Г.Батхүү: Замын ажлыг Монголын нэрээр тендерт ялсан хятад компаниуд хийж байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал 2013 онд яагаад мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлсэн, бодлогын үр дүн ямар байгаа талаар болон 2014 онд хэрэгжүүлэх бодлогын үндсэн зорилтуудын талаар илтгэл тавьж, гишүүдийн асуултад хариулсан юм.
Түүний хэлж буйгаар ирэх онд Монголбанк инфляцийг бууруулах, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар гадаад эдийн засгаас хамаарах хамаарлыг багасгах, эдийн засгийн дархлааг сайжруулахад бодлогоо чиглүүлэх аж.
Н.Золжаргал ерөнхийлөгчийн мэдээллийн дараа 2013 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын үр дүн хийгээд ирэх онд баримтлах бодлогын талаар гишүүд юу хэлснийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Г.Батхүү:
Бид энэ бодлогыг хэрэгжүүлээд үр дүнг нь үзэж чадаагүй байж 100 хувь өөрчлөх, эсвэл эсэргүүцэх тухай асуудлыг яриад байгаа юм. Тэгэхээр Монголбанкны явуулж байгаа төрөөс баримтлах мөнгөний бодлого тодорхой хэмжээнд үр дүнд хүрч байгаа.
Засгийн газар, Монголбанк маш сайн хамтарч ажиллах ёстой.
Гишүүд мэдэж байгаа, “Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажил амьдралаа залгуулах гэсэн юм зээл өгөөч” гэсэн хэдэн мянган өргөдөл гишүүдийг дардаг байсныг. Гэтэл өнгөрсөн онд нэг ч ийм өргөдөл хүлээж аваагүй.
Учир нь орон нутагт ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд бизнес хийгээд олсон ашгаараа амьдрах бололцоог нь хангах боломжийг бүрдүүлж байгаа гэж харж байна.
Мэдээж энэ бодлогыг хэрэгжүүлэх явцад гарч байгаа алдаа дутагдал, хэрэгжүүлэх аль нэг шатандаа хариуцлагагүй хандсан зүйл байгаа байх. Иймээс Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг байгуулаад Монголбанкийг шалгаж байна. Энэ шалгалтын үр дүнг харах ёстой. Үүний дагуу засч залруулах ажлыг хийх ёстой.
Явуулж байгаа мөнгөний бодлогын хүрээ, Засгийн газар Монголбанкны харилцаа тухайлбал, бондоос улсын төсөв рүү орж байгаа мөнгө аль салбарт ямар нөхцөлтэй орж байна вэ гэдгийг УИХ, Эдийн засгийн байнгын хороо анзаарах ёстой. Өнөөдөр авто зам, барилгын салбар руу мөнгө орж байж хөгжих ёстой.
Өнөөдөр авто зам, барилгын салбар руу мөнгө орж байж хөгжих ёстой.
Гэхдээ 1995-1996 онд банкнаас зээл аваад алтан бөгж авч зүүдэг байсан шигээ бондын мөнгөнд хандаж болохгүй. Замын ажлыг Монголын нэрээр тендерт ялсан хятад компаниуд л хийж байна. Тэд Хятадаас тоног төхөөрөмж авчраад хятад хүнээр ажлыг хийлгээд мөнгөө аваад гараад явчихаж байна.
Эцэст нь Монгол Улс чанаргүй барилгатай л үлдэж байна. Тэгэхээр энэ бүгд дээр Засгийн газар, Монголбанк маш сайн хамтарч ажиллах ёстой. Харин одоо явж байгаа бодлогыг бид засч залруулж, үргэлжлүүлэх ёстой.