Н.Удвал: Ургийн гажиг хөгжил нэмэгдэж байна
Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” ярилцлагын цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцлоо.
-Эрүүл мэндийн салбарыг хариуцаж аваад жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд та юу амжуулав?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийг Эрүүл мэндийн яам хариуцан хэрэгжүүлж байгаа. Энэ дотроо монгол хүн эх орондоо орчин үеийн эмчилгээ оношилгоог авдаг болох боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх, иргэдийнхээ эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эмзэг бүлгийн иргэдийнхээ эрүүл мэндийн эрхийг хамгаалах гэсэн таван гол зорилготойгоор үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн.
Эрүүл мэндийн салбарт суурь шинэчлэл хийгдсэнээр мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бол ажил маань үр дүн өгөхгүй нөхцөл байдал бий. Тиймд эрүүл мэндийн суурь шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн. Бодит ажлуудаасаа хэлэхэд эмзэг бүлгийн худалдан авах чадваргүй, бүртгэлгүй, эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа хүмүүсийг урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнд хамруулсан.
Мөн манай хүн амын дунд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал онцгой ач холбогдолтой анхаарал хандуулахуйц, үндэсний аюулгүй байдлын түвшинд очих хэмжээнд байгаа. Тиймээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон авч үзэж, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөртэй болж, үзлэг эмчилгээнд хамруулсан. Эрэгтэйчүүдийн эмч нарыг бэлтгэх, аймаг орон нутагт эрэгтэйчүүдийн кабинетийг байгуулах шийдвэр гаргасан гээд олон ажлууд хийгдсэн.
-Эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалт ямар байна вэ?
-Эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалт, төсөвлөлтийн асуудал нилээн доголдолтой явж ирсэн. Энэ жилийн хувьд өнгөрсөн Засгийн газрын үед өргөн барьсан төсөв дээр ажиллаж байна. Одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарт он дамжин хэрэгжиж буй, ашиглалтад орох хугацаанаасаа өнгөрсөн 26 барилга байгаа.
Энэ асуудлаар гэрээлэгч компаниудтай уулзаж ярилцсан. Эрүүл мэндийн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын шалгалтыг хийлгэн ажлын хэсэг гаргаж гэрээг нь дүгнэлээ. Тэгээд долоон гүйцэтгэгч компанийг хуулийн байгууллагад шилжүүлж байна. 10-аад компанид хугацаатай үүрэг өгч, үлдсэн компаниудад Эрүүл мэндийн яамнаас тодорхой дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэсэн шийдэлд хүрсэн.
Эрүүл мэндийн салбарын барилгын хөрөнгө оруулалт дээр төсөвт өртөгтөө үйл ажиллагаагаа хийж чаддаггүй, хугацаа алддаг, эргээд төсөвт өртөгтэйгөө тэнцэх хэмжээний санхүүжилт шаарддаг асуудал олон барилга дээр гарч байгаа.
-Эх, нярайн эндэгдлийн асуудал дээр Эрүүл мэндийн яамнаас ямар бодлого барьж ажиллаж байна. Яах ёстой юм бол?
-Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд эх, нярайн эндэгдэл буурсан. Хоног болоогүй нас баралт, эмнэлгийн нас баралт буурсан. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотод эхийн эндэгдэл өндөр байна. Мөн хүүхдийн эндэгдэл, хоног болоогүй эндэгдэл нэмэгдсэн.
Сүүлийн үед хүүхдийн эрүүл мэндэд гарч буй нэг томоохон өөрчлөлт бол ургийн гажиг хөгжил. Амьсгалын замын цочмог халдварт өвчин, суулгалт өвчин хүүхдийн нас баралтын гол шалтгаан байсан бол одоо эмчилж чаддаг болсон.
Эрүүл мэндийн салбарт суурь шинэчлэл хийгдсэнээр мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бол ажил маань үр дүн өгөхгүй нөхцөл байдал бий.
“Хүүхдийн өвчний цогц менежмент” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ийм үр дүнд хүрсэн. Хүн амын дунд байгаа хоол хүнсний аюулгүй байдал, агаар, хөрсний бохирдол, усны чанар, эмийн өндөр хэрэглээ, вирусын халдварууд, өвчлөлтэй холбоотойгоор эх доторх халдвараар өвчилж, төрөхдөө халдвартай төрдөг.
Бас хүүхдийн гажиг хөгжил нэмэгдэж байгаа. Тиймд Эхийг хэвлийд байхад нь ургийн гажиг хөгжлийг оношлох технологийг нэвтрүүлэхээр Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулан энэ ондоо багтааж, төвөө байгуулах гэж байна.
-Эмч нар улсын эмнэлэгт ажилдаг хэрнээ хувийн эмнэлэгтэй байдаг. Үүнийг байлгах ёсгүй гэсэн журам гарсан ч өнөөдрийг хүртэл ажилласаар л байна. Энэ асуудлыг таслан зогсоохын тулд яах ёстой вэ?
-Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд давхар хөдөлмөр эрхлэлтийг хорьж, хоёр эмнэлэгт давхар ажиллаж буй эмч нарын судалгааг гаргуулсан.