхов.
Гонмин хаан нь 1341-1374 онд Корё улсын 31 дэх хаанаар суусан бөгөөд түүний монгол хатан Ванги хааны төрийн ажил үйлсэд мэргэн зөвлөгөө өгдөг цэцэн хатан байснаараа алдаршжээ. Монгол хатныг Хубилай хааны ганц охин байсан, эсвэл Хубилайн зээ охин байсан гэдэг домог ч байдаг аж.
Хаан, хатны бунхныг байгалийн үзэсгэлэн бүрдсэн ууланд эртний монгол хаадын гэр тэрэг хэлбэрээр, тэргэн дээр барьсан гэрийг дүрслэн боржин чулуугаар урлаж, жилийн 12 сарыг бэлгэдэн зургаан ширхэг хонь, зургаан барыг гэр тойруулан чулуугаар урласан байна. Хоньдыг монгол хонины хэлбэр, хэмжээг яг дуурайлган урласнаараа онцлогтой.
Бунхны урд талд боржин чулуугаар бүтээсэн хоёр метр гаруй өндөр дэнлүү хэлбэрийн гэрэлт цамхаг байрлуулсан бөгөөд бунханд очсон монголчууд тэнд арц, хүж уугиулан хүндэтгэл үзүүлдэг заншилтай ажээ. Эдгээр бунхан нь Корё улсын сүүл үеэр баригдаж өнөөг хүртэл бүрэн бүтнээрээ хамгийн сайн хадгалагдан үлджээ.