МАН-ынхан дүрэмдээ өөрчлөлт оруулахаар санал авч  байна
Тусгаар тогтнолын ордон
2013.08.28

МАН-ынхан дүрэмдээ өөрчлөлт оруулахаар санал авч байна

МАН-ын Бага хурал энэ сарын 5-нд болж Их хурлынхаа товыг тогтоосон. Тэд ирэх аравдугаар сарын 27-нд болох Их хурлаасаа өмнө намын дүрмийн өөрчлөлтөө бэлэн болгохоор ажилдаа хэдийнэ оржээ.

Тус намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Бага хурлаасаа хойш нэг удаа хуралдаж, намынхаа дүрэмд чухам ямар өөрчлөлт оруулах талаар гишүүдийнхээ саналыг хэрхэн авах тухай ярилцсан аж.

Энэ ажлын хүрээнд дүрэмд өөрчлөлт оруулах асуудлаар улс төр судлаач болон гишүүдийнхээ саналыг авч байгаагаас гадна бусад орны намуудын дүрмийг судалж буй гэнэ.

"Шинэчилье" хорооныхон Их хурлаа зохион байгуулах болон дүрмээ өөрчлөх ажлын хэсэгт ажиллаж байна.

"Шинэчилье" хорооныхон намынхаа Удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ хамтран Их хурлаа зохион байгуулах болон дүрмээ өөрчлөх ажлын хэсэгт ажиллаж байгаа. Тиймээс тэд хөдөө, орон нутагт ажиллаж, дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хийж буй аж.

Одоогийн байдлаар тус хорооныхон Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган аймагт ажиллаад иржээ.

Орон нутагт байгаа намынхаа гишүүдтэй уулзаж, дүрэмдээ чухам ямар өөрчлөлт оруулах эсэх, намдаа ямар шинэчлэл хийх, цаашлаад улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаад байгаа асуудалд Ардын нам хэрхэн хандах ёстой тухай санал солилцсон аж.

Мөн тэд зүүн аймгуудаар явж намынхаа гишүүд сонгогчдын саналыг авч судалсны дараа дүрэмд өөрчлөлт оруулах саналыг эцсийн байдлаар гаргах юм байна.