УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.09.06

С.Ганбаатар: Улстөрчид юу ч мэддэггүй мөртлөө хэтэрхий мэдэмхийрдэг

UBS телевизийн Студи-4 ярилцлагын цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.

-“Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай хуулийн талаар?

-Энэ хуулийг найман гишүүн хамтран өргөн барьж байна. Харамсалтай нь хаврын чуулганаар оруулж чадаагүй. Одоо намрын чуулганаар оруулна. Хууль батлагдсанаар хүүхдүүд 100 хувь цэцэрлэгийн үйлчилгээнд хамрагдана. Энэ бол халамжийн бодлого биш ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж буй бодлого.

Өнөөдөр монголын нийгмийн хамгийн дарагдмал, дуу хоолойгүй, хамгийн өөрийнхөө төлөө дуугарч чаддаггүй, орлогогүй, хамгийн өрөвдмөөр хэсгийн тухай хуулийг бид гаргаж байна. 80 мянган хүүхэд гэртээ байна гэдэг харамсалтай зүйл. Нөгөөтэйгүүр үндсэн хуулиа зөрчиж буй явдал.

Цэцэрлэгт хамрагддаг хүүхэд улсаас жилд сая дөрвөн зуун мянган төгрөг авдаг. Гэтэл цэцэрлэгт явахгүй дээрээс нь ямар ч санхүүжилт авахгүй байна гэдэг буруу. Өнөөдөр тооцоогоор доод тал нь 650 цэцэрлэг яаралтай хэрэгтэй байгаа. Бид нэг их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж байж цэцэрлэгээ барилгажуулна.

Үүний оронд тэг төгрөг зараад цэцэрлэг ажиллуулчих, цэцэрлэгийн барилга байгууламжтай хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүд хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх ёстой. Тэгвэл улсаас багш нарын цалин, хүүхдийн хоолны мөнгө, дулаан цахилгааных нь мөнгийг шилжүүлье гэж байгаа.

-Гадаад хөрөнгө оруулалт өмнөх оноос 40 хувиар буурсан албан ёсны мэдээг Засгийн газраас өгч байна. Эдийн засагч хүний хувьд яаж харж байна вэ?

-Дэлхийн эдийн засаг ер нь удаашралтай байгаа. Зөвхөн Рио Тинто ч биш манай монголын уул уурхайн томоохон компаниуд хүмүүсээ сул зогсолт хийлгээд, удаашраад явж байгаа. Энэ болгоныг өөрийн давуу тал болгон,

монголын Засгийн газрын гарыг мушгиж, гэрээнд өөрчлөлт оруулах гэж байгаа нь жудаггүй асуудал. Гадны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын хуулиас үргээд байна уу, муу хөрөнгө оруулагчид үргээд байна уу, юм хийх гээд үргээд байна уу гэдэгт анхаарах ёстой.

-Хөрөнгө оруулалт болгон ашигтай байж чадах уу?

-Хөрөнгө оруулалт бүр ашигтай биш. Тэр дундаа зээл зуучлал хамгийн аюултай. Манайд хөрөнгө оруулалт нэрээр зээл зуучлаад байна уу. Бодит хөрөнгө оруулалт хаана хийгдэж байгааг ярих ёстой.

-Оюутолгойн ТУЗ-д байгаа монголын талын гурван гишүүнээ өөрчиллөө. Энэ тал дээр таны байр суурь?

-Тэр гурван хүн эх орныхоо төлөө хүчтэй дуугарч байсан. Тэд аймар муу хэрэгжүүлэх байсан зүйлийг гайгүй муу хэрэгжүүлсэн л гэж хэлнэ. Чөдөрлөсөн, тушсан маш хэцүү нөхцөлд, маш арчаагүй гэрээг хэрэгжүүлэх гэж хичээсэн. Харин Рио Тинто дэндүү дураараа байна. Тэнд хэн байх, хэн удирдахыг тэд шийдээд байгаа юм болов уу гэж санаа зовж байна.

-Энэ сарын 16-нд ээлжит бус чуулганаар гол нь хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэхээр болсон. Энэ хуулийг батлахад гишүүд хэр нямбай хандаж чадах бол?

-УИХ-ын гишүүн гэдэг иргэдийг төлөөлөх ёстой болохоос, өөрийгөө, нам, фракциа төлөөлөх ёсгүй. Иргэдтэйгээ санал бодлоо хуваалцаж юу бодож байгаагаа нээлттэй хэлэх үүрэгтэй.

Улстөрчид мэдэхгүйгээ мэддэггүй нь бидний харамсалтай тал.

Хөрөнгө оруулалтын тухай хуулин дээр яг одоогийн хийх зүйл гэвэл хөрөнгө оруулалтын талаар монголдоо хамгийн мэргэшсэн, урдаа барьдаг, итгэчихээр хөндлөнгийн шинжээч, эрдэмтдийн дүгнэлт хаана байна.

Улстөрчид хөрөнгө оруулалтын талаар эрдэмтэд шиг сэтгэлийн хөөрлөөр ярьж болохгүй. Хэдхэн сарын өмнө гаргасан зүйлээ үгүйсгэж байгаа нь хууль зохиогчид ямар ч хуулийн мэдлэггүй судалгаагүй хийсэн гэсэн үг. Бие даасан шинжээч, эрдэмтдийн дүгнэлтгүйгээр юм хийж болохгүй.

-Монгол улсыг ямар ирээдүй хүлээж байна. бид хаашаа явж байна вэ?

-Монголын ирээдүй үнэхээр сайхан, гэрэл гэгээтэй байгаа. Бид тэрэндээ хурдан хүрмээр байна.