Д.Галсандорж: Эрдэнэтийн хэлэлцээ “Их өр”-ийг ашигтайгаар шийдэхэд нөлөөлжээ
Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж
2013.08.28

Д.Галсандорж: Эрдэнэтийн хэлэлцээ “Их өр”-ийг ашигтайгаар шийдэхэд нөлөөлжээ

Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, уул уурхайн зөвлөх инженер, профессор Д.Галсандоржтой ярилцлаа.

Тэрээр Эрдэнэтийн үйлдвэрийн хэлэлцээрүүдийг Оросын талтай тохиролцох, Эрдэнэт үйлдвэрийн нэг, хоёрдугаар ээлжийн барилга байгууламжийг барьж байгуулахад оролцож, Эрдэнэт үйлдвэрийн Лондон дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан хүн юм.

-Эрдэнэт үйлдвэрийн анхны хэлэлцээрийг яг хэдэн онд ямар түвшинд хийж байсан бэ?

-Эрдэнэтийн иж бүрэн үйлдвэрийг байгуулах анхны хэлэлцээрийг 1973 онд онд байгуулсан. БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газрын хэмжээнд гарын үсэг зурсан тэр үеийн томоохон хэлэлцээр л дээ.

Уг хэлэлцээрт Эрдэнэтийн орд газрыг эзэмших, тухайлбал зэс молибдены орд газрын геологи хайгуулын ажлыг хийж гүйцэтгэх, ил уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн барилга байгууламжуудыг барих, хөрөнгийг хэрхэн санхүүжүүлэх, авсан зээлийг бүтээгдэхүүнээр яаж төлөх зэрэг олон чухал асуудлыг тусгасан.

Энэ хэлэлцээрийг үндэслэн Эрдэнэтийн ордыг эзэмших зураг төслийг хэд хэдэн үе шаттай хийсэн. Эхний үе шатанд нь техник эдийн засгийн үндэслэл, дараа нь Эрдэнэт үйлдвэр барих техникийн зураг төсөл хийгдсэн.

Тэгээд ил уурхай, баяжуулах үйлдвэр барих ажлын зураг төсөл хийгдэж байлаа. Энэ гурван зураг төслийг тэр үеийн Улсын төлөвлөгөөний комисс баталсан юм. Төлөвлөгөөний комиссын даргаар нь Ерөнхий сайд асан Д.Содном гуай ажиллаж байсан.

Засгийн газар, Улсын төлөвлөгөөний комиссын шийдвэр, удирдамжийн дагуу ЗСБНХУ-ын талтай Эрдэнэтийн хэлэлцээрийг тохиролцох асуудлыг БНМАУ-ын Сайдын нарын Зөвлөлийн дэргэдэх Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо хариуцан ажилласан.

-Эрдэнэтийн анхны хэлэлцээрт манай талын 50 хувийн хөрөнгө оруулалтыг хэрхэн яаж шийдэж байсан бэ?

-ЗСБНХУ 595 сая шилжих рубльтэй тэнцэх хөнгөлөлттэй зээл олгосноос өөрийн талд ноогдох 50 хувийг хүүгүй, Монголын талд ноогдох 297.5 сая шилжих рублийн урт хугацааны зээлийг жилийн хоёр хувийн хүүтэй олгосон. Энэ зээлийг 20 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс экспортлох зэсийн баяжмалаар төлөхөөр хэлэлцээрт тусгасан юм.

-Дараахан нь Эрдэнэт үйлдвэрийн шинэ хэлэлцээрийг 1991 онд хийж Монголын талын хувь хэмжээг 51 хувь болгосон. Ямар үндэслэлээр Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг тавьж байсан бэ?

-Энэ хэлэлцээрийг хийх үед Эрдэнэт үйлдвэр бүрэн хүчин чадлаа нэмэгдүүлж ил уурхай болон баяжуулах үйлдвэрийн техник технологийн шинэчлэлтийг үе шаттай хийж байсан. Манай улс зах зээлд шилжсэн үе. ЗСБНХУ ч ялгаагүй энэ замыг сонгосон шүү дээ. Эрдэнэт үйлдвэр жилд 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байсан юм.

