Ц.Оюундарь: Дотоод сонгуулиудыг түр хойшлуулсан
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2013.10.03

Ц.Оюундарь: Дотоод сонгуулиудыг түр хойшлуулсан

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.ОЮУНДАРИАС дараахь тодруулгыг авлаа.

-АН-ын зарим гишүүн нийлээд жигүүр байгуулж байгаа юм билээ. Ер нь дүрмээр жигүүр байгуулах нь нээлттэй юу?

-Болно шүү дээ. Жигүүр хэн ч байгуулж болно. Нээлттэй.

-Жигүүрийнхэн ҮЗХ-г хуралдуул, бүх шатны байгууллагад ротац явуул гэж шаардаж байгаа юм билээ. Яагаад ҮЗХ хуралдахгүй байгаа юм бэ?

-АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны тогтоол гарч, тэр дагуу бүх зүйл хойшлогдоод байгаа юм.

-Ямар агуулгатай тогтоол юм бэ?

-Намын дүрэмд заасан бүх төрлийн сонгуулийг Улс төрийн намуудын тухай хууль гарах гэж байгаатай холбогдуулан түр зогсоосон байгаа юм. Энэ бол бүр биш, түр зогсоосон асуудал.

-УИХ-аар Улстөрийн намуудын хуулийг өөрчилсний дараа АН-ын ҮЗХ хуралдана гэсэн үг үү?

-АН-ын Үндсэн дүрмийг өөрчлөх санал хоёр жилийн өмнөөс гарсан. Тэгээд дүрмийн ажлын хэсэг төслөө боловсруулаад, ҮЗХ-нд танилцуулсан. Гүйцэтгэх зөвлөлд ч гэсэн гурав, дөрвөн удаа танилцуулсан. Тэр дагуу улс орон даяар хэлэлцүүлэг явуулж, шинэ дүрмийн төсөл бэлэн болчихоод байгаа юм. Гэвч энэ маань одоогийн хүчин төгөлдөр байгаа хуулийн хүрээнд жаахан зөрчилдөөд байгаа л даа. Тиймээс Улс төрийн намуудын тухай хуулийг баталсны дараа шинэ төслөө баталъя. Бүх юм өөрчлөгдөх гэж байхад ҮЗХ-д яаран шинэ гишүүдийг сонгоод яахав.

ҮЗХ-ны гишүүн бүр тодорхой татвар төлдөг юм. Энэ бүхнийг Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр ярьсан учраас түр хойшлуулах тогтоол гаргасан.

Хоёр сарын дараа хуулийн орчин өөрчлөгдөх болбол бас хэцүү шүү дээ. Яагаад гэвэл, шинээр орсон гишүүд хохирох магадлалтай. ҮЗХ-ны гишүүн бүр тодорхой татвар төлдөг юм. Энэ бүхнийг Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр ярьсан учраас түр хойшлуулах тогтоол гаргасан. Хэрэв Улс төрийн намуудын тухай хууль намрын чуулганаар орохгүй бол манай Гүйцэтгэх зөвлөл хуралдаад л ҮЗХ-ны сонгуулиудыг дүрмийн дагуу явуулчихна. Энд бүрмөсөн зогсоосон ямар ч асуудал байхгүй. Зарим хүнд мэдээлэл гүйцэд хүрээгүй учраас л түр хойшлуулсныг ойлгохгүй яваа байх.

-ҮЗХ ойрын хугацаанд хуралдах уу?

-Сая хэллээ, нөхцөл байдал ямар байгааг.

-АН-ын ҮЗХ зөвхөн ротацын асуудал хэлэлцдэг юм уу. Өөр асуудал хэлэлцэх зорилгоор хуралддаггүй гэсэн үг үү?

-ҮЗХ жилд хоёр удаа хуралддаг дүрэмтэй. Намрынх нь хуралдах арай болоогүй байгаа.

-Намын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас ҮЗХ, улмаар Их хурлаар ярих ёстой гэж жигүүрийнхэн мэдэгдээд байгаа.

-Манай дүрэмд тодорхой заалтууд бий л дээ. ҮЗХ-ны хэлэлцэх асуудлыг заагаад өгчихсөн. Тэр дагуу л намын дарга сонгогдсон.