2013.09.19

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт боллоо

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн анхны гадаад айлчлалаа Япон улсад хийлээ. Айлчлал амжилттай боллоо гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг пүрэв гариг бүр болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэн, Засгийн газар таван хуулийн төсөл өргөн барьсан талаар мэдээллээ.

Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт удааширлаа, зогсох нь гэсэн айдас иргэдийн дунд байна. Валютын ханшийн өөрчлөлт бараа бүтээгдэхүүний үнийг өсгөлөө, шатахууны үнэ нэмэгдэх нь, шатахуун түгээх зарим газрууд түгээлт хийхгүй байна гэхчлэн асуултыг Ерөнхий сайдаас хэвлэлийнхэн сонирхлоо.

Ерөнхий сайдын 30 минут уулзалтын үеэр

8 хувийн хүүтэй зээл хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч үргэлжилнэ гэж Ерөнхий сайд хэлээд иргэдээс гарч буй асуудал, гомдол саналыг хүлээж авах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ойрын хугацаанд ажлаа тайлагнана гэлээ. 

Шатахууны үнийн өсөлтийг хязгаарласан, мөн 50 төгрөгөөр хямдруулсан. Нэмж өсгөхгүй, барих бодлогыг Засгийн газар хэрэгжүүлсэн. Үнэ өсөх болон шатахууны хомсдол бий болохгүй гэдгийг Ерөнхий сайд мэдэгдлээ.

Валютын ханшийн түр зуурын өсөлтийн үеэр гадаадаас импортолдог цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг барааны үнэнд өөрчлөлт гарсан. Ийм тохиолдолд нөөц бүтээгдэхүүн бий болгох, нөөцөөсөө нийлүүлэлт хийж үнийн өсөлтийг тогтвортой байлгах арга хэмжээ авч эхэлсэн. Ийм савалгаатай үед нөөцөөсөө нийлүүлэлт хийх замаар үнийн өсөлтийг сааруулах чиглэл барьж ажиллана гэлээ.

“Эрдэнэс Оюутолгой” компанийн Монголын талын гүйцэтгэх захирал болон ТУЗ-ын гурван гишүүнийг өөрчилсөн. Энэ баг энэ бямба гаригт Лондон явна. Рио Тинтотой яриа хэлэлцээ хийнэ. Гүний уурхайд нэмэлт хөрөнгө оруулалт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй ирнэ. Оюутолгойн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн төлөө Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа гэлээ