2013.09.27

Сайдуудыг огцруулна гэв

Олонхийг бүрдүүлж буй АН, Шударга ёс эвсэл, ИЗНН бие даагчдын зөвлөлд хандан уриалга гаргаад байна. Улс орны эдийн засгийн байдлыг хүндрүүлж ажилдаа хариуцлага алдсан сайд нар болох Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарыг огцруулахыг тэд зөвлөжээ.

Хэрэв асуудлыг энэ хэвээр орхивол УИХ дахь МАН-ын бүлэг хуульд заасан бүрэн эрхээ эдлэн огцруулах санал оруулахаар болоод байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Зөвхөн алтны ил тод байдлын хуулиар Оюутолгой компанид хоёр тэрбум гаруй долларыг тэрнээс авах татварыг чөлөөлөх хууль орж ирж байна. Оюутолгойн гэрээг сайжруулах гэж өнгөрсөн дөрвөн жил ярьж, олон түмнийг үймүүлж, улмаар их хуралд сонгогдсон хүмүүс бүгд дарга сайд болсон.

Монгол улсын газар нутгийн 6-8 хувийг эзэлж буй ойг, голын эхийг, усан санг ухаж, арай гэж зөвшилцөлд хүрээд байсан ашиглалтын асуудлыг сэргээе гэж байна. Үнэхээр харамсалтай, хариуцлагагүй. Тэгээд эдийн засаг сайн, амьдрал болж байна, үнэ өсөөгүй гэж ярьдаг. 70 доллараар хийж байсан “Чалко”-гийн нүүрсний гэрээг хагас жил гаран зогсоогоод өнөөдөр Засгийн газар 50 доллар болгон гэрээ хийж байна.

Оюутолгойн гэрээг сайжруулахаар ярьж, олон түмнийг үймүүлж, улмаар их хуралд сонгогдсон хүмүүс бүгд дарга сайд болсон.

Гэтэл энэ хугацаанд улсын төсөвт орох 500 гаруй тэрбум төгрөгийн бололцоо, нүүрсний салбараас бид алдагдалд орж байгаа. Засгийн газар махны үнийг тогтвортой болгохоор 87 тэрбум төгрөг өгсөн. Гэтэл үхрийн мах 21,5 хувь, хонины мах 19,7 хувиар өссөн. Тэгэхээр энэ мөнгөөр юу хийсэн бэ гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлэг 2,9 их наяд төгрөгийг хэвлэн зах зээлд нийлүүлсэн Монголбанк түүний ерөнхийлөгч Н.Золжаргалд буруу өгөхгүй гэнэ. Эдийн засгийн нөхцөл байдал үүнээс өөр гарцгүй байсан талаар тэд ярьж байна. Одоо харин дахин мөнгө хэвлэх боломжгүй тул бүсээ чангалж төсвөө 4-5 их наяд төгрөгт багтаахаас аргагүй болж байна.