Д.Дамба: Төр эрсдлийг үүрэхийн оронд хяналтаа сайжруулаад татвараа сайн авах хэрэгтэй
МУУҮА-ын ерөнхийлөгч Д.Дамба
2013.08.28

Д.Дамба: Төр эрсдлийг үүрэхийн оронд хяналтаа сайжруулаад татвараа сайн авах хэрэгтэй

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай уул уурхайн салбарын асуудлаар ярилцлаа.

-Ассоциаци үйл ажиллагаа явуулж эхэлснээр энэ салбарын хөгжилд ямар хувь нэмэр оруулав?

-Уул уурхайн хөгжлийн 90 жилийн дэргэд манай ассоциацийн үүх түүх бага л даа. Гэхдээ бид их үүрэг гүйцэтгэсэн гэж боддог юм. Тухайлбал, Монголын уул уурхайн салбарт хувийн хэвшлийг хөгжүүлэх асуудалд түлхүү анхаарч, тэдний эрх ашгийг хамгаалж, төр, засагтай холбож өгч байгаад ассоциацийн гол ач холбогдол оршиж байгаа юм. Нөгөө талаас манай ассоциаци Монголд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйл ажиллагааг анх санаачилсан. Энэ ажил олон түмний дэмжлэгийг авч нэлээд амжилттай явж байна. Бид “Хариуцлагатай уул уурхайн төлөөх санаачлага” гэж төрийн бус байгууллага байгуулсан.

Энэ байгууллага гурван талын оролцоотой. Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм гэсэн. Энэ гурван тал тэнцүү эрхтэй. Өөр нэг зүйл нь Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн явдал. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монголыг олон орон таниж мэдсэн. Сүүлийн хуралд 1500 гаруй төлөөлөгч оролцсоны тал нь гадны төлөөлөгчид байсан.

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ассоциацийн зүгээс ямар үүрэг гүйцэтгэв. Тулгамдаж буй ямар асуудал байна?

-Яг өнөөдрийн хувьд хууль, эрх зүйн орчин. Шинээр батлагдах гэж буй Ашигт малтмалын тухай хууль яаж батлагдах вэ гэдгээс Монголын уул уурхайн салбарын хөгжил шууд хамаарна. Гагцхүү зөв гольдрилоор явуулах хууль эрх зүйн орчин бүрдвэл цаашид маш хурдацтай хөгжих суурь тавигдсан. Тэгэхээр энэ, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль эрх зүйн актуудаа тогтвортой мөрдөх явдал юм. Хоёр гурван жил болоод л өөрчлөөд байх нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хохиролтой байдаг.

Нөгөө нэг зүйл нь татварын бодлого. Салбарын эдийн засгийн гол хөшүүрэг нь татварын бодлого байдаг. Өнөөдөр Оюу Толгойн төрийн эзэмшлийн хувийг 34 гээд тогтчихсон зүйлийг өөрчилж одоо 51 болгоно гэж байна. Энэ бол ерөөсөө бодлого биш, бүлэг хүмүүсийн явуулга. Оюу Толгойгоос ард түмэнд яаж ашиг хүртээх вэ гэхээр татварын бодлогоор. Татвараа сайн авдаг, татвараа тодорхой болгодог, татварынхаа бодлогоор зарим үйл ажиллагааг дэмждэг байж л явахаас биш төрийн эзэмшлийн хувь их, бага байх нь тийм ч чухал зүйл биш. Монголын Засгийн газар 51 хувиа эзэмшлээ гэж бодьё. Гэтэл хэдэн жилийн дараа зэсийн үнэ уначихвал яах вэ. Хамгийн их эрсдлийг бид л үүрнэ. Уул уурхай гэдэг эрсдэл ихтэй салбар шүү дээ.

Тэр эрсдлийг төр үүрэх хэрэггүй. Түүний оронд хяналтаа сайжруулаад татвараа сайн аваад сууж байх хэрэгтэй. Одоо бас Тавантолгойн ордыг 100 хувь төрийн мэдэл дор ашиглах гээд л байна. Энэ нь тийм ч зөв зүйтэй алхам биш. Тодорхой хэмжээний хувийн хэвшлийг оруулаад харьцуулаад үзэх хэрэгтэй. Монголыг олон жил нуруун дээрээ үүрч авч яваа Эрдэнэт үйлдвэр байна. Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний өөрийн өртөг өндөр. Үүнийг багасгах боломж бий юу гэвэл бий. Гэтэл яагаад багасахгүй байна вэ гэвэл төрийн мэдэлд байгаатай холбоотой. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтны шахааны бизнес тэнд явж байдаг.

Өмнөговь аймгийн жирийн иргэдэд өөрсдийн гараар хийсэн бараа бүтээгдэхүүнээ Оюу Толгой, Таван толгойд нийлүүлэх боломж нээгдсэн. Өнгөрсөн жил болсон “Mine Tech” үзэсгэлэнд Өмнөговь аймгаас бүхэл бүтэн баг ирж өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан.

Тэнд жирийн иргэн өөрийн хийсэн бараа бүтээгдэхүүн юм уу оруулж ирсэн тоног төхөөрөмжийг нийлүүлэх бололцоо боломж байхгүй. Үндсэндээ тэнд зах зээлийн үндсэн зарчим болох сонгон шалгаруулалт явагддаггүй л байхгүй юу. Тэгэхэд Оюу Толгой өнөөдөр 1000 гаруй харилцагч, ханган нийлүүлэгчтэй. Түүний 70, 80 гаруй хувь нь Монголын компани, аж ахуйн нэгжүүд. Тэгэхээр бид цаашид тэр аж ахуйн нэгжүүдийн тоо хэмжээг нэмэгдүүлэх тал дээр л ажиллах ёстой. Бид энэ асуудлаар өнгөрсөн жил Өмнөговь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтыг төр, засгийн тодорхой байгууллагын хүмүүс, уул уурхайн томоохон компаниудын ханган нийлүүлэгчидтэй хамтран зохион байгуулж, тэдэнтэй санал солилцон харилцан санамж бичиг үйлдсэн.

Үүний үр дүнд Өмнөговь аймгийн жирийн иргэдэд өөрсдийн гараар хийсэн бараа бүтээгдэхүүнээ Оюу Толгой, Таван толгойд нийлүүлэх боломж нээгдсэн. Өнгөрсөн жил болсон “Mine Tech” үзэсгэлэнд Өмнөговь аймгаас бүхэл бүтэн баг ирж өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан. Дан ганц машин техник, тоног төхөөрөмж биш сүү цагаан идээ, гар урлал, бээлий хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл тавигдсан. Тэгэхээр томоохон компаниудын ханган нийлүүлэлтийг энэ мэтчилэн явуулбал уул уурхайн үр өгөөж эндээс л гарч буй юм. Ийм бодлого баримтлах нь монголчуудад ашигтай шүү дээ. Түүнээс биш төр эзэмшлийн хувиа нэмснээр ард түмэнд тийм амар ашиг наалдахгүй. Төрийн өмчтэй байгаагүй биш байж үзсэн. Энэ 90 жилийн 70 гаруйд нь төрийн өмчтэй явж ирсэн. Гэтэл хөгжсөн юм алга л байна. Ингээд эцэст нь хувьчилсан.

-Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэгчид олширч өрсөлдөөн нэмэгдсэн гэсэн. Манай улс аль хавьд нь явна вэ. Хойд хөрш ч бас нүүрс нийлүүлж эхэлсэн гэсэн?

-ОХУ Хятадад нүүрс нийлүүлдэггүй байсан. Саяхнаас нүүрс экспортолж эхэллээ. Энэ бол зах зээлийн чөлөөт өрсөлдөөн. Бид яалтай билээ. Зах зээлийн жам, бизнесийн зарчмаараа явахаас өөр арга байхгүй.

Оросууд Хятадад нүүрс нийлүүлж байгаа нь манай нүүрсний экспортод ихээхэн дарамт ирж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл манайд өрсөлдөгч гарч ирлээ. Тэгэхээр бид амгалан тайван суугаад байлгүй төр засаг нь ч, хувийн хэвшил нь тэр өрсөлдөх чадвараа хадгалж үлдэх талаар ажиллах ёстой.

Наад зах нь жишээлбэл оросууд нэг тонн нүүрсээ 50 ам.доллараар өгч байвал бид 49 ам.доллараар өгч байж өрсөлдөөнд ялна шүү дээ. Орос улс нүүрсний асар их нөөцтэй тул манай том өрсөлддөг ч байх үндэслэлтэй. Яагаад гэвэл Хятадтай хоёр талаар маш өргөн нутаг дэвсгэрээр хиллэдэг.

-Уул уурхай гэхээр байгаль орчин, нөхөн сэргээлт дагаж хөндөгддөг. Одоо нөөц нь дуусч хаагдаж байгаа уурхай хэр олон байдаг юм бол. Ялангуяа нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийн талаар ямар бодлого баримталж байна вэ?

-Нөхөн сэргээлтийн асуудал нэлээд яригддаг болсон. Урьд нь төр засаг энэ талаар анхаарал муу, аж ахуйн нэгжүүд ч хариуцлагагүй байлаа. Энэ зуунд байгаль экологийн асуудалд дэлхий нийтээрээ анхаарч байна. Гэхдээ уул уурхайгаа боомилоод бай гэсэн үг биш.

Хэт их туйлширч уул уурхай байгаль орчин сүйтгэлээ гэх нь эргээд улс орны эдийн засагт муугаар нөлөөлж байгаа жишээ олон. Тухайлбал ой, усны тухай "урт нэртэй" хууль. Энэ хуулиар маш олон уурхай хаагдаж, лиценз цуцлагдсан. Эцсийн эцэст үүнээс ашиг гарсан уу гэвэл гараагүй. Ялангуяа алтны хаагдсан уурхайд тодорхой хэмжээний нөөц үлдсэн.

Үүнийг нь хувиараа алт олборлогч "нинжа" нар орж нөгөө байгаль орчныг бүр илүү сүйтгэж нөхөн сэргээлт хийхэд замбараагүй болгоод орхилоо. Тэгэхээр тэр хуулийг гаргахдаа уг асуудлыг нь давхар шийдэх ёстой байсан юм. Олон жил ашигласан уурхайнуудад өндөр шаардлага тавиад үлдсэн нөөцийг нь ашиглуулсан бол арай өөр байхсан гэж бодож байна.

Ер нь, нинжа нарын тоог л өсгөсөн. Яг хэдэн уурхай хаагдах эсэхийг мэдэхгүй. шороон ордууд нөөц бага байдаг тул дээд тал нь 10 жил ашиглаад дуусдаг. Нөхөн сэргээлтээ хийгээд хүлээлгэж өгсөн нь бий. Бас дутуу ашиглаад зэрэмдэглээд орхисон газар байгаа. Үүнд нь нинжа нар ороод сүйтгээд орхисон уурхай ч байдаг. Жишээ нь, Төв аймгийн Заамар, Өвөрхангайд ийм газар олон.

-Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлоготой болно гэж байгаа. Үүнд аж ахуйн нэгжүүдээс санал авсан уу?

-Энэ бодлогыг олон жил ярилаа. Манай төр засаг их удаан ажилладаг. Аль эрт хэдэн жилийн өмнө л шийдчих байсан юм. Үүнээс болоод уул уурхайн үйлдвэрлэл замбараагүй, бүтээгдэхүүний арилжаа нь нэгдсэн бодлогогүй, байгаль орчин нөхөн сэргээлт хоцрогдсон, хаягдсан гээд олон сөрөг үр дагавар гарсан.

Тиймээс нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай юм. Бодлого боловсруулаад Засгийн газар, УИХ-д өгсөн. Үүнд УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа.Удахгүй, энэ намрын чуулганаар хэлэлцэгдэж батлагдах байх. Аль болох хурдан батлагдаж байж уул уурхайн салбарын цаашдын ажил тодорхой болно.

Биднээс санал авсан. Ийм бодлоготой болж байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ ямар бодлого гарч ирэх вэ гэдэг нь чухал. Нөгөө ой, усны тухай "урт нэртэй" хууль шиг улам дордуулах зүйл гарвал хэрэггүй юм. Тэгснээс бодлогогүй байсан дээр.

Үнэхээр сайн чамбай, зөв бодлого гарвал ард түмэн, улс орон, уул уурхайнханд хэрэгтэй шүү дээ. Манайхны зарим нь бодлогын баримт бичиг гэхээр хууль, журам ч юм шиг зүйл яриад байдаг. Ийм нарийн зүйл тусгавал бодлого биш болно. Бодлого гэдэг нь ерөнхий зарчим юм.