М.Сономпил: Мөнгөний бодлогыг хаалттай горимд ярих ёстой
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал 2013 онд яагаад мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлсэн, бодлогын үр дүн ямар байгаа талаар болон 2014 онд хэрэгжүүлэх бодлогын үндсэн зорилтуудын талаар илтгэл тавьж, гишүүдийн асуултад хариулсан юм.
Түүний хэлж буйгаар ирэх онд Монголбанк инфляцийг бууруулах, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар гадаад эдийн засгаас хамаарах хамаарлыг багасгах, эдийн засгийн дархлааг сайжруулахад бодлогоо чиглүүлэх аж.
Н.Золжаргал ерөнхийлөгчийн мэдээллийн дараа 2013 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын үр дүн хийгээд ирэх онд баримтлах бодлогын талаар гишүүд юу хэлснийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн М.Сономпил:
Мөнгөний бодлого дээр улстөржихгүй байх хэрэгтэй.
Уг нь бид мөнгөний бодлогыг хаалттай горимд ярих ёстой. Төрийн хар хайрцагны бодлого гэж байна. Мөнгөнийхөө асуудлыг ил задгай, улс төрийн хэлбэртэй яриад байгаа нь таалагдахгүй байгаа юм.
Долларын ханш 1800-д хүрнэ шүү гэж хэлээд байгаа нь зохимжгүй харагдаад байгаа юм. Мөнгөний бодлого дээр улстөржихгүй байвал хэрэгтэй. Монголбанкны ерөнхийлөгчийг оруулж ирээд нүүрийг нь улалзуулаад, бүлтэлзүүлээд сураад байх буруу.