2013.09.23

Орон сууцны үнэ буурна гэв

Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газрын "Бүтээн байгуулалтын цаг" хуралдаан болдог.

Хэвлэлийнхэнд нээлттэй болдог энэхүү хуралдаанд өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтахуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон бусад албаны хүмүүс оролцож, барилгын салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

Засгийн газраас жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд олгох шийдвэр гаргаснаас хойш хоёр сар орчмын хугацаа өнгөрч байгаа юм. Зээлийн хүрээнд өмнө олгосон ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирж, үүнээс 16122 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 451.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 487.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 8129 иргэнд 463.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэж өгсөн. Зээл олголт тасралтгүй үргэлжилж байгаа.

Орон сууцны эрэлт бол их байгаа. Яамнаас гаргасан тооцоогоор энэ онд 14000 айлын орон сууц шинээр ашиглалтад орно. Ашиглалтад орох орон сууцыг өнгөрсөн оныхтой харьцуулахад тооны хувьд илүүрхэнэ. Тухайлбал, 2010 онд 9800, 2011 онд 11000, 2012 онд 11400 айлын орон сууц ашиглалтад орж байсан аж.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан

Барилга, хот байгуулалтын сайдын тодотгосноор сүүлийн саруудад гадаадын иргэд орон сууц худалдан авдаг боллоо, мөн ченжүүд ашиглалтад орж байгаа орон сууцыг олноор авч үнэ хөөрөгдөж байна гэх гомдол нэлээд гарах болсон.

Үүнтэй холбогдуулж Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас мэдээлэл авахад нийт орон сууцны 96 хувь нь Монгол Улсын иргэний нэр дээр бүртгэлтэй байгаа бол 2.6 хувь нь аж ахуйн нэгж дээр бүртгэлтэй аж. Харин орон сууцны үнэ өсгөж байна гэх асуудлын тухайд ам.долларын ханш буурахаар өсөлт буурах болов уу гэсэн хүлээлттэй сууж байна гэсэн юм.

Засгийн газраас иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангахын тулд зарим барилгын компанитай гэрээ байгуулан ажиллаж, дэд бүтцийг шийдэж өгчээ. Ингэснээр Нисэхэд хямд өртөгтэй орон сууц барих ажил хавар эхэлсэн нь далайцтай явж байгаа аж. Мөн 100 айл, Баянзүрх дүүрэгт тус бүр орон сууцны хороолол баригдаж эхэлсэн. Эдгээр орон сууцнууд ашиглалтад орж зах зээлд нийлүүлэгдэхээр орон сууцны үнэ буурна гэж тодотгосон юм.

Харин хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан нэг жилийн хугацаанд хэрхэн ажилласан тухайгаа товч тайлагнаж, зарим зүйлийг тодруулсан юм. Үүнд 11-11 төвийг нээн ажиллуулах болсноор 60 мянга гаруй иргэн холбогдож асуудлаа хэлснээр төр нь сонсч шийдвэрлэж байгаа.

Улаанбаатар хотын хэмжээнд иргэний бичиг баримтын лавлагаа олгох 17 ТҮЦ машин ажиллуулах болсноор 24 мянган иргэн хандаж 30 мянган тодорхойлолт авсан. Дунд сургуулийн сурагчийн дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Энэ жил нийт сурагчдын 60 орчим хувийг дүрэмт хувцсаар хангах бол ирэх жил 100 хувь хангана.

Эдийн засгийн тэргүүлэх салбар болсон уул уурхай, барилга, авто зам, тээвэр, аж үйлдвэрийн салбарт нэн хэрэгцээтэй байгаа 7000 мэргэжилтэй ажилтан бэлтгэж гаргасан гээд хийсэн ажил олон байгааг дуулгаад энэ удаагийн "Бүтээн байгуулалтын цаг"-ийг өндөрлүүлэв.