УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2013.09.27

З.Баянсэлэнгэ: Хориглоогүй бүхэн зөвшөөрөгдсөн гэж хэтэрхий хавтгайруулж болохгүй

Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ оролцлоо.  

-Та жагсагч байсныхаа хувьд өнөөдрийн жагсаалыг юу гэж дүгнэж байна вэ?

-Миний хувьд улс төрийн тэмцэл, тайван замаар жагсаал цуглаан хийн, үзэл бодлоо илэрхийлж явах үедээ байнга урьдчилан сэргийлэх, хөндлөнгийн янз бүрийн нөхдүүд сэтгэлийн хөөрлөөр ч юм уу орж ирэн бидний жагсаалын утга учир, мөн чанарыг алдагдуулчихвий гэдэг үүднээс болгоомжтой хандаж, хууль хүчний байгууллагынханд мэдэгддэг байсан.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх нь хүний эрх, улс төрийн намуудын эрх хэдий ч монголд хүний амь насыг эрсдүүлэх хэмжээнд жагсаал хийж, өөрсдийнхөө эрхээр бусдын эрхийг хязгаарлах гэсэн үйлдэл нь буруу гэж бодож байна.

-Ээлжит бус чуулганаас хүлээж буй зүйл бол хөрөнгө оруулалтын тухай хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна. Хөрөнгө оруулалтын хуулийг яах ёстой юм бол?

-Эдийн засгийн хямрал, валютын ханшны өсөлт, төгрөгийн ханш уналт, хөрөнгө оруулалт буурч байна гэх мэтчилэн ярьж байгаа. Энэ зүйлүүдтэй холбоотойгоор оруулж ирж буй хуулиудыг хэлэлцэх ёстой юу. Эсвэл эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулахгүйгээр гадны шахалт дарамтаар, гар хөл болж ийм хуулиуд орж ирж байна уу гэдгийг бодох л асуудал.

Улстөрчид ард түмнийхээ сэтгэл зүйг тайван байлгах үүднээс бодитой зүйл ярьдаг баймаар байна.

Хөрөнгө оруулалт гэхээр гадныхны манай баялаг руу шунасан бодлогыг хөхиүлэн дэмжих ёстой юу, эсвэл монгол улс өөртөө байгаа хөрөнгө оруулалтыг гадныханд санал болгож, захиалга өгдөг байх юм уу.

Миний хувьд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт дээр манай улс бодлоготой хандах хэрэгтэй гэж бодож байна. Ер нь хөрөнгө оруулалтын тал дээр төрийн бодлого байх ёстой. Монгол улсын хөгжилд нэмэртэй байх тэр бодлогыг төр өөрөө боловсруулах ёстой гэж үзэж байгаа.

-Оюу толгойн гэрээний асуудлаар яригдаж буй зүйл дээр та ямар бодолтой байна вэ?

-Оюутолгойн гэрээг иргэд төдийлөн ойлгодоггүй. Улстөрчид өөрсдийн амбицаар ярьдаг сэдэв болоод байгаа. Энэ гэрээг анх байгуулахдаа монгол улсад, ард түмэнд хохиролтой хийсэн. Тухайн үед “Шударга ёс” эвслээс энэ талаар ярьж, шүүмжлэлтэй хандаж байсан.

Тэр үеийн хамтарсан гэх Засгийн газрын алдаатай бодлогын үр дагавар өнөөдөр үргэлжилж байна. Гэхдээ нэгэнт байгуулсан асуудлыг хөндөхгүй гэсэн зүйл байхгүй. Бага хохиролтой үед нь аль болох засаж, залруулах зайлшгүй шаардлагатай.

-Төрийн ордон руу салаавч үзүүлсэн нөхдүүдэд хүлээлгэх хариуцлагын талаар яриандаа дурдсан. Танай намын гишүүн салаавч үзүүлснийхээ төлөө тэнсэн харгалзах ялаар шийтгэгдээд байгаа. Энэ асуудлыг яаж харж байна вэ?

-Хүний мууд дурлаад ял авч, шийтгэгдээсэй гэх нь хаашаа юм. Гэхдээ хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх ёстой. Н.Энхбаяр даргын гэрт болсон асуудал дээр тухайн үеийн их хурлын гишүүдийн бүрэн эрхэд халдан, хүч хэрэглэсэнд нь дургүйцлээ илэрхийлэн салаавч гаргасан асуудал байдаг.

Ц.Шинэбаяр

Ц.Шинэбаяр гишүүний бүрэн эрх нь дуусах үед шүүх хурал болж нэг жилийн тэнсэн ял өгсөн. Миний хувьд энэ эрх тэгш байна уу үгүй юу гэж боддог. Нэг хэсэгхэн хугацаанд МАХН гэдэг нэртэй холбогдсон хүмүүс шүүх цагдаагаар эргэлдэж, хууль хүчний байгууллагынхан шалгадаг байсан.

Тухайлбал, бидний таван нөхдийг прокурор зодсон хэргээр найман сар ял өгөх гэж хууль хүчний байгууллага цагдаж хорих гээд нилээн юм болсон. Бид тэр хүнд нэг метр ч ойртоогүй. Гэтэл өнөөдөр төрийн ордон руугаа салаавч гаргаад, буу шийдэм агсаад байх нь хэр шударга юм бол. Тэмцэл хийлээ гэхэд хэрээс хэтэрч болохгүй. Хориглоогүй бүхэн зөвшөөрөгдсөн гэж хэтэрхий хавтгайруулж болохгүй.

-Бид энэ жагсаал цуглаан, тэмцлээс сэргийлэх ёстой. Нөхцөл байдал тартагтаа тулчаагүй байгаа учраас асуудлыг шийдэх арай өөр гарц бий. Энэ тал дээр та тэмцэгч байсан хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Улс төрчдийн хэлсэн үгийг ард түмэн маш их сонсож, анхаардаг. Гэтэл улстөрчид асуудалд өөр өөрсдийн амбицаар хандан, болж буй зүйлийг болохгүй мэтээр тайлбарладаг нь нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, эдийн засгийн хямрал гэж ярьж байна.

Бид холбогдох салбарынх нь хүмүүс, ялангуяа нарийн мэргэшсэн төрийн албан хаагч, эдийн засагчдаас асууж тодрууллаа. Өнөөдөр эдийн засгийн хямрал явагдсан уу гэвэл бас үгүй. Сүүлийн хоёр улирал хасах үзүүлэлттэй гарсан бол хямрал гэж үздэг байхад өнөөдөр ДНБ 14,6 хувьтай өссөн.  

Гэхдээ банк санхүүгийн хувьд хүндрэл бэрхшээлтэй асуудлууд бий. Энэ хүндрэл бэрхшээлээ цаг хугацаанд нь даван туулбал бидэнд эдийн засгийн хүндрэл нүүрлэхгүй. Улстөрчид бид ард түмнийхээ сэтгэл зүйг аль болох тайван байлгах үүднээс бодитой зүйл ярьдаг баймаар байна.