Chris MacDougall : МУ эдийн засгаа байгалийн жамаар өсгөх хэрэгтэй
Монголын эдийн засгийн өсөлтийг энэ жил өмнөх жилийн 12.3 хувиасаа хоёр дахин буурч 5-6 хувь байна хэмээн “Mongolian Investment Banking Group” /MIBG/ таамагласан байна.
2013.09.24

Chris MacDougall : МУ эдийн засгаа байгалийн жамаар өсгөх хэрэгтэй

Энэ сарын 23-нд Монголын бизнесийн зөвлөлийн ээлжит уулзалт боллоо. Тус зөвлөл таван жилийн өмнө байгуулагдсан бөгөөд өдгөө 265 гишүүн байгууллагатай болж, өргөжжээ.

Сар бүрийн уулзалтын эхэнд шинэ гишүүн компанийг танилцуулах уламжлалтай. Энэ үеэр Английн уул уурхайн Milestone GPR-ийг танилцуулав. Тус компани нь олон улсын бизнесийн салбарт өргөн цар хүрээтэй үйл ажиллагаатай явуулдаг ажээ.

Уулзалт бүрт монгол улсын эдийн засаг, нийгмийн орчны хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг танилцуулдаг учир энэ удаа “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал болон цаашдын ирээдүй”-н талаар Монголын хөрөнгө оруулалтын банкны удирдах гишүүн Chris MacDougall сонирхолтой илтгэл тавив.

Түүний зүгээс валютын ханшийн чангарал, уул уурхайн хөрөнгө оруулалтын сулрал он дуустал үргэлжилнэ хэмээсэн. Гадны хөрөнгө оруулалт энэ онд 43 хувиар буурсан учраас засгийн газар хөрөнгө оруулалтын хуулийг даруй баталж, шинээр хөрөнгө оруулалт таатай орчноо бүрдүүлэх хэрэгтэй гэв. Хууль эрх зүйн орчин нь арав, хорин жилийн баталгаагаа даах ёстой. Түүнчлэн татвартай холбоотойгоор эдийн засгийн хөшүүрэг бий болгох нь зөв алхам гэсэн юм. Энэ аргыг Австрали, Канад зэрэг орнууд хэрэглэдэг ажээ.

Хуулиа батласнаар шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж байхгүй. Цаг хугацаа хэрэгтэй бөгөөд бусад хүчин зүйл нөлөөлнө. Тэгэхээр монголд юу хэрэгтэй вэ. Эдийн засгаа байгалийн жамаар нь өсгөх боломж олгох хэрэгтэй гэдгийг Chris MacDougall илтгэлдээ онцолсон юм.

Түүний дараа МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Японд хийсэн айлчлалын талаарх мэдээллийг Японы элчин сайдын яамны ажилтан танилцуулсан.