Энэ хэлэлцээрт үйлдвэрийн дүрмийн санг шинэчлэн тогтоож, Монголын талаас оруулсан хувь оролцоонд үйлдвэрийн үндсэн хөрөнгөөс гадна геологи хайгуулын ажлын зардал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уурхайн эдэлбэр газрын төлбөр, усны нөөц ашигласны хураамжийг хамтран тохирсон аргачлал, тарифаар оруулж тооцохоор болсон.

-Энэ хэлэлцээрийг их амжилттай болсон гэж эдийн засагчид үздэг. Хэлэлцээрийг яг ямар процедураар явуулж байсан бэ. Засгийн газар, УИХ-ын болон улс төрийн оролцоо нөлөө хэр байв?

-Хэлэлцээ хийхэд Засгийн газар, Их хурал шууд оролцдоггүй байсан. Эрдэнэт үйлдвэрийн шинэ хэлэлцээр байгуулах ажлыг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан яамдын ажлын хэсэг хийсэн. Тэр үед геологи, уул уурхайн асуудлыг Үйлдвэр худалдааны яам хариуцдаг байсан юм. Энэ яамны асуудал хариуцаж байсан газрын дарга гэдгээрээ миний бие ажлын хэсэгт ажиллаж байлаа.

Эрдэнэт үйлдвэрийн хэлэлцээ “Их өр"-ийм хэлэлцээг нааштай хийж дуусгахад эерэгээр нөлөөлсөн.

Ажлын хэсэгт багтсан хүмүүс бүгдээрээ хамтарсан үйлдвэрийн асуудлыг сайн мэддэг хүмүүс байсан л даа. Ажлын хэсэг эхлээд хэлэлцээр хийх удирдамжаа Засгийн газарт оруулж батлуулсан. Удирдамжид хоёр талын хувь хэмжээг хэрхэн тооцох, ой, усны төлбөр, нөөц ашигласны төлбөр авах зэрэг олон асуудлыг багтаасан.

Үйлдвэр худалдааны сайдаар ахлуулсан ажлын хэсгийн дэргэд экспертийн групп гэж мэргэжлийн баг ажилласан юм. Энэ багт Эрдэнэтийн анхны хэлэлцээрийг байгуулахад оролцож байсан Сангийн сайд асан Бямбажав, уул уурхайн яаманд газрын дарга асан Балжинням, Төрийн өмчийн хорооны тасгийн даргаар ажиллаж байсан Хонгор зэрэг хүмүүс багтаж байлаа.

Экспертийн группийн гол үүрэг бол Монголын талын хувь дээр нарийвчлан тооцоо судалгаа хийх, түрүүний ярьсан төлбөрүүдийг тооцох үндэслэлийг гаргах байсан. Эрдэнэт үйлдвэр зээлээ бүтээгдэхүүнээрээ төлсөн байсан л даа. Ингээд экспертийн групп саналаа гаргасан. Оросын талтай зөвхөн хоёр талын эзэмших хувь хэмжээ яг хэд байх, нөөц ашигласны төлбөрийг хичнээнээр тооцох зэрэг хэдхэн асуудлыг сайдын түвшинд ярьсан.

-Монголын тал энэ хэлэлцээрт хувь хэмжээгээ хэвээр хадгалах гэсэн нэлээд том асуудлыг оруулсан. Ямар нэг үл ойлголцол гарч байсан уу?

-Гарч байсан. Экспертийн групп бүх тооцоог гаргаж ирсэн юм. Бид баяжмалаа социализмын үед шилжих рублиэр зарж байгаад 1991 оноос хойш ам.доллараар зарж эхэлсэн. Тухайн үед зарж байсан баяжмалын үнэлгээг олон улсын зах зээлийн үнэтэй харьцуулахаас эхлээд тооцох асуудал нэлээд гарсан. Тэгж тооцоод үзэхээр манай талын хувь хэмжээ 51-ээс илүү гарсан юм.

Тэр үеийн Ашигт малтмалын шинэ хуулийн хүрээнд нөөц ашигласны төлбөрийн тооцоо хийсэн. Мэдээж Оросын талтай олон удаа янз бүрийн түвшинд ярилцсан. Гэхдээ анхны хэлэлцээр, түүний хэрэгжилтийн асуудлыг анхнаас нь мэддэг, мэргэжлийн хүмүүс ажлын хэсэг болон экспертийн группт оролцож хэлэлцээ хийж байсан учраас тайлбар, үндэслэлээ маш үндэслэлтэй тавьсан л даа.

Тийм ч учраас хэлэлцээр амжилттай болсон гэж боддог. Энэ хэлэлцээрээр “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийг Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу ажиллах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгон өөрчилсөн юм. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр татварын ямар нэг хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээ больсон.

Мөн төвлөрсөн болон орон нутгийн төсөвт гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монголд мөрдөж байгаа татварын хуулийн дагуу төлдөг Монголын хуулийн этгээд болсон. Ийм тохиролцоонд хүрч чадсан учраас “Эрдэнэт” эдийн засагт бодитой нөлөө үзүүлж эхэлсэн.

-Та түрүүн “Монголын тал Эрдэнэт үйлдвэрийн 51-ээс илүү хувь хэмжээг эзэмших тооцоо гарч байсан” гэж ярилаа. Яг хэчнээн хувь эзэмших тооцоо гарч байсан бэ?

-Монголын талын эзэмших хувь хэмжээ лав л 51-ээс нэлээд их байх тооцоо гарч байсан. Тоог нь нарийн хэлээд яахав. Яг тэр хэлэлцээртэй хамт ЗСБНХУ-аас Монголд 1921-1990 онд олгосон “Их өр”-ийг тэглэх хэлэлцээр давхар явж байсан юм.

Тухайн үед “Их өр”-ийн хэлэлцээр дээр ажиллаж байсан албаны хүмүүс ярилцаад “Их өр”-ийг 90 хувь хүртэл хөнгөлүүлэхээр болсон байсан. Гэтэл тэр үед нь Эрдэнэт үйлдвэрийн эзэмших хувь хэмжээний асуудлыг тавьсан юм. Эцэст нь Оросын тал Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын хувийг хувиар хэвээр хадгалахыг зөвшөөрч, “Их өр’’-ийг 97 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан юм.

-Тэгэхээр Эрдэнэтийн хувь хэмжээний асуудал “Их өр” дээр илүү хэмжээгээр хөнгөлөлт эдлэхэд нөлөөлсөн гэсэн үг үү?

-Эрдэнэт үйлдвэрийн хэлэлцээ “Их өр"-ийм хэлэлцээг нааштай хийж дуусгахад эерэгээр нөлөөлсөн.

-Хоёр дахь Эрдэнэт гэгддэг Оюу толгойн ордыг ашиглах тал дээр мэргэжилтнүүдийн биш улс төрийн оролцоо их байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад мэргэжлийн хүмүүсийн оролцоо хэр байсан гэж та боддог вэ?

-Оюу толгойн хэлэлцээрийг Эрдэс баялаг эрчим хүчний болон Сангийн сайдуудын түвшинд хийсэн. Гурван сайдын гарын үсэг зурсан гэрээ. Харин уул уурхай сайн хөгжсөн Чили улсад хөрөнгө оруулалтын гэрээг зөвхөн Сангийн сайд нь Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурдаг. Эрдэс баялгийн яамны түвшинд ажлын хэсэг гарсан ч тэр ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүсийг түлхүү оруулаагүй.

Оюу толгойн ордыг эзэмших техник эдийн засгийн үндэслэлийг хянан батлахад ч оролцоо бага байсан. Хэлэлцээр хийх үйл явцад ч ороогүй. Тэр үеийн уул уурхайн салбарыг хариуцаж байсан сайд англи, хятад хэлний мэргэжилтэн хүн байсан. Тэр утгаараа Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийг сайдын түвшинд хийсэн.

Уул уурхайн төслийн аливаа хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулах хүн ашигт малтмалын хуулиа төгс мэддэг байхаас гадна геологи, уул уурхай, эрдсийн олон улсын худалдааг хэрхэн ямар нөхцөлөөр хийгддэг, хөрөнгө оруулалтыг яаж босгох, ямар нөхцөлтэй зээл авах, бүтээгдэхүүнээр хэрхэн эргэн төлөх зэрэг асуудлыг мэдэж байх учиртай л даа.

-Энэ хэлэлцээрийг монголчуудад өгөөж багатай гэсэн хэр нь яг ямар заалтууд дээр алдаатай юм бэ гэдэг дээр тодорхой тайлбар хэлж чадахгүй байгаа. Мэргэжлийн хүний тань хувьд асуухад жишээ нь бид юун дээр алдчихаад байна вэ?

-Бид хөрөнгө оруулагчид 30 жилийн татварын тогтвортой байдлын баталгаа гаргасан. Олон улсын туршлагаар татварын тогтворжуулалтыг нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын татвар, импортын татвар болон нэмүү өртгийн орлогын татвар гэсэн дөрвөн татвар дээр хийдэг.

Бид хөрөнгө оруулагчид 30 жилийн татварын тогтвортой байдлын баталгаа гаргасан.

Хөрөнгө оруулалтын гэрээг уул уурхай өндөр хөгжиж байгаа Чили, Индонези зэрэг зарим улс орнуудад хийдэг. Тэдгээр орнуудад хөрөнгө оруулагчдад дээрх дөрвөн төрлийн татварыг тогтворжуулдаг. Харамсалтай нь манай улсыг төлөөлж гэрээ хийсэн сайд нар хөрөнгө оруулалтын олон улсын туршлагыг сайтар судлаагүй.

Дээрх дөрвөн татвар дээр нэмж байнга өөрчлөгдөх төлбөрүүд, тухайлбал хайгуул, ашиглалтын лицензийн төлбөр,үндсэн хөрөнгийн орлогын татварыг одоогийн байгаа хэмжээнд нь 30 жил тогтворжуулсан. Мөн өсөн нэмэгдсэн нөөц ашигласны төлбөр авахаар тохиролцоогүй. Одоо зэсийн үнэ 6000 ам.доллараас дээш байвал Эрдэнэт үйлдвэр 10-13 хувийн өсөн нэмэгдсэн нөөц ашигласны төлбөр төлж байна.

-Эрдэнэс МГЛ, Эрдэнэт Оюу толгой, Эрдэнэс Таван толгой гээд стратегийн орд газрууддаа менежмент хийж байгаа энэ бүтэц хэр оновчтой вэ?

-Уул уурхай өндөр хөгжсөн орнуудын туршлагаас харахад уул уурхайн томоохон төслүүдтэй холбоотой асуудлыг мэргэжлийн төрийн яам нь хариуцдаг. Манайх шиг ийм бүтэц дэлхийн ямар ч улсад байхгүй. Эрдэс баялгийн яам гэж байхад 2006 онд “Эрдэнэс МГЛ” гэдэг төрийн өмчит компани байгуулагдсан.

Гэтэл энэ компанид уул уурхайн мэргэжлийн хүмүүс цөөхөн. Дан улс төрийн томилгоогоор явж байна. “Эрдэнэс Оюу толгой”-д гэхэд яг уул уурхайн гэвэл ганц нэг хүн л бий байх. Оюу толгой гэдэг үндэстэн дамнасан том корпорацитай хамтран төсөл хэрэгжүүлэх, хэлэлцээ хийх санал боловсруулах, зөвлөмж бэлтгэх түвшний мэргэжилтэн бол байхгүй.

Оюу толгойн дараа Цагаан суварга гээд зэсийн том ордыг аж ахуйн эргэлтэд оруулах бэлтгэл хийгдэж байна. Тэгэхээр энэ бүтцийг боловсронгуй болгож чадваржуулахгүй бол ашиг багатай, муу гэрээ цаашид ч хийгдэх эрсдэлтэй.