О.Жавхлан: Ажлын явц 70 хувьтай барилгыг зээлд хамруулмаар байна
“Алтан трейд” ХХК-ийн борлуулалтын менежер О.Жавхлан
2013.09.23

О.Жавхлан: Ажлын явц 70 хувьтай барилгыг зээлд хамруулмаар байна

“Алтан трейд” ХХК-ийн борлуулалтын менежер О.Жавхлантай барилгын салбарын хөгжилд тулгарч буй саад бэрхшээлийн талаар ярилцлаа. 

-Танай компани орон сууц барихад ямар асуудал тулгамдаж байна вэ?

Манайх одоо 140 айлын европын загварын орон сууц бариад дуусч байна. Энэ барилга зуун хувийн цутгамал барилга.  Гол давуу тал нь гал тогооны зохион байгуулалт болон өрөө юм. Төвийн шугамд холбогдох, цэвэр бохир дулааны шийдчихсэн. Асуудал хүндрэлтэй биш боловч шат шатандаа бага зэрэг удаашралтай байсан.

-Барилгын салбарт ажиллаж буй хүний хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна?

Төр бодлогоор долларын ханшийг барих хэрэгтэй. Долларын өсөлтөөс шалтгаалж барилгын материалын үнэ нэмэгдээд хүндрэл үүссэн. Инфляциа шийдчихвэл ард иргэдийн нуруун дээр ачаа ирэхгүй. Өөрсдийн хөрөнгөөр байртай болох боломжтой. Бас найман хувийн хүүтэй зээлийг ордер нь гарсан шинэ барилга гэж ангилмааргүй байна. Биднийг дэмжээд өгвөл цаашдын хотхон бүтээн байгуулалтдаа хурдан орж чадна.

Сүүлийн үед иргэд  найман хувийн зээлд хамрагдах боломжтой барилга руу ихээхэн хошуурч байгаа нь үнэ өсгөж байна. Тиймээс барилгын ажлын явц 70-аас дээш хувьтай байгаа барилгыг найман хувийн зээлд хамруулвал их сайн байна.

-Танай компани барилгын материалыг хаанаас оруулж ирдэг вэ. Үүнд ямар чанар стандартыг баримталж байна?

Бид дотооддоо нэр хүндтэй “Билгүүн трэйд” бетон зуурмагны компанитай хамтран ажилладаг. Сан техникийн хувьд европ стандартыг баримталж “Салхивч Мандах тех” компанитай ажиллаж байгаа. Дотоодын компани болон европ стандартыг хослуулан  ашиглаж байна. Бид ихэнхи бүтээгдэхүүнээ импортоор авдаг.

-Яагаад дотоодын материалыг сонгохгүй байгаа юм бэ?

Яг одоогоор дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаж чаддаггүй. Европ стандартын хэв маяг загварыг гүйцэхгүй байгаа учир импортын бүтээгдэхүүнийг сонгож байна.

Импортын бүтээгдэхүүний угсралтад маш их чадвар шаарддаг.

-Монголын барилгын салбарын боловсон хүчний талаар ямар бодолтой байдаг вэ?

Барилга угсралтын хувьд гэрээгээр хятадуудыг ажиллуулж байна. Хятад ажилчид илүү хурдан бас аливаа ажлыг цэвэрхэн хийдэг. Бусад боловсон хүчин хангалттай байгаа. Гэвч валютын өөрчлөлтөөс хамаарч ажилчдын цалин өндөр болсон. Үүнийг дагаад байрны үнэ өсч байна. Тиймээс нэг хэсэгтээ байрны үнэ буурахгүй. Барилгын чанарын асуудалд 1-3 жилийн хугацаанд ашиглалтыг хариуцах талаар тусгасан байдаг.