Худалдааны сургуулийн МСҮТ-д суралцвал ажлын байр бэлэн байна
Зах зээлийн эхэн үед нийгэм, санхүү, хуульч мэргэжлээр сурч боловсрохыг нэн түрүүнд тавьдаг байсан одоо зах зээлд нэн шаардлагатай мэргэшсэн мэргэжлийн ажилтан шаардлагатай байна.
Энэ ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль төгсөгчид маань ч энэ зах зээлээ мэдэрч эрэлттэй мэргэжил эзэмших хүсэл эрмэлзэлтэй болж ирээдүйгээ баталгаажуулж эхлээд байна.
Богино хугацаанд зах зээлд эрэлттэй мэргэжлийг эзэмших боломж зөвхөн Мэргэжил, сургалт үйлдвэрийн төвд байна. Засгийн газраас ч МСҮТ-үүдийг дэмжин ажиллаж байгаа. Худалдааны чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулан зүтгэж буй байгууллагуудын нэг бол МУИС-ийн Худалдааны сургуулийн МСҮТ юм. Тус төв 2013-2014 оны хичээлийн жилийн нээлтээ хийлээ.
Тэтгэлэг авна дээр нь зах зээлд эрэлттэй мэргэжлийг богино хугацаанд сурах боломжтойг залуус аль хэдийнэ ойлгожээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тус сургуулийн багш оюутнуудад хандан цахим мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ яамны газрын дарга, мэргэжилтнүүд ирж шинэ элсэгчидтэй уулзан хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, мэргэжилтэй ажилтны давуу тал, сургалтын талаар мэдээлэл өгөв. Мөн үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэдэг сургуулиудаа цаашид ч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Хөдөлмөрийн яаманд аж ахуйн нэгжээс захиалгат ажлын байрны санал хүргүүлж, боловсон хүчнийг захиалгаар бэлтгэдэг болсон. Өнгөрсөн жилээс яамны захиалгат богино хугацааны сургалт эхлүүлсэн нь чухал ач холбогдолтой болохыг тус МСҮТ-ийн удирдлагууд онцлон тэмдэглэж байлаа. Тус төв нь чадварлаг мэргэжилтнүүдийг зах зээлд нийлүүлэх зорилтын хүрээнд төсөл хэрэгжүүлээд ажиллаж байна.
Тэтгэлэг авна дээр нь зах зээлд эрэлттэй мэргэжлийг богино хугацаанд сурах боломжтойг залуус аль хэдийнэ ойлгожээ. Бүр алс холын Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгаас зорин ирсэн байна.
Элсэгчид тогооч, худалдаа хангамжийн нярав, зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан, нарийн бичгийн дарга, компьютерийн оператор, бүртгэл тооцооны ажилтан, нарийн боовчин, борлуулалтын ажилтан гэсэн долоон мэргэжлээс сонгох боломжтой. 25 хүүхдээр нэг анги дүүргэж, сургалтын ажиллагаа явуулдаг юм байна.
Тус төвд ерөнхий боловсролын сургуулийн XI ангийн төгсөгчид болон сургууль төгсөөд олон жил болсон хүмүүс ч суралцах боломжтой.
Сүүлийн жилүүдэд худалдаа, үйлчилгээний салбар эрчимтэй хөгжиж буйгаас энэ төрлийн байгууллагууд нэмэгдэж ажиллах боловсон хүчин эрэлттэй байдаг болжээ. Тиймээс Худалдааны сургуулийн МСҮТ-ийн төгсөгчид зах зээлд хүрэлцдэггүй байна.