Арьс ширний үйлдвэрлэлд боловсон хүчин дутагдалтай байна
Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны эдлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Гэрэлт-Од
2013.09.26

Арьс ширний үйлдвэрлэлд боловсон хүчин дутагдалтай байна

Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны эдлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Гэрэлт-Одтой ярилцав.

- Арьс ширийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудал юу байна?

Нэг үе бодвол үйлдвэрлэгчийн ур чадвар сайн болсон. Энэ салбарт ажиллах боловсон хүчин хэрэгтэй байна. Байгаа хэдэн мэргэжилтнүүд нь үйлдвэрүүдэд тараад шинэ үйлдвэрлэл бий болох үед боловсон хүчний дутагдалтай байна.

Энэ чиглэлийн сургалтын төв гэж байхгүй. Үйлдвэрүүд бүгд ажилчдаа өөрсдөө сургаж авдаг. Гэтэл сүүлийн үед залуучууд уул уурхай болон бусад салбарт ажиллах сонирхолтой байна. Үйлдвэрлэх хүчин чадал зах зээл байгаа хэрнээ ажиллах боловсон хүчин их дутагдалтай байна.

Манай боловсруулах үйлдвэр чадваржиж, хүчин чадал сайжирч байна. Мөн дотоодын хэрэгцээнд гоёлын арьс, ширэн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Улсаас арьс, ширний салбарыг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч маш удаашралтай байна.

- Боловсон хүчнээ олшруулахын тулд яавал дээр бэ?

Үйлдвэрүүд, мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдтэй хамтран сургалт явуулж үйлдвэрүүдийн хэрэгцээтэй байгаа ажлын байранд тохирсон боловсон хүчин бэлдэж нийлүүлдэг байх хэрэгтэй. Хоорондоо холбогдож чадах юм бол ажлын байр байгаа. Энэ салбар маань өөрөө их сонирхолтой хөнгөн үйлдвэрийн салбар шүү дээ. Хүнд хүчир ажил  хийдэггүй.

- Арьс ширэн бүтээгдэхүүний зах зээл хэр байна?

Түүхий эд худалдан авч байгаа статистик

Зах зээл маш хангалттай байгаа гэж хэлж болно. Жишээ нь Монголд жилдээ 9 сая гутлын хэрэгцээ байгаа. Монголын үйлдвэрүүд үүнээс нэг сая-ыг нь л хийж хэрэглэгчдэд нийлүүлдэг. Тэгэхээр маш их зах зээл байгаа нь харагдаж байна.

- Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжээд төрөөс 200 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ дэмжлэг болж чадсан болов уу?

Засгийн газраас бондын хөрөнгөөр дэмжлэг үзүүлэхээр баталсан. Гэхдээ одоогоор өгөөгүй байгаа. Бондын дэмжлэгээр өөрсдийн үйлдвэрлэлийг шинэ шатанд аваачих, дээшлүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлсэн байгууллага, аж ахуй нэгж компани нилээн байгаа.

- Арьс ширний боловсруулах үйлдвэрт химийн найрлага их ашигладаг. Үйлдвэрлэгчдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна?

Арьс ширний үйлдвэрлэл хөгжих шатандаа байгаа. Тиймээс боловсруулах үйлдвэрүүд нь ямар технологийн шаардлага, стандартыг баримтлах ёстойгоо мөрдөж ажилладаг. Гадаад дотоодын томоохон үйлдвэрийн туршлагыг судлан хамтран ажиллаж, технологийг оруулахад нээлттэй байгаа.

Үйлдвэрлэгчид өнөөг хүртэл засгийн газрын дэмжлэгийг авч байгаагүй. Өөрсдийн хөдөлмөрөөр бизнесээ өргөжүүлж ирсэн. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй.

- Экспортоор гаргахад дэмжлэг хэр байна?

Жижиг дунд үйлдвэрийг том үйлдвэрийн хэмжээнд сайжруулж шийдсэний дараа гадаад зах зээлийг ярих хэрэгтэй. Гэхдээ манай үйлдвэрлэгчид бага гэлтгүй Хятад, Япон, ОХУ руу хувиараа экспорт хийж гаргадаг